| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0084/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 77
2020 01 27 2020/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч Э.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 190943331557 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн “Жасфер” зочид буудалд хүлээн авагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 13а байрны 18 тоотод оршин суух, урьд:
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь П.Төмөрцэцэгийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48В байрны 79 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа Үнэгүй.мн сайтад “Баянзүрх дүүрэгт “Тарвалин” хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Төртүвшингээс 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 5.950.000 төгрөг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909043331557 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Төртүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сард найз охины хамт байр түрээслэхээр түрээсийн байр хайж байсан. Үнэгүй.мн сайтнаас “Баянзүрх дүүрэгт “Тарвалин” хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу тухайн зар дээр байсан 95897373 дугаарын утсаар ярьж холбогдсон. Бямбагэрэл гэдэг хүнтэй тухайн түрээслүүлэх байр буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48В байрны 79 тоотод найз охины хамт очиж уулзсан. Бямбагэрэл нь тухайн байрыг сарын 650.000 төгрөгөөр түрээслүүлнэ. 10 сарын төлбөрийг нь нэг дор авна гэж байсан. Бид нар хоорондоо тохиролцож сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Бямбагэрэлээс “тухайн орон сууц хэний нэр дээр байдаг талаар” асуухад “манай эгч бид хоёр давхар эзэмшдэг, манай эгч одоо гадаадад байгаа учраас би байраа хариуцаж байгаа” гэж хэлж байсан. Байрыг нь түрээслэхээр болж тохиролцоход Бямбагэрэл нь түрээсийн гэрээний эх бэлдчихсэн байсан. Тухайн гэрээний эх хувь дээр нь гарын үсэг зурцгаасан. Би тэр өдөртөө 2.800.000 төгрөгийг Бямбагэрэлийн данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Бямбагэрэлээс байрны түлхүүрийг хүлээж аваад “урьд өдөр хийсэн түрээсийн гэрээгээ нотариатаар баталгаажуулъя” гэж хэлэхэд Бямбагэрэл нь “эхнэр жирэмсэн, яараад байна бие нь өвдсөн, ирэх 7 хоногоос буцаж ирээд гэрээгээ нотариатаар баталгаажуулъя” гэж хэлсэн. Тэр өдөр 2.700.000 төгрөгийг Бямбагэрэлийн данс руу шилжүүлсэн. Эхнэр бид хоёр тэр өдрөө байранд орсон. Үүний дараа 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Бямбагэрэл нь утсаар яриад “үлдэгдэл төлбөрөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь 450.000 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын сүүл үеэр Болор гэдэг эмэгтэй ирээд “түрээсийн мөнгөө өгөөч” гэж хэлсэн. Би гайхаад Бямбагэрэл гэдэг хүнээс тухайн байрыг түрээслэж амьдарч байгаа талаар хэлсэн. Болор гэдэг эмэгтэй нь тухайн байрны жинхэнэ эзэн болох Төмөрцэцэгийн дүү нь байсан. Бямбагэрэл тухайн байрыг түрээсэлдэг байсан юм байна лээ. Нийт 3 удаагийн шилжүүлгээр Бямбагэрэлд нийт 5.950.000 төгрөг өгсөн. Цагдаад хандсанаас хойш өнөөдрийн байдлаар Бямбагэрэл надад 5.140.000 төгрөг буцааж өгсөн. 810.000 төгрөг Бямбагэрэлээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Таравлин хотхоны 48в байрны 79 тоот байрыг 2018 оны 10 дугаар сараас эхлэн 1 жилийн хугацаатай түрээслэн сууж эхэлсэн. 2019 оны 8 дугаар сард би тухайн байрыг түрээслэхээр Үнэгүй.мн сайт дээр зар байршуулсан. Тухайн зарын дагуу Төртүвшин гэдэг залуу 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ирж уулзаад байрыг түрээслэхээр болсон. Би тэр хоёр хүнд тухайн байрыг өөрийнхөө байр гэж хэлсэн. Манай эгч бид хоёрын нэр дээр байдаг байр гэж хэлж итгүүлсэн. Тухайн өдрөө Төртүвшингээс өөрийнхөө дансаар 2.800.000 төгрөгийг авсан. Тэгээд байрны түлхүүрийг өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.700.000 төгрөгийг авсан. Түүний дараа утсаар Төртүвшинтэй яриад 450.000 төгрөгийг авсан. Нийт 5.950.000 төгрөг авсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
“Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Мөнгөн шилжүүлсэн баримт /хх-ийн 12 дугаар хуудас/,
Түрээсийн гэрээ /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч Э.Должинсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай найз залуу Төртүвшин бид хоёр хамт байр түрээслэхээр 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Үнэгүй.мн сайтад байсан зарын дагуу 95897373 дугаарын утас руу залган Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48А байрны 79 тоот байранд очиж уулзсан. Тэгэхэд байрны эзэн Бямбагэрэл гэдэг залуу байсан ба тухайн байраа түрээслүүлнэ гэж байсан. Бямбагэрэл гэдэг залууд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2.800.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.700.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 450.000 төгрөгийг нийт 5.950.000 төгрөгийг Бямбагэрэл гэдэг залууд дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд тухайн байрандаа амьдарч байтал 2019 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр Болор гэх эмэгтэй ирээд “танай байрны эзэн” гэж хэлсэн бөгөөд тэр Бямбагэрэл гэдэг залуу нь тухайн байрыг түрээсэлдэг байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Г.Болор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48В байрны 79 тоот байр нь манай нөхрийн үеэл эгч Төмөрцэцэгийн нэр дээр нь байдаг өөрийнх нь эзэмшлийн байр. Төмөрцэцэг эгч одоогоос 2-3 жилийн өмнө Солонгос улс руу ажил хийхээр явсан . Байраа хүнд түрээслээд түрээсийн мөнгөө өөрөө авдаг. Бямбагэрэл гэдэг залуу анх Төмөрцэцэг эгчийн байранд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орсон. Сарын түрээсийг 500.000 төгрөгөөр тохироод эхний 3 сарын мөнгийг буюу 1.500.000 төгрөгийг бөөнөөр өгч байсан санагдаж байна. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр Төмөрцэцэг эгч над руу яриад “байр түрээсэлж байгаа хүмүүс мөнгөө өгөхгүй байна, очоод үзээч юу болж байна” гэж хэлсэн. Би Төмөрцэцэг эгчийн байранд очиход Бямбагэрэл гэдэг залуу болон түүний эхнэр байхгүй. Байранд хоёр танихгүй хүн нүүж орсон байсан. Байрыг Бямбагэрэл гэдэг хүнээс түрээсэлж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч П.Төмөрцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48В байрны 79 тоот 2 өрөө орон сууцны албан ёсны эзэмшигч юм. Мянгандаш болон Бямбагэрэл нь манай байрыг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түрээсэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 20-ны үеэр шиг санагдаж байна Мянгандаш болон түүний нөхөр Бямбагэрэл нар нь байрны түрээсээ төлөхгүй удаад байсан. Холбогдох гэсэн боловч удаа дараа “төлбөрөө удахгүй хийнэ” гээд Мянгандаш мессеж бичсэн. Тэгээд надад сэжигтэй санагдаад дүү Болорыг очоод “байрыг шалгаж үзээч” гэж хэлсэн. Болор нь “байранд өөр хүмүүс орсон байна, байрыг түрээсэлж” байна гэж хэлсэн. Бямбагэрэл нь байрыг давхар бусдад түрээслээд мөнгийг нь аваад явчихсан байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 25 дугаар хуудас/,
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №355 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45 дугаар хуудас/, гэрч Н.Цагаанцоожийн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь иргэн П.Төмөрцэцэгийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48В байрны 79 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа Үнэгүй.мн сайтад “Баянзүрх дүүрэгт “Тарвалин” хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Төртүвшинд давхар түрээслүүлэх зорилгоор түүнээс 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 5.950.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Төртүшингийн мэдүүлэг, гэрч Э.Должинсүрэн, гэрч Г.Болор, гэрч П.Төмөрцэцэг нарыг мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгө шилжүүлсэн баримт, түрээсийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Э.Б нь “Байр түрээслүүлнэ” гэж Б.Төртүвшинг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар өөртөө шилжүүлүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 5.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Э.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн “түрээсийн байранд амьдрах” гэсэн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Э.Баямбагэрэл нь хохирогчоос авсан мөнгөн хөрөнгийг залилан авах шууд санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэсэн нэг төрлийн нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Бээс хохирлын 5.950.000 төгрөгийг Бямбаагийн Төртүвшингийн Хаан банкны 5246198696 дансанд бэлнээр шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн хохирогч Б.Төртүвшингээс “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэсэн хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Э.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Бг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх тиөлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН