Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

2020         01          24                                   2020/ШЦТ/76    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Сундуй,

Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Л.Цэндсүрэн,

Шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т, Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б нарт холбогдох эрүүгийн 1909016461452 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 эгчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 11 дүгээр хороолол, 16б байр 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 20-55 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг  Цагаанчулуут 28 дугаар гудамж 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэнбүст 5 дугаар хороолол, 13 дугаар байр 53 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 2019 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг баарны үүдэнд иргэн Г.Дүүрэнбаяртай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Т нь согтуурсан үедээ Б.Бтой бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 2019 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг баарны үүдэнд иргэн Б.Түвшинбаттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ А.Ттэй бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 2019 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг баарны үүдэнд иргэн Б.Түвшинбаттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909016461452 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Түвшинбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 2019 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Мийтинг бааранд өөрийн найзуудын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн баарнаас 03 цагийн орчимд гарсан. Баарнаас гараад автобусны буудал дээр такси барих гээд зогсож байхад манай 10 жилийн ангийн хүүхэд болох Чинзориг таарсан. Би Чинзоригтой юм яриад зогсож байсан яг юу ярьсанаа санахгүй байна. Тэгээд маргалдах шиг болсон тэгэхэд Төгөлдөр гэдэг залуу зүүн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Би газар унасан. Баярцогт намайг газар унасан байхад миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Хохиролд 450.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 22 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Дүүрэнбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр найз Түвшинбат, Мөнхгэрэл, Билгүүн, Дандар нарын хамт 00 цагийн үед Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал дээр байдаг Мийтинг бааранд орсон. Бид нар бааранд ороод хүний 2 шил пиво авч уусан. Би бааранд орохоосоо өмнө архи дарс уугаагүй байсан. Шөнийн 02 цагийн үед баарнаас гараад автобусны буудал дээр явж байхад Түвшинбатын таньдаг найзууд нь гээд 10 гаруй залуучуудтай тааралдсан. Хамт явж байсан найзууд нь бид нартай маргалдсан. Тэгээд зодолдоод цагдаа ирээд Дандар, нөгөө талаас хоёр залууг нь баривчлаад аваад явсан. Зодооны үеэр би шар өнгийн күртиктэй байсан. Намайг Улаан эрээн куртиктэй, богино үстэй залуу нь эхэлж цохьсон. Тэгээд араас нь хэд хэдэн залуучууд цохисон. Улаан өнгийн күртиктэй залуу намайг цохихдоо гэмтэл учруулсан. Би тэр залууд цохиулаад хамраа бариад доошоо тонгойсон. Цохиулаад миний хамарнаас цус гарсан. Намайг газарт унатал цохисон. Миний хамар хугарч эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 450.000 төгрөг болсон. Хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эрдэнэтэд хамт сурч байсан найзуудтайгаа уулзсан. Талбайн автобусны буудал дээр Мийтинг баар руу явж байхад Түвшинбаттай тааралдсан. Түвшинбаттай хамт явж байсан хар өнгийн савхин күртиктэй бусдаасаа өндөр залуу нь Чинзориг, Билгүдэй хоёртой маргалдсан. Тэгээд манай найзууд бөөнөөрөө очоод Түвшинбат болон хамт байсан найзуудтай нь маргалдаад байхаар нь би гүйж очоод Түвшинбатын энгэрээс нь татаж аваад дагуулаад автобусны буудал тал руу дагуулаад явсан. Намайг дагуулаад явахад Түвшинбатын Билгүүн гээд найз нь дагаад явах шиг болсон. Тэгээд би Түвшинбатыг “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд баруун талын гараараа Түвшинбатын нүүр хэсэгт нь 1 удаа алгадсан. Би Түвшинбатыг хамгийн эхэлж цохисон бодож байна. Миний араас Түвшинбатыг хэн, яаж цохисныг би хараагүй. Бид нар зодооны дараа хоорондоо ярилцаж байх үед Баярцогт Түвшинбатыг цохиж унагаагаад нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн гэж ярьсан. Түвшинбатыг алгадаад эргээд харахад цагдаа ирээд намайг бариад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр найзуудтайгаа уулзсан. Бид нар караокенээс гараад шөнийн 00 цаг өнгөрч байхад бааранд орохоор Сүхбаатарын талбайн автобусны буудал руу явцгаасан. Намайг таксинаас буухад Чинзориг хуучин ангийнхаа Түвшинбат гээд найзтай муудалцчихсан зогсож байсан. Би Төгөлдөрийн ард явж байхад Төгөлдөр Эрдэнэбаярын араас нь түлхсэн. Түвшинбатыг Төгөлдөр гараараа алгадаад чирээд явсан. Би араас нь очоод Түвшинбатын нүүр хэсэгт зүүн гараараа нэг удаа удаа цохьсон. Тэгээд цагдаа ирж байх шиг болохоор нь зугтаагаад явсан. Би Түвшинбаярыг газар унасан байхад нь хөлөөрөө өшиглөөгүй. Харин шар цамцтай нүүрээ бариад газар доошоо хараад уначихсан байсан залуугийн нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Зодоонд оролцсон Чинзориг, Уламбаяр, Билгүдэй, Эрдэнэбулган, Эрдэнэбаяр гээд Галсан, Хурмаст, Ганбаяр гураваас бусад нь бүгд тааралдсан Түвшинбат болон Түвшинбатын найзуудыг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр өөрийн найз нартайгаа Мийтинг баар орох гээд таксинаас буусан. Тэр үед Чинзориг Түвшинбат руу залгаад “төрсөн өдрийн мэнд хүргээд гаръя” гэж хэлэхэд Булганд байна гэж хэлсэн. Автобусны буудал дээр Чинзориг намайг дуудаад энэ хэн байна гээд Түвшинбатыг заасан. Тэр үед Түвшинбат найз нартайгаа явж байсан. Би Түвшинбаттай юм яриад зогсож байтал Түвшинбатын нэг найз нь над руу дайраад байсан. Тэр үед Эрдэнэбаяр орж ирээд над руу дайраад байсан өндөр биетэй залууг тохойлдсон. Чинзориг Эрдэнэбулган Уламбаяр нар араас орж ирсэн. Би тэр үед өөрийн найз нарыг салгахад Эрдэнэбулган улам дайраад байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбулганыг болиулах гээд Эрдэнэбулгантай маргалдсан. Түвшинбаттай цуг явж байсан шар куртиктэй залуу над дээр ирээд “одоо найз нарыгаа аваад явчих” гэж хэлсэн. Тэгээд салаад байж байтал цагдаа нар ирж байна гэхээр нь бид нар төв номын сан руу зугтаасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Ганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр найзуудтайгаа талбайн урд байдаг Мийтинг баар руу орохоор явж байхдаа шөнийн 01-02 цагийн үед Түвшинбат гээд Эрдэнэт хотод хамт сурч байсан залуутай тааралдсан. Түвшинбат Булган аймагт ирчихсэн байна гэж хэлчихээд талбайн автобусны буудал дээр найзуудтайгаа явж байсан. Билгүдэй, Чинзориг хоёр Түвшинбаттай тааралдаад төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Чинзориг жаахан Түвшинбатад уурласан. Билгүдэйд Түвшинбаттай хамт явж байсан нэг найз нь томроод байсан. Манай найзуудыг бөөнөөрөө зогсож байхад Төгөлдөр бүгдийг нь түлхэж орсон. Чинзориг Билгүдэй рүү томроод байсан Мөнхгэрэлийг цохисон. Түвшинбатыг манай найз Төгөлдөр, Баярцогт хоёр тойроод зогсчихсон байсан. Түвшинбатыг Төгөлдөр, Баярцогт хоёрын нэг нь цохисон байх гэж бодож байна. Зодооны үеэр нэг намхан залуу газарт унаад хэвтчихсэн хажууд нь нэг охин салгах гээд зогсож байсан санагдаж байна. Би яг хэн нь хэнийгээ цохиж зодохыг хараагүй. Уламбаяр, Эрдэнэбаяр, Чинзориг нар Мөнгэрэл гээд залууг цохиж байхыг харсан. Тэр үед манай найз Эрдэнэбулган, Билгүдэй хоёр хоорондоо маргалдаж нэг нэгнийгээ ганц, хоёр удаа цохисон. Эрдэнэбулган, Билгүдэй хоёрыг салгаж байх үед цагдаа нар ирээд Төрмөнх, Төгөлдөр хоёрыг авч явсан. Бид нар цагдааг харчихаад номын сангийн тийшээ зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Чинзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр найзуудын хамт талбайн урд байдаг Мийтинг бааранд орох гээд явж байхдаа талбайн автобусны буудал дээр хамт сурч байсан Түвшинбаттай тааралдсан. Түвшинбаттай хамт явж байсан хар өнгийн күртиктэй өндөр залуу нь манай найз Билгүдэй рүү асаад байсан. Миний араас манай найзуудын нэг нь орж ирээд өндөр залууг түлхээд газар унагасан. Уламбаярыг Мөнхгэрэл гэх залуу зуурчихсан зогсож байхад нь би гүйж очоод Мөнхгэрэлийн цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд эргээд харахад Төрмөнхийг цагдаа барьчихсан болохоор шууд зугтаасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Мөнхгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр найз нарын хамт төрсөн өдөр тэмдэглэхээр 22 цагийн үед талбайн урд байдаг Мийтинг бааранд орсон. Шөнийн 02 цагийн үед баарнаас гарсан. Би найзуудаасаа хамгийн сүүлд гарсан. Найзуудынхаа араас явж байхад  Түвшинбатын найз нь гээд хар өнгийн күртиктэй, дотуураа цагаан өнгийн цамцтай залуу намайг элгэдсэн. Тэгээд бусад нь бөөндөө ирж зодсон. Тэгээд харсан чинь манай найз Дүүрэнбаярын хамар нь хугарчихсан, нил цус болчихсон байсан. Түвшинбат нүүрээ бариад байсан. Түвшинбатын хацар нь хавдчихсан байсан. Би Түвшинбатыг зодсон залуучуудыг одоо харвал танихгүй. Би Түвшинбат, Дүүрэнбаяр хоёрыг зодуулахыг хараагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч А.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед найз нарын хамт талбайн урд байдаг Мийтинг бааранд орсон. Шөнийн 02 цагийн үед баарнаас гарсан. Такси барих гээд талбайн автобусны буудал руу явж байхад хэдэн залуучууд ирээд Түвшинбатыг автобусны буудлын баруун тал руу дагуулаад явсан. Би ганцаараа Түвшинбатын араас юу болсон бэ гээд очсон. би Түвшинбатыг дагуулаад явчихъя гэж хэлсэн. Миний араас нэг залуу нь дайраад ороод ирсэн. Би тэр залуучуудыг танихгүй, одоо харсан ч танихгүй. Нэг харсан чинь манай найз Мөнхгэрэлийг хэдэн залуу хөөчихсөн Түцний хажуу булан руу шахаад өшиглөсөн. Бид нарыг энд тэндгүй өшиглөсөн. Манай найзуудыг тэр залуучууд зодоод байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирж болиулсан. Дүүрэнбаярын хамар нь хугарсан, Түвшинбатын эрүү нь болохоо болчихсон, шанаагаа бариад суугаад байсан. Мөнхгэрэлийн нүд шалбараад хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Уламбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр найзуудтайгаа гадуур явж байгаад 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо талбайн автобусны буудал дээр очсон. Чинзориг хуучин нэг ангид сурч байсан ангийнхаа Түвшинбаттай тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байхад нь ТҮЦ орж тамхи авсан. Намайг ТҮЦ-нээс гараад ирэхэд Түшинбаттай хамт явж байсан найзууд болон манай найзуудын дунд зодоон эхэлчихсэн байсан. Баярцогт Түвшинбатын нүүр хэсэгт нь цохисон. Би очоод Түвшинбатыг салгаад явсан. Түвшинбат бид хоёрын араас Түвшинбатын найз Мөнхгэрэл хүрч ирээд миний мөрөн дээрээс бариад намайг доромжлох маягтай ярихаар нь би Мөнхгэрэлийн хацар хэсэгт нь баруун гараараа цохисон. Чинзориг миний хажуу талаас гүйж ирээд Мөнгэрэлийг хөлөөрөө өшиглөсөн. Яг хаана нь өшиглөсөнийг би хараагүй . Мөнхгэрэл Чинзоригт өшиглүүлээд доошоо газарт суучихсан. Тэгээд эргээд харахад Билгүдэй, Эрдэнэбулган хоёр хоорондоо муудалцчихсан байсан. Тэр хоёрыг салгаад зогсож байхад нэг нь “цагдаа ирж байна” гэж хэлэхээр нь номын сангийн тийшээ явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Галсанбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зүс таних Ганбаяр, Төгөлдөр нартай уулзалдсан. Би одоо Эрдэнэт явчихсан найз Хурмастбаяртай хамт тэр хэдтэй уулзсан. Талбайн автобусны буудал дээр Хурмаст бид хоёр тамхи татаад дуусч байхад Төгөлдөр, Мөнхтөр хоёрыг цагдаа нар аваад явсан. Хурмаст бид хоёр цагдаа нартай уулзаад яасаныг нь асуухад хоёр цагдаа “найзуудаасаа юу болсныг нь асуу, араас цагдаагийн хэлтэс дээр ирээрэй” гэж хэлээд яваад өгсөн. Талбайн автобусны буудал дээр очиход хамт явж байсан хэд бөөнөөр хүмүүстэй зодолдчихсон гэсэн зогсож байсан. Зодоон болсон талаар Хурмаст бид хоёр мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Эрдэнэбулган мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хамт амьдардаг Төгөлдөр, Эрдэнэбаяр, Уламбаяр болон Эрдэнэт хотод хамт төгссөн найзуудтайгаа уулзсан. Мийтинг баар орох гээд явж байгаад талбайн автобусны буудал дээр Түвшинбаттай тааралдсан. Тэр үед Чинзориг эхлээд Түвшинбаттай уулзаад юм яриад зогссон. Түвшинбат болон Түвшинбатын найзуудтай юм яриад зогсож байхад араас нэг нь бид нарыг ханаруулаад түлхсэн. Би урагшаа очоод хар өнгийн савхин күртиктэй өндөр Билгүүн гээд залуугийн нүүр хэсэгт гараараа алгадсан. Түвшинбатыг Төгөлдөр нэг алгадчихаад чирээд явсан. Төгөлдөрөөс өмнө нь Баярцогт, Уламбаяр, Эрдэнэбаяр нар нүүрэнд цохисон. Төгөлдөр Түвшинбатыг нэг алгадчихаад чирээд дагуулаад явсан. Тэр үед Эрдэнэбаяр Мөнхгэрэл гээд залуутай муудалдаад зогсож байхаар нь би Мөнхгэрэлийн хэвлий хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиход газарт унасан. Би цаашаа явж байгаад Билгүдэтэй муудалцсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед найзуудтайгаа уулзалдсан. Бид нар Мийтинг баар орохоор талбайн автобусны буудал руу явсан. Талбайн автобусны буудал дээр очиход Түвшинбат найзуудтайгаа согтуу тааралдсан. Түвшинбаттай Чинзориг уулзсан. Тэгээд манай найзууд араас ирсэн. Түвшинбаттай уулзаад зогсож байхад Түвшинбаттай хамт байсан Билгүүн бид нар руу муухай, муухай хараад үгээр өдөөд байсан. Бид нарыг зогсож байхад миний араас Төгөлдөр түлхэхээр нь би Билгүүн гээд залуугийн цээж хэсэгт нь тохойгоороо тулсан. Тэгээд манай найзууд миний араас зодоон болсон. Би зодооны үеэр Түвшинбатын найз Дандар гээд байгаа залуутай заамдалцаад нэгнийгээ хувцасных нь захаар боолцсон. Тэр үед манай найз Төрмөнх ирж намайг салгасан. Би цагдаа хараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

  

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4116 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Түвшинбатын биед зүүн гайморовын хөндийн урд болон арын ханын цөмөрсөн хугарал, гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4064 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Дүүрэнбаярын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-95 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 80 дугаар хуудас/,  шүүгдэгч Э.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой 4 хуудас баримт, шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт, шүүгдэгч Э.Бгээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Т, Б.Б нар нь бүлэглэн согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 2019 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” баарны үүдэнд иргэн Б.Түвшинбат нар хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар Б.Түвшинбатын нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн гайморовын хөндийн урд болон арын ханын цөмөрсөн хугарал, гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 2019 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг баарны үүдэнд иргэн Г.Дүүрэнбаярыг “маргаан үүсгэлээ” гэж уурлан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, нэг шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

 - Хохирогч Б.Түвшинбат, хохирогч Г.Дүүрэнбаяр нарын мэдүүлэг,

 

- Гэрч М.Ганбаяр, гэрч Г.Чинзориг, гэрч Д.Мөнхгэрэл, гэрч А.Билгүүн, гэрч Э.Уламбаяр, гэрч Б.Галсанбаяр, гэрч Б.Эрдэнэбулган, гэрч Ц.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4116 дугаартай “...Дүгнэлт: 1.Б.Түвшинбатын биед зүүн гайморовын хөндийн урд болон арын ханын цөмөрсөн хугарал, гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4064 дугаартай “...Дүгнэлт: 1.Г.Дүүрэнбаярын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдлүүд нь тус тус нотлогдсон байна.

 

Шүүгдэгч А.Т, Б.Б нар нь Б.Түвшинбатын биед хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нар өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрч нараас хэрэг болсон нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж,  хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т, Б.Б нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Мөн шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.Дүүрэнбаярын биед хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн гэрэл зургийг таньж олсон, гэрч нараас хэрэг болсон нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Т, Б.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Дүүрэнбаяраас “...Хохирол төлбөрөө бүрэн авсан. Цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Түвшинбатаас “...Хохиролд 450.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн хүсэлтээ  илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Т, Б.Б нарыг нэхэмжилсэн баримтаар хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Түвшинбат, Г.Дүүрэнбаяр нар нь өөрт учирсанцаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх, шүүгдэгч А.Т, Б.Б нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгч Э.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Т, Б.Б нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул  тэдгээрийн хувийн байдлыг харгалзан А.Т, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгч А.Т, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Т, Б.Б, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Т, Б.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Т, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тус бүрийг тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Т, Б.Б, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжилсэн баримтаар хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.Т, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг тус бүрт хүлээлгэсүгэй.

 

7. Хохирогч нар нь цаашид гарах өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хохирогч Б.Түвшинбат нь шүүгдэгч А.Т, Б.Б нараас, хохирогч Г.Дүүрэнбаяр нь шүүгдэгч Э.Бгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.Б нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулж болохыг анхааруулсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, Б.Б, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН