Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

2020         01          30                                   2020/ШЦТ/89       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Хохирогч Д.Наран-Од,

Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох эрүүгийн 19090035201239 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг, Бүрээтэд оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 15 дугаар гудамжны 5-554 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Н нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин супермаркет дотор байрлах “Анхилуун” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 7 дугаар сарын 26-наас 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд зүйл болон бэлэн мөнгө зэрэг нийт 947.200 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Хохирогч Д.Наран-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Нандинчимэг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажилд орсон. Тэрээр ажил орох анкет дээрээ өөрийгөө үнэнч шударга, хэл ярианы баялагтай гэсэн тул эхлээд дагалдан буюу туршилтын ажилтнаар ажилд авсан. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл манай дэлгүүрт ажиллаж байсан. Тэрээр эхний нэг сарын хугацаанд зааланд худалдааны зөвлөхөөр буюу мөнгөтэй харьцдаггүй байсан. Уг хугацаанд маш сайн бараагаа зардаг байсан тул 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар дотуур хувцасны тасаг болон бэлэн хувцас гэр ахуйн барааны тасгийг тус тус хариуцуулсан. Түүнтэй хамт ажиллаж байсан хүнтэй барааны тооллого хийхэд сар хүрэхгүй хугацаанд 1.000.000 гаруй төгрөгийн бараа дутсан…” гэв.

 

Эрүүгийн 1909035201239 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нандинчимэг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажилд орсон. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тооллого хийсэн. Барааны бүх дутагдлыг тооцоод шинээр үйл ажиллагаа эхэлж байх үед Нандинчимэг ажиллаж эхэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр барааны тооллого хийх үед барааны тооллого өмнө гарч байгаагүйгээр дутаж эхэлсэн. Номин-Эрдэнэд үүрэг өгч барааны дутагдлыг шалга гэж хэлсэн. Нандинчимэг нь бараа худалдан борлуулж байгаа бүртгэл хөтлөхгүй, барааны мөнгийг шууд хувьдаа авч байгаа нь илэрсэн. Бараа зарагдаж байгаа үед худалдагч нь бүртгэл дээр хөтөлж пос машинд бүртгэн кассанд мөнгийг тушаахгүй бол барааны тооллого явагдахаас нааш мэдэх боломжгүй байдаг. Энэ үйлдлийг барааны тооллого хийж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын сүүлээр тусдаа дотуур хувцасны тасаг хариуцан ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байх хугацаанд нэг удаа тооллого хийсэн. Дотуур хувцасны тасгийг хүлээн авах үед Сосорбурам бараа материал тоолон хүлээлгэн өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр цалингаа авсан. Өөрийн хүлээн авсан тасгаас дутаасан барааг хүлээн зөвшөөрч байна. 370.200 төгрөгийн бараа дутсан хүлээн зөвшөөрч байна. Өмнөх тасагт ажиллаж байх үед миний мэдэхгүй барааны дутагдал байна. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хугацааны бичлэг байх бөгөөд уг бичлэг дээр Нандинцэцэг нь ганцаараа ямар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа нь харагдаж байна....” гэжээ /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2016 оноос хойш Анхилуун дэлгүүрт худалдагчаар ажиллаж байна. Нандинчимэг нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны үед худалдагчаар ажилд орсон. 2019 оны 8 дугаар сард бараа болон бэлэн мөнгөний тооллого хийсэн. Тэгтэл анх удаа 1 сая гаруй төгрөгийн бараа болон мөнгө нийлэн дутсан. Хяналтын камер болон зарагдсан барааны бүртгэлээ тулган үзсэн. Тэгтэл Нандинчимэг зарагдсан барааг дутуу бичээд мөнгийг өөрөө авч байгаа нь илэрсэн. Хяналтын камерын бичлэг дээр зарсан барааны бүртгэлийг хөтөлж байгаа нь харагдаж байсан. Тэгээд тухайн өдөр зарагдсан барааны тоо нь дутуу бичигдэн мөнгийг нь өөрөө авсан учраас тооцоо дутаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Сосорбурам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс Нандинчимэгт өөрт тусгайлан дотуур хувцасны тасгийг албан ёсоор хүлээлгэн өгч уг тасагт дангаараа худалдагчаар ажиллаж эхэлсэн. 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Номин-Эрдэний хариуцаж байсан тасгийн барааг тоолж үзсэн. Тэгтэл 1 сая гаруй төгрөгийн бараа дутсан. Хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл Номин-Эрдэний эзгүйд Нандинчимэг худалдаа хийж байгаад тухайн үед зарагдсан барааны мөнгийг өөртөө авах, зарсан мэдээлэлд оруулахгүй байх зэргээр мөнгө аваад байгаа харагдаж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-22 дугаар хуудас/,

 

            Ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

            2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд авсан барааны дутагдалын талаарх тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

            Баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Эрдэнэчимэгээс гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 32-47 дугаар хуудас/,

 

            Бараа материалын тооллого /хх-ийн 48-60 дугаар хуудас/,

 

            А.Нийн тооллого хүлээн авсан дэвтэр /хх-ийн 61-69 дүгээр хуудас/,

 

            А.Нт хүлээлгэн өгсөн бараа материалын тооллого /хх-ийн 70-73 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч А.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24, 84 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/,  гэрч Г.Наранзулын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлөх болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч А.Н нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” супермаркет дотор байрлах “Анхилуун” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 7 дугаар сарын 26-наас 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд зүйл болон бэлэн мөнгө нийт 947.200 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь шүүгдэгч А.Нийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Наран-Од, Д.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, гэрч Т.Номин-Эрдэнэ, С.Сосорбурам нарын мэдүүлэг, баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогчоос А.Нийг худалдагчаар, байгууллагын орлогын тооцоог хийх үүрэг хүлээлгэн ажиллуулах явцад тэрээр дур мэдэн эд зүйл, орлогын мөнгийг өөртөө авсан болохыг шүүгдэгч, дутагдуулсан болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг тодорхой баримтаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчоос итгэмжилэн хариуцуулсан эд хөрөнгийг авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 947.200 төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Нийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч Д.Наран-Одод учирсан 947.200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол төлөгдөөгүй тул уг хохирлыг шүүгдэгч А.Нээс гаргуулж хохирогч Д.Наран-Одод олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Нээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажилд орсон. Сарын цалин 650.000 төгрөг. Би хохирлын 947.200 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэж хүсэлт гаргаж, үүнийг хохирогч Д.Наран-Од хүлээн зөвшөөрсөн байх тул талуудын хүсэлтийг харгалзаж шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүх үзлээ. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Нийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Нт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, тэнсэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар хохирогч Д.Наран-Одод учруулсан 947.200 төгрөгийн хохирлыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлж зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                           

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.Ныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч А.Нт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нээс  947.200 /есөн зуун дөчин долоон мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Наран-Одод олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийг 947.200 /есөн зуун дөчин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хохирлыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН