| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0043/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 58
2020 01 20 2020/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Т.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Цд холбогдох эрүүгийн 1909038221454 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, “Тэнүүн Огоо” ХХК-нд хэлтсийн дарга ажилтай, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 45 дугаар байрны 42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73/10 дугаар байрны 4 тоотод хохирогч О.Хонгорзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар баруун тохой орчим нэг удаа зүсэх, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд баруун тохойд зүсэгдсэн шарх, баруун шуунд зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73/10 дугаар байрны 4 тоотод хохирогч Г.Шижирбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохих, өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд баруун хөмсөгт шарх, баруун хөмсөг, зовхи, зүүн шанаа, хэлэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чиний дэлбэнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ “...Би Хонгорзултай үерхдэг байсан. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түүний гэрт ороход Хонгорзул Шижирбаттай хамт орондоо нүцгэн байсан. Би Шижирбатаас “эхнэр хүүхэдтэй юу” гэхэд эхнэр 10 настай хүүхэдтэй гэж хэлэхэд миний уур хүрээд хэвтэж байх үед нь Шижирбатын зүүн хацарт 2 удаа цохисон...” гэв.
Эрүүгийн 1909038221454 дугаартай хэргээс:
Хохирогч О.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 11 цагаас 12 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73/10 байр 4 тоотод гэртээ дүү охин Уянга, Шижирбат нарын хамт байхад манай гэрийн хонх дуугарч дүү Уянга тайлж өгсөн. Хуучин найз залуу Цогтсайхан Уянгыг түлхэж орж ирээд юм ярихын зуургүй шууд зодож эхэлсэн. Орж ирээд зурагтны өмнө Шижирбат хэвтэж байхад Цогтсайхан нүүр нүдгүй зодож эхэлсэн. Уянга бид хоёр болиулах гээд “боль” гээд гуйхад Цогтсайхан миний өмссөн хувьцасыг урж тасдаж тэр хоорондоо Уянгын гар утас, Шижирбатын гар утсыг өг гэж аваад миний хувцасыг урсан. Гал тогооны хэсэг буюу тавиур дээр байсан хоёр ширхэг жижиг хутгыг аваад “ална “гээд дайрсан. Би Цогтсайханы урдуур ороод болиулах явцдаа баруун гарын тохойны нугалаас хэсэгтээ жижиг том хоёр зүссэгдсэн. Тэгээд “боль” гэж гуйгаад мөн намайг юу ч өмссөн урах гэж дайраад байсан. Шижирбатыг зодоод нэг бол намайг зодоод байсан. Би эмчилгээний зардал болон ажлын өдрийн орлого, гар утсаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Хохирогч Г.Шижирбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Цогтсайхан орж ирсэн. Би газар хэвтэж байхад миний толгой хэсэгт хөлөөрөө дэвсээд өшиглөсөн. Намайг босох гээд Цогтсайхан гэх залуу миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Би тэр залуугийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй. Цогтсайхан гал тогоо руу очиж хутга авсан. “Намайг эрүүлжүүлэхэд хийлээ” гээд уурлаад байсан. Ална гээд хутга бариад над руу дайраад байсан. Хонгорзул салгах гэж байгаад гараа нэг удаа зүсүүлсэн. Хонгорзулын өмссөн хувцасыг урж байгаа бичлэгээ хийсэн. Хонгорзулыг өөр хувцас өмсөнгүүт өмссөн хувцасыг нь ураад байсан. Намайг хувцасаа тайл гэхэд нь би “үгүй” гэж хэлэхэд хөлөөрөө өшиглөөд байсан. Би толгойны зураг авахуулсан. Мөн эм, тариа авч бариа засалд орж толгойгоо бариулсан. Эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр Шижирбатыг газар хэвтэж байхад нь гараараа нэг удаа зүүн талд нь цохисон. Босч ирээд түлхэхэд нь буцаж Шижирбат дээр очоод зүүн гараараа нэг удаа цохиж гэмтээсэн. Би Хонгорзултай үердэг байсан. Гэрт нь ороход өөр хүнтэй хэвтэж байхыг хараад уур хүрээд маргалдаж бэртэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч Б.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 05-ны өдрийн 12-13 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 73/10-н 4 тоотод гэртээ хуурай эгч Хонгорзул болон түүний найз залуу Шижирбат нарын хамт байсан. Хонх дуугарахаар нь би хаалгаа тайлсан. Цогтсайхан ах ууртай намайг түлхээд орж ирсэн. Тэгээд Шижирбат ахыг Цогтсайхан ах шууд гараараа 2-3 удаа цохисон. Хонгорзул эгчийг босгож ирээд Шижирбат ахыг толгой болон бие хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дээрээс нь дэвссэн. Хонгорзул эгч бид хоёр салгах гээд голоор нь ороход Цогтсайхан ах Хонгорзул эгчийг түлхэж унагасан. Гал тогооны хэсэгт очиж тавиур дээр байсан хар иштэй жижиг хутга аваад Шижирбат ахыг “хэн юм бэ” гэж хэлээд хутгалах гээд дайраад байсан. Хонгорзул эгч уурлаад “чи болиоч” гээд дундуур нь ороод салгах гэтэл Цогтсайхан ах ширээн дээр байсан хар иштэй хутга аваад дайраад байсан. Тэгэхэд Хонгорзул эгчийн гарыг зүссэн. Цогтсайхан ах цагтай гараараа Шижирбат ахыг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-46 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12104 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12105 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5506 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6328 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6329 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...12,5 см урт hyjawu гэсэн бичигтэй хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн эмэгтэй хүний урагдсан жинсэн өмд 1 ширхэг, торон ягаан өнгийн майк зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 47 дугаар хуудас/,
Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 92-94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Цы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 91 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12-13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73/10 дугаар байрны 4 тоотод хохирогч О.Хонгорзул, Г.Шижирбат нарыг хардаж маргалдан улмаар хохирогч Г.Шижирбатын биед хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, баруун хөмсөг, зовхи, зүүн шанаа, хэлэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол, үргэлжлүүлэн хохирогч О.Хонгорзулын биед хутгаар баруун тохой орчим нэг удаа зүсэх, гараараа цохих зэргээр О.Хонгорзулын эрүүл мэндэд нь “баруун тохойд шарх, баруун шуунд зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус бүрт учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Хонгорзул, Г.Шижирбат нарын мэдүүлэг, гэрч Б.Уянгын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12104, №12105 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч О.Хонгорзул, Г.Шижирбат нарын биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн болон хохирогч нарын бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Цы үйлдэл нь “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Т.Цыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч О.Хонгорзул, Г.Шижирбат нараас шүүхэд гаргасан хүсэлтдээ “...хохирол бүрэн төлж барагдуулсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Цыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12,5 см урт hyjawu гэсэн бичигтэй хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн эмэгтэй хүний урагдсан жинсэн өмд 1 ширхэг, торон ягаан өнгийн майк зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Цг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12,5 см урт hyjawu гэсэн бичигтэй хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн эмэгтэй хүний урагдсан жинсэн өмд 1 ширхэг, торон ягаан өнгийн майк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН