Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 54

 

             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 
 
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, А-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад  холбогдох 
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч А-н даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” 317 дугаар албан бичгийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус А нь аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн а/132 тоот захирамжаар Булган хангай хороолол /хуучин нисэх буудал/-д албан конторын барилга барих зориулалтаар 6513010177 нэгж талбарын дугаартай 4000м2 газрыг эзэмшдэг.
Аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар А-н эзэмшдэг газрыг хүчингүй болгосон байна. Бид уг захирамжийг гарахаас өмнө учир шалтгаанаа дурдаж газар эзэмших эрхийг 2 жилээр сунгаж өгнө үү гэсэн хүсэлт тайлбарыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан. Захирамж шийдвэрийг манайд гардуулж өгөөгүй.
Захирамж гаргахаас өмнө Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл ирүүлсэн боловч уг мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 27.3-д сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах зүйлийг тусгана. 27.3.1.ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл гэснийг болон 27.3.2., 27.3.3.-д заасан хэлбэр, агуулгын шаардлага хангаагүй, 27.7.-д заасан сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэснийг тус тус зөрчсөн.
А нь жил бүр газар эзэмшүүлэх гэрээгээ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай шинэчлэн байгуулдаг бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 15 өдөр байгуулсан 0177 дугаар гэрээний хугацаа дуусаагүй байхад эзэмших эрхийг хүчингүй болгосон, зэрэг асуудлууд байх тул аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А-н нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Сум дундын 1 дүгээр шүүх болон захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх нь албан конторын зориулалтаар Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Булганхангай хороололд 4000 м2 газрыг аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/132 дугаар захирамжаар эзэмших эрх авсан. Эзэмших эрх үүссэнээс хойш уг газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй байхыг ойлгоно. 
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дүгээр тогтоолын 1.11-д “Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулана” гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-нд А-н даргад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р нь А-н газар эзэмших эрх нь хүчингүй болсон талаарх мэдээллийг бүрэн агуулсан мэдэгдэх хуудсыг биечлэн гардуулан өгч гарын үсэг зуруулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р биечлэн очиж А-н тамгын газрын даргын өрөөнд нь тайлбарлаж, мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цаг 20 минутад гардуулж өгсөн. Тус мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2, 27.3.3 заасны дагуу мэдээлэл, үндэслэл, зүйл, заалтыг нэг бүрчлэн тусгасан бөгөөд А-н тамгын газраас 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 238 дугаар албан бичгийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн. Дээрх байдлаас үзвэл захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл үндэслэлгүй тул А-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А-гаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” 317 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтэндээ: А-гаас аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 тоот захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
А-н дарга Ц.Э би аймгийн Засаг даргатай тохиролцсон, аймгийн Засаг дарга гарц гаргалгаа гаргаж захирамжийнхаа шүүхийн газартай холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 д заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
А-д Газрын тухай хуулийн 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн а/132 дугаар захирамжаар Булган хангай хороолол /хуучин нисэх буудал/-д Шүүхийн албан конторын барилга барих зориулалтаар 6513010177 нэгж талбарын дугаартай 4000м2 газрыг, 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрээ байгуулжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6 дахь заалтын дагуу хариуцагч А аймгийн Засаг дарга нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн а/132 дугаар захирамжаар Булган хангай хороолол /хуучин нисэх буудал/-д Шүүхийн албан конторын барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн 4000м2 газрыг хүчингүй болгож, уг маргаан үүссэн байна.
Улмаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхэд А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2017 оны 10 дугаар сарын А/463 дугаар захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А-гаас тус шүүхэд ирүүлсэн 317 дугаар албан бичигт: “ ... А-н дарга Ц.Э би аймгийн Засаг даргатай тохиролцсон, аймгийн Засаг дарга гарц гаргалгаа гаргаж захирамжийнхаа шүүхийн газартай холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 д заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна ...” гэжээ. 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.3-ийн /ж/, 29.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А аймгийн Засаг дарга, нэхэмжлэгч А-н дарга нар хоорондоо тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт харшлаагүй байна. 

Иймд нэхэмжлэгч А нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, А-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 10 дугаар сарын А/463 дугаар захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   
ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.3-ийн /ж/,  29.3 дахь заалтыг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан А аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, А-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА