Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2016/07914/И |
Дугаар | 72 |
Огноо | 2016-12-26 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 72
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06226 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Монхан констракшн” ХХК-д холбогдох
Татварын өр 50 283 134 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа
И.Өлзийбаяр
Хариуцагчийн төлөөлөгч Л.Ганбилэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсийн төлөөлөгч Д.Мөнх-Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн тайлбарлахдаа:
“Монхан констракшн” ХХК нь “Барилгыг дуусгах шатны ажил, барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 11 дүгээр сарын 24-нд тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Тус компани нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 24/0002725 , 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 244166 тоот хяналт шалгалтын актнуудын 20 720 500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 27 911 392 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 256 962 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 1 394 280 төгрөгийн татварын өр төлбөрийг 2014 оноос хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэн байна. Хариуцсан Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт хуульд заасны дагуу татвар төлүүлэхээр дараах үйл ажиллагааг явуулсан. Хугацаандаа төлөгдөөгүй татварын өр төлбөрийг төлж барагдуулахыг шаардах тухай “Мэдэгдэх хуудас”-ыг гардуулж, татварын өр төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан. Тус хэлтэст бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банк, Хаан банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан. Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураахаар мөн хуулийн 62.1.2-т заасан “эд хөрөнгө цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаанаас өр төлбөрииг гаргуулах ажиллагааг явуулсан. Татварын Ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т дээрхи ажиллагаа болон шүүхэд нэхэмжлэх ажиллагааг давхардуулан явуулж болно гэж заасан байх тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь 2014 оноос 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны татварыг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь өссөн үнийн дүнгээр гарч байгаа болно. Хариуцагч нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 -д зааснаар тайлагнасан тайлангийн дагуу үүссэн өр төлбөр юм. Хариуцагч нь өөрөө тоон гарын үсэгтэй бөгөөд тайлангийн материалаа өөрөө үзэх боломжтой юм. Үүнээс үзвэл өр хэрхэн үүссэнээ мэдэхгүй гэж буй нь үндэслэлгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь өмнөх актын дагуу үүссэн өртэй давхардаагүй болно. Иймд “Монхан констракшн” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл явуулсан үйл ажиллагаанд холбогдох 50 283 134 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Монхан констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ганбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын манай байгууллагад шалгалтаар тогтоосон гэх хуурамч падаан ашиглан тайлан хийсэн гэсэн үндэслэлээр акт, торгууль гарсны дараа байцаагч нартай уулзаад энэ асуудлыг Улсын мөрдөн байцаах газраар шалгуулах хүсэлт тавьсан боловч үнийн дүн бага байна гээд мөрдөн байцаах газарт өгөхөөс татгалзаж Татварын маргаан таслах зөвлөл рүүгээ шилжүүлсэн болно. Манай байгууллага нь татварын газраас өөр компаниудад олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч, өөр компанийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна. Манай компани дээр давхардуулж акт тавьсныг бид зөвшөөрдөггүй бөгөөд өр авлагууд нь ч давхардаад яваад байна. Хүний өмнөөс өр төлбөр төлөх гээд байна, хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр торгууль тавьсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 256 962 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 1 394 280 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар 2013 оны 8 дугаар сарын 30, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хяналт шалгалтын актын өр 20 720 500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 27 911 392 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 256 962 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 1 394 280 төгрөг, нийт 50 283 134 төгрөгийг хариуцагч “Монхан констракшн” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “Монхан констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 409 365 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Ганбилэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжилсэн татварын өр, акт, торгууль, нөхөн татвар, хүү, алданги нийлээд 50 283 184 төгрөгийг нэмж нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд бүрэн хангасан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьж татварын өршөөлийн тухай хуулийн ямарч заалтыг оруулалгүй шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Манай компанийг “Болор Гоулд” ХХК, “Цэцэгт Рашаан” ХХК, “Далайдорж” ХХК-аас хуурамч НӨАТ-ын падаан авсан гэсэн үндэслэлээр хяналт шалгалт акт торгууль, алданги нөхөн татвар хүү зэргийг тооцож 20 720 500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Эдгээр компаниудын бичиж өгсөн хуурамч гэх НӨАТ-ын баримтаас болж өөр компани, өөр хүний өмнөөс давхар хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн бүхэлд нъ хангасан хэсгийг хянаж хуулийг адил тэгш хэрэглэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Монхан констракшн” ХХК-д холбогдуулж татварын өр 50 283 134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.
Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 256 962 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 1 394 280 төгрөгийн татварын өрийг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 244166 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актаар “Монхан констракшн” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Монгол Улсын Татварын холбогдох хуулиудыг үндэслэл болгон хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3 дахь заалтыг үндэслэн 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын хасагдуулгыг илүү тооцсон 66 590 900 төгрөгийн зөрчилд 6 659 100 төгрөгийн татвар 1 997 000 төгрөгийн торгууль, 579 000 төгрөгийн алданги ногдуулахаар шийдвэрлэжээ.
Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “Монхан констракшн” ХХК-ийн гомдлыг хэлэлцэн дээрх актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч байгууллага уг актад гомдол гаргаагүй, уг акт хүчин төгөлдөр байна.
Хариуцагч “Монхан констракшн” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 27 911 392 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 256 962 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 1 394 280 төгрөгийн татварын өр төлбөрийг 2014 оноос хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэн болох нь Нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлан Татварын тооцооллын жагсаалт, Татварын өрийн тооцоолол /мэдэгдэх хуудасны дугаар 241328140410/03/-ын баримтууд, зэрэг баримтаар тогтоогдож байна
Харин нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 27 911 392 төгрөгийн өр нь өмнөх 244166 болон 24/0002725 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актын дагуу тогтоогдсон өртэй давхцаж байгаа гэх хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Эдгээрээс үзвэл “Монхан констракшн” ХХК-ийн ирүүлсэн тайланг үндэслэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс татвар ногдуулж уг өрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй юм.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Ганбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Монхан констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 552 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО