Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

2020           01          20                                    2020/ШЦТ/57   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Л.Мажигсүрэн /томилолтоор/,

Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 1909042221481 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, “Амжа принтинг” ХХК-нд эх бэлтгэгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тахилтын 4 гудамж 125 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 189 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” нэртэй нийтийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж шилэн аяга шидэж насанд хүрээгүй хохирогч Д.Дагдандоржийн эрүүл мэндэд зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, зүүн зулайн урагдал, зүүн зулайн хуйханд шарх, чихний дэлбэ, хүзүүнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909042221481 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 21:00 цагийн үед Хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр явж байгаад үсийг нь засдаг байсан Мөнхбаатартай тааралдсан. Мөнхбаатар тухайн үед нэг найзтайгаа явж байсан. Бид гурав Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын тэнд “Өлзий” нэртэй нийтийн караокены 2 давхарт орсон. Бид 3 нэг шил архи, хүний нэг нэг шил пиво уусан. Би пивоноос нь уугаагүй, бид гурав архи хувааж уугаад нилээд халсан. Бид нарын сууж байсан караоkе нэг ширээ гурван дуу дуулаад дараагийн ширээнд микрофон шилжүүлж өгөх журамтай байсан. Тэр караокед манай ширээнээс гадна 1 ширээ байсан. Бид нарыг сууж байхад манай ширээний дуу бүтэн явахгүй, дараагийн ширээнд микрофон булаалцалдаж маргалдсан. Тэр үед караокены зөөгч хохирогч Дагдандорж ирээд надаас микрофоныг булааж аваад хажуу ширээний залуучуудад өгсөн. Би хажуу ширээний залуучуудтай маргалдаж байгаад зөөгчийн сууж байсан текний хажууд нь очоод уурандаа текэн дээр байсан пивоны  бакал  аваад хажуу  ширээний залуучуудын сууж байсан зүгт шал руу нь шидэхэд зөөгч Дагдандорж оногдсон. Дагдандорж толгойгоо бариад надтай хэрүүл  маргаан хийсэн. Надтай хамт явж байсан Мөнхбаатар ирээд намайг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

   Насанд хүрээгүй хохирогч Д.Дагдандорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 00 цагийн өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Өлзийт” төв гэх караокед зөөгчөөр түр ажиллах гэж очсон. 3 дугаар ширээнд 1 үл таних эмэгтэй болон 2 үл таних эрэгтэй сууж байсан. Тэдний дууг нь хийгээд номыг нь нөгөө талын ширээнд шилжүүлсэн. Тухайн үедээ 3 дугаар ширээнийх нь дуугаа дуулчихаад нөгөө талын хүмүүс дуугаа хийгээд дуулж эхэлсэн. Тэгсэн чинь 3 дугаар ширээнд сууж байсан үл таних эмэгтэй нөгөө хүмүүстэй микрофон булаацалдаад 2 дугаар ширээнд сууж байсан үл таних архи уугаагүй эрүүл байсан залуу нь намайг зөөгчөө гэж дуудахаар нь би очсон. “3 дугаар ширээний эмэгтэйг холдуулаад өгөөч, микрофоноо авмаар байна” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд хандаж “эгчээ танай гурван дуу дууссан шүү, одоо эдний дуу явж байна та микрофоноо өгчих” гэж хэлсэн. “Чи манай дууг хийхгүй байж яагаад эдний дууг хийгээд байгаа юм” гээд согтуурхаад микрофоноо өгөхгүй татаад байсан. Би тэр эмэгтэйгийнх нь гараас микрофоныг нь аваад нөгөө талд сууж байсан ширээний хүмүүст дамжуулан өгсөн. Дамжуулж өгөөд эргүүлээд хартал нөгөө хэрүүл хийгээд байсан эмэгтэй ардаас хоёр гараараа түлхсэн. Би түлхүүлээд эргэж хараад “эгчээ та яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй “би энд үйлчлүүлж байгаа хүн чи энд ажилладаг биз дээ үйлчлүүлэгч чинь хаан” гэж хэлэхээр нь “эгчээ би ажлаа хийхээр нь хийлээ шүү дээ” гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй уурлаад над руу дайраад байсан. Удалгүй би текний ширээ рүү орох гэтэл нөгөө эмэгтэй хүрч ирээд цамцнаас зулгаагаад тавихгүй байхаар нь би гарыг нь салгах гэж үзээд болохгүй байсан. Цамцнаас зуураад байхаар нь би тавиулж салгах зорилгоор цамцаа дугтраад татахад нөгөө үл таних эмэгтэй намайг өшиглөсөн. Намайг тек рүү ороод байж байтал ард талаас эхлээд 0.5 литрийн том бакал шил толгой руу шидэх үед нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойход дагз хэсэг маань эхлээд оногдсон. Би толгойндоо оногдсон бакал шилний үүрмэгийг доошоо унагааж байтал дахиад нэг бакал шидсэн. Текний хэсгийг оноод миний хүзүү рүү зоогдоод үлдсэн. Сүүлийн нь намайг оноогүй шал онох шиг болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Гэрч О.Мөнхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд хэсэгт байдаг Өлзийт нэртэй караокед найз эмэгтэй Баасанхүү танил Оюунболд нарын хамт үйлчлүүлэхээр орсон. Баасанхүү хажуу ширээний залуучуудтай микрофон булаацалдаад хэрүүл маргаан болсон. ...Би Баасанхүүг салгах гээд очиход зөөгч залуугийн толгойноос цус гарчихсан Баасанхүүгийн гарнаас барьчихсан тавихгүй байсан. Баасанхүүг салгах гэж байгаад зөөгч залуутай маргалдсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Дариймаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Өлзий төвийн нийтийн караокед зөөгч, барменаар ажилсан. Дагдандорж гэх хүүхэд намайг ажиллах хугацаанд 2-3 удаа ирсэн. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 12 цаг өнгөрч байх үед би караокены 1 давхараас дээшээгээ удирдлага авах гээд хоёр давхарт гарахад зөөгч Дагдандорж нэг танихгүй эмэгтэйтэй зууралдчихсан зогсож байсан. Би Дагдандоржоос юу болсон бэ гээд асуухад Дагдандорж энэ эмэгтэй ширээнийх нь ээлж болоогүй байх үед дуулах гээд караокены удирдлага булаацалдаад байсан. Би тэр эмэгтэйд хандаж “наад зөөгч чинь ажлаа мэдэж байгаа, таны ээлж болохоор та дуулна” гэж хэлсэн. Хажууд нь байсан залуу маргалдахаа болиод цаашаа явсан. Дагдандорж тек рүүгээ орсон. Хэрүүл маргаан дуусчихсан байх үед нөгөө эмэгтэй текэн дээр байсан архины дундаж хэмжээтэй бакал аваад шидсэн. Дараа нь бас газар руу шидсэн. Би тэр эмэгтэйгийн шидсэн эхний шил текэн дээр ойгоод Дагдандоржийг оносон гэж харсан. Тэр эмэгтэй Дагдандоржийн толгойг хагалсан гэдгээ мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Гэрч С.Болорцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Өлзий төвийн гурван давхарын өрөөнөөс караокены өрөөг камераар хянах боломжтой байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 07-ноос 2019 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 00 цаг 20 цагийн үед караокены хяналтын камерыг харахад 2 дугаар давхарын тек рүү гадны хүн орж харагдсан. Намайг караоке заал руу ороход өндөр том биетэй эрэгтэй хүн манай тек рүү орох гээд дайраад байсан. Өндөр залуутай хамт цэнхэр плажтай, дунд эргэм насны эмэгтэй явж байсныг хамтад нь тайвшруулж гарах хэсэг рүү дагуулаад гарсан. Текен дээр цагийн ажилтан Дагдандорж, Дариймаа, өндөр залуутай хамт явж байсан эмэгтэй гурав үлдсэн. Шил хагарах чимээ гарахаар нь эргээд харахад гадны эмэгтэй бакал аваад текен дотор шидсэн. Миний нүдэн дээр тэр эмэгтэй хоёр бакалыг газарт шидсэн. Би тэр эмэгтэйг текнээс татаж холдуулсан. Цагийн ажилтан Дагдандоржийг харахад Дагдандоржийн нүүрнээс цус гарч байсан. Би тухайн үед Дагдандорж эмэгтэйгийн шидсэн бакаланд оногдсон гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, 

 

Иргэний нэхэмжлэгч Д.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би дүү Дагдандоржийг гэмтсэн талаар мэдсэн. Баасанхүү гэх эмэгтэй Дагдандоржийн эмчилгээний бүх зардлыг төлсөн. Манай гэр бүл болон Дагдандоржийн зүгээс ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13571 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1.Д.Дагдандоржийн биед зүүн зулай ясны цөмөрсөн  хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн тархины эдийн  няцрал, хатуу хальсны урагдал, зүүн зулайн хуйханд шарх, чихний дэлбэн, хүзүүнд  зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...цэнхэр платьетай эмэгтэй баруун гараараа текэн дээрээс пивоны бакал авч текэн дотор зогсож байсан эрэгтэй рүү баруун гараараа шидэхэд эрэгтэй бага зэрэг тонгойж толгойны зүүн хойд хэсэгт оногдов. Цэнхэр плажтай эмэгтэй дахин 2 удаа пивоны шил авч текэний шал хэсэгт шидэж хагалаад цааш явав...” гэжээ /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Баасансүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-53 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 56-61 дүгээр хуудас/, гэрч Б.Энхтайваны мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Т.Долгорсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 75 дугаар хуудас/, “Анун” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/, “Амжа принтинг” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь согтууосан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” нэртэй нийтийн караокед “нийтийн караокен микрофонийг дур мэдэн авлаа” хэмээн зөөгчөөр ажиллаж байсан насанд хүрээгүй хохирогч Д.Дагдандоржтой хэрүүл маргаан үүсгэж улмаар түүн рүү шилэн аяга шидэж эрүүл мэндэд “зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, зүүн зулайн урагдал, зүүн зулайн хуйханд шарх, чихний дэлбэ, хүзүүнд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Д.Дагдандоржийн мэдүүлэг, гэрч О.Мөнхбаатар, гэрч Б.Дариймаа, гэрч С.Болорцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13571 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Д.Дагдандоржийн биед хүнд хохирол санаатай учруулснаа хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Дагдандорж, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхөөс “...Баасанхүү нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, миний бие эдгэрч хэвийн болсон...” гэсэн хүсэлт /хх-ийн 69, 75 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Дагдандоржийн биед тархины хүнд гэмтэл учирсан нөхцөл байдлыг харгалзан цаашид эмчилгээ шаардлагатай тохиолдолд гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 8 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдлууд нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогч Д.Дагдандорж, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхөөс цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу С.Бгээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН