Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

2020         01          23                                   2020/ШЦТ/72    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Хохирогч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Ё.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Эд холбогдох эрүүгийн 1909010921235 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1962 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын д-1 гудамж 06 тоотод оршин суух, урьд:

 

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №589/ө дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №455 дугаартай шүүгчийн захирамжаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан,

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ё.Э нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Номуун” амралтын газар иргэн Д.Оюунчимэгийн амарч байсан өрөөндөө мартаж явсан алтан гинж, алтан бөгж зэрэг эд хөрөнгийг хувьдаа авч завшсаны 2.062.500 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би гэр бүлийхэнтэй “Номуун” амралтанд амарсан. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр буцаад хот руу явсан. Би 2019 оны 3 дүгээр сарын 09-ний өдөр шөнө унтахдаа цонхон дээр алтан бөгж болон алтан гинжээ хэлхээд тавьсан байсан. Маргааш өглөө нь цонхны хөшгөө татсан байсан тул хараагүй тэгээд эд зүйлээ мартаад явсан. Гэртээ очоод эд зүйлээ мартсан талаар санаад амралтын газраас асуугаад би өөрийн биеэр буцаад очсон. Эд зүйлээ орхиод явсан нь миний буруу. Хохирол төлөгдөөгүй байгаа тул хурдан хугацаанд барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна…” гэв.

           

Шүүгдэгч Ё.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би уламжлалтын эмч мэргэжилтэй. Би “Номуун” амралтын газарт уламжлалтын эмч болон цэвэрлэгээний ажил хийдэг байсан. 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр буюу баярын өдөр байсан тул хүмүүс ихтэй байсан. Сувилал амрах үед бид бүгд цэвэрлэгээ хийсэн. Амралтын газрын өрөөг цэвэрлээд орны даавууг сэгсрэх үед эд зүйл унасан. Утсанд хэлхээтэй бөгж, гинж байсан. Би тухайн эд зүйлийг амралтын газрын барменд өгөх боломжтой байсан ч кармендаа хийгээд аваад явсан. Би эдгээр зүйлсийг ломбарданд тавьж архи уусан. Буруутай үйлдэлдээ харамсаж байна...” гэв.

 

Эрүүгийн 1909010921235 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ё.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өглөө ажилдаа очоод Ундармаагийн хамт 104 тоот өрөөг цэвэрлэсэн. Би ор дэвсгэрийн даавууг авч сэгсэртэл юм унах шиг болохоор нь харсан. Эмэгтэй хүний бөгж, гинж байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Ундармаа өрөөний нөгөө хэсэгт байсан болохоор намайг анзаараагүй. Би цэвэрлэгээ хийж дуусаад ажлаасаа чөлөө аваад гинжийг нь 7-н буудлын тэнд байдаг ломбарданд тавьсан. Бөгжийг нь зурагтад байдаг ломбарданд тавиад мөнгөөр нь архи уугаад, хоол хүнсний зүйл аваад дуусгасан. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Номуундалай” амралтын газар амрахаар очсон. 2019 оны 3 дугаар сарын 09-ний өглөө нэг давхарт байрлах 104 тоот өрөөнд орж амарсан. Орой нь амрахдаа өрөөний цонхны тавцан дээр 2 бөгж, нэг ширхэг гинжээ тайлж тавьчихаад маргааш өдөр нь 13 цагийн үед хот руу явсан. Гэртээ ирээд бөгж, гинжээ санаад Номуундалай амралтын газар очсон. Камер шүүж үзэхэд гадны хүн ороогүй байна. Та хүүхдүүдийн хамт орж гарч байг бичлэг байна. Мөн хоёр үйлчлэгч орсон байна гэсэн. Гомдолтой байна. Алдсан эд зүйлээ эргүүлж олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр манай амралтын газар Энхтуяа гэх эмэгтэй үйлчлэгчээр ажилд орсон. Энхтуяа нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд өглөө 10 цагаас оройны 17 цаг хүртэл ажиллаж байсан. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй, гар утас нь холбогдохгүй, ирж цалин хөлсөө авахгүй сураггүй байна.  2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай амралтын газрын үйлчлэгч Энхтуяа, Ундармаа нар 104 тоот өрөөнд хамт орж хогийг нь цэвэрлэчихээд гарсан. Түүний дараа Энхтуяа нь дахин 104 тоот өрөө рүү ганцаараа орчихоод гарч яваа  нь хяналтын камерын бичлэгт сайн харагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Ундармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлчлэгч Энхтуяагийн хамт 104 өрөөнд орж хогийг нь уутанд хийгээд гарсан. Энхтуяа тус өрөөн дотор бүр цаашаа явсан эсэхийг мэдэхгүй байна. Бид хоёр 104 тоот өрөөнөөс гараад эсрэг талын өрөө рүү орж хогийг түүж байтал Энхтуяа “уут аваад ирье” гэж хэлээд өрөөнөөс гарч яваад удалгүй орж ирж надад хогийн уут өгчихөөд “би бууж амарлаа” гэж хэлээд яваад өгсөн. Энхтуяа архи согтууруулах ундаа их хэрэглэдэг хүн шиг санагдсан. Надтай хамт ажиллаж байх хугацаандаа нэг мэдэхэд л архи үнэртүүлчихсэн явж байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Монгол алтан бөгж 2 ширхэг, Монгол алтан гинж болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.062.500 /хоёр сая жаран хоёр мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

 

“Сайн” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 76-80 дугаар хуудас/,

 

“Даянбулаг” ХХК-ийн албан тоот /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ё.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд /хх-ийн 49-56 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “яллагдагчаар шилжүүлэн цагдан хорих тухай” 2019/ЦХШЗ/413-ш дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 87-88 дугаар хуудас/, Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №93 дугаартай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ё.Э нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12-13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Номуун” амралтын газрын 104 тоотод иргэн Д.Оюунчимэг үйлчлүүлээд явахдаа тус өрөөнд мартаж явсан 960 сорьцтой алтан гинж 1 ширхэг, алтан бөгж 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг гээгдэл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 2.062.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Оюунчимэгийн мэдүүлэг, гэрч Б.Болормаа, гэрч Л.Ундармаа нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, “Сайн” ломбард барьцаат зээлийн гэрээ, “Даянбулаг” ХХК-ийн албан тоот болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Э нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, улмаар  барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ё.Эг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Оюунчимэгт учирсан 2.062.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол төлөгдөөгүй тул уг хохирлыг шүүгдэгч Ё.Эгаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ё.Эг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ё.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ё.Э нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг эдэлж байгаа нөхцөл байдал байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор /600:8=75 хоног/ тооцож 75 хоногийн хугацаагаар хорих ял дүйцүүлэн ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Ё.Эгийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Ё.Э өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл эдэлж, мөн өдрөөс эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон болох нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №93 дугаар прокурорын зөвшөөрөл, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ЦХШЗ/413-я дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогджээ.   

 

Иймд тэрээр энэ шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хэрэгтээ 45 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар  мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ё.Э бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №531 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ё.Эд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор /600:8=75 хоног/ тооцож, ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэх хэмжээг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Эгийн цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эгаас 2.062.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Оюунчимэгт олгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН