| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0070/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 66
2020 01 22 2020/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч С.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1909025720016 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 63 дугаар гудамж 05а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Авто плаза” төвийн зүүн талын уулзвар орчим өөрийн эзэмшлийн 85-50 УНҮ улсын дугаартай “Ниссан тийда” маркийн автомашинаар зорчиж явахдаа хохирогч О.Түмэн-Өлзийтэй зүй бус харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамар, зүүн гарын сарвуу, зүүн хөлний тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дээд уруул, зүүн хөх, зүүн ташаа, зүүн мөр, умдаг, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909025720016 дугаартай хэргээс:
Хохирогч О.Түмэн-Өлзий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ганчимэгийн ажил дээр ортол найзууд нь гээд 2 эмэгтэй, 2 эрэгтэй ирсэн байсан. Танилц гээд танилцахад намайг зоддог залуу Очирбат гээд танилцсан. Би “явлаа” гэж хэлтэл Очирбат гэх залуу “танайх хаана байдаг юм” гэхээр нь би “хороололд байдаг” гэж хэлсэн. Тэгэхэд “зам дагуу юм байна хүргээд өгье, хамт явах уу” гэсэн. Би тэр хоёртой хамт гараад машины ар талын суудалд суусан. Очирбат гэх залуу миний хажууд суусан. Нэг мэдэхэд миний хөхийг базаад байхаар нь “боль” гэж хэлээд гарыг нь түлхсэн. Дахиад миний бэлэг эрхтнийг өмдний гаднаас базсан. Би зөрүүлээд нэг алгадахад миний хамар руу гараараа шууд цохисон. Миний хамарнаас цус гарсан. Нөгөө залуу “цагаан давааны хогийн цэг дээр наадахаа аваачиж хая” гэж хэлсэн. Жолооч нь уулзвараар баруун гар тийш эргэтэл би машины хаалгыг онгойлгоод үсрээд буусан. Үсэрч буухдаа хөлөө гэмтээсэн. Эхлээд намайг алгадсан. Алгадахаар нь би гараараа нүүрээ дартал миний гар руу нүүртэй хамт цохисон. Толгойноос барьж аваад сандал мөргүүлсэн. Хөх, умдаг хоёрыг чанга базсан. Зүүн ташаа, зүүн мөр хэсэг рүү гараараа цохисон. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг дүү Бааскатай уулзаад ажил яриад явж байсан. Фейсбүүкээр танилцаж байсан найз эмэгтэй над руу утсаар яриад “уулзах уу, буудалд ууж байна” гэсэн. Би Бааскагийн хамт буудалд очсон. Нөгөө эмэгтэй өөр нэг эмэгтэйгийн хамт том савтай пиво ууж байсан. Уугаад эхэлж байтал нөгөө хоёр эмэгтэй “миний таньдаг эгч ойрхон байдаг, дуудаад байна очье” гээд бид нар тэр эгчийн газар очсон. Түмэн-Өлзий гараад утсаар яриад бараг нэг цаг болоод орж ирсэн. Тэгээд Түмэн-Өлзий орж ирээд Бааска бид гурав явахаар болоод Бааска машин бариад Түмэн-Өлзий бид ард суугаад явсан. Замдаа Түмэн-Өлзий бид хоёр үнсэлцээд янагласан. Түмэн-Өлзий намайг “боов чинь босохгүй байна” гэхээр нь уур хүрээд түүний нүүр рүү нэг удаа алгадтал хамарнаас нь цус гараад Түмэн-Өлзий “аллаа” гээд орилохоор нь “зайл” гээд түлхсэн. Бааска буу гээд машинаа зогсоотол Түмэн-Өлзий машинаас үсрээд буусан. Түмэн-Өлзийгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад Түмэн-Өлзий 2 лааз пиво, дээлний материал барьсан өөрөө жаахан сэтгэлээр унасан орж ирсэн. Түмэн-Өлзий утсаар яриад гарсны дараа хамт сургалтанд сууж байсан Наранцацрал, Лхагва нар 2 танихгүй эрэгтэй хүнтэй орж ирсэн. Тэд нар манай өрөөнд уусан. Түмэн-Өлзий гаднаас орж ирсэн. Лхагва гэх эмэгтэй тэд нарыг Түмэн-Өлзийтэй танилцуулсан. Түмэн-Өлзий архинаас уугаагүй. Пивоноос хийж өгтөл амсаад өгсөн. Түмэн-Өлзий явлаа гэхэд нөгөө хоёр залуу “зам дагуу юм байна, дөхүүлээд өгье” гээд тэр гурав гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч Н.Баасанжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Юм ярьж сууж байгаад бид нар явахаар болоод Түмэн-Өлзий, Болдбат ах хоёр түрүүлээд гарсан. Би араас нь гартал тэр хоёр үнсэлцээд зогсож байсан. Би машин бариад тэр хоёр хойд талын суудал дээр суусан. Түмэн-Өлзий миний ард суугаад Болдбат ах жолоочийн эсрэг талын арын суудал дээр суусан. Тэр хоёр үнсэлцээд яваад байсан. 100 айлын тэнд ирээд Түмэн-Өлзий Болдбат ахыг “боов чинь босохгүй байна” гэхэд Болдбат ах уурлаад Түмэн-Өлзийг цохисон. Би Авто моллоор ертөнцийн зүгээр хойш эргээд явж байтал Түмэн-Өлзий машинаас үсрээд буусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53 дугаар хуудас/,
Гэрч Б.Очирбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ертөнцийн зүгээр баруун талаар хойш явдаг замаар явж байтал явган хүний зам дээр одоо мэдсэнээр Түмэн-Өлзий гэх эмэгтэй нүүрээ 2 гараараа дараад сууж байсан. Би машинаа зам гаргаж тавьчихаад очтол нүүр нь битүү цус болсон байсан. “Юу болсон бэ” гэхэд “машинтай хоёр залуу намайг дээрэмдчихлээ, машин бариагүй байсан залуу нь миний бэлэн эрхтнийг барь, хөх тэгэхгүй бол хүчинднэ шүү” гээд зодохоор нь би машинаас үсэрсэн” гэж хэлсэн. Би утсаараа цагдаа дуудчихаад дэлгүүрээс ус авч өгсөн. Түмэн-Өлзий нь согтуу архи үнэртэж байсан
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8267 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. О.Түмэн-Өлзийгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамар, зүүн гарын сарвуу, зүүн хөлийн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дээд уруул, зүүн хөх, зүүн ташаа, умдаг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыгн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 56 дугаар хуудас/,
“Лазер мед” эмнэлэгийн Компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 57 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 28-37 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Болдбатаас 190 ширхэг 20000 төгрөг буюу хохирлын мөнгө 3.800.000 төгрөгийг хүлээн авч хохирогчид хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Авто плаза” төвийн зүүн талын уулзвар орчим өөрийн эзэмшлийн 85-50 УНҮ улсын дугаартай “Ниссан тийда” маркийн автомашинаар зорчиж явахдаа хохирогч О.Түмэн-Өлзийтэй зүй бус харьцаж маргалдан түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамар, зүүн гарын сарвуу, зүүн хөлний тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дээд уруул, зүүн хөх, зүүн ташаа, зүүн мөр, умдаг, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг, гэрч Б.Ганчимэг, гэрч Б.Очирбат, гэрч Н.Баасанжав нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8267 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч О.Түмэн-Өлзийгөөс “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 112 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч С.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч С.Бын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хохирогчтой хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бад оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН