Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

2020         01          30                                   2020/ШЦТ/90       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Өсвөр насны шүүгдэгч Б.Е түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ед холбогдох эрүүгийн 1909037331487 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн 11В бүлгийн сурагч, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 102-66 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 7-136б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Е нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Өргөө-2 кино театрын хойд талд Б.Ганжаргалтай маргалдан нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал, угийн буйлны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Тухайн өдөр 15 цагийн орчим МУБИС орж математикийн сонгоны дэвтрээ авах гээд явсан. Өргөө 2-ын урд замын гарцан дээр Ганжаргалтай таараад “юу байна” гээд гараа сунгасан. Тэгсэн над руу “юу байдаг юм” гэж хэлсэн. Бямбаа ах “Ганжаргалыг ирээд уулзаарай- гэж хэлсэн тул би дамжуулж хэлсэн. Тэгсэн Ганжаргал намайг “пизда” гэсэн чинь түүний найз намайг “яагаад байгаа юм бэ” гэхэд зөрүүлээд би алгадсан. Үүний дараа нэг эгч гарч “ирээд яаж байгаа юм бэ” гэхэд бид салаад явсан…” гэв.

Эрүүгийн 1909037331487 дугаартай хэргээс:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Е мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн үед Ганжаргалтай таараад “юу байна” гээд мэндэлсэн. Тэгэхэд Ганжаргал ууртайгаар “надад юу байдаг юм” гэсэн. Би үг дамжуулж хэлээд зөрөөд өнгөрөхөд Ганжаргал намайг “пизда” гээд хараахад нь би буцаж очоод араас нь татсан. Тэгсэн “яагаад байгаа юм бэ” гэхэд нь би “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд Ганжаргал доошоо тонгойгоод гараа савхад нь би хойшлоод зүүн гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Өөр цохиж зодоогүй. Гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Ганжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 12 цаг 30 минутын үед хичээлээ тараад МУБИС-ийн лицей сургууль дээр очиж вакцин хийлгэх гээд найз Ганбаярын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө2 кино театрын хойд талд явж байсан. Миний урдаас хуучин сургуулийн хүүхэд Есүү гэх хүүхэд ирээд надад хандаж “чи ёстой заяагүй писда юм” гэхээр нь би сонсоогүй царайлаад хажуугаар нь өнгөрөөд явахад миний араас Есүү эргэж ирээд зүүн мөрнөөс татсан. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ, би завгүй байна” гээд эргээд явах гэхэд миний зүүн мөрнөөс татаад миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Манай найз Ганбаяр “яаж байна” гээд намайг хаагаад урдуур ороход Есүү багшийн дээд зүг рүү зугтаагаад явсан. Миний амнаас цус гараад байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11924 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Ганжаргалын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1529 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №11924 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  
  2. Б.Ганжаргалын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, буйлны цус хуралт гэмтэл учирчээ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Б.Ганжаргалын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салтын цус хуралт, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, буйлны цус хуралт гэмтлүүд нь бүгдээрээ хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Еийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Еийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-45 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Е нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Өргөө-2 кино театрын хойд талд Б.Ганжаргалтай хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан нүүр рүү нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд “дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ганжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11924, №1529 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч нь хохирогч Б.Ганжаргалын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Еийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Тус хэрэгт оролцогч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулж өсвөр насны шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

 Тодруулбал өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.  

 

Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Еийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Ганжаргал түүний хууль ёсны төлөөлөгч С.Баярмаагаас “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Еийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Б.Е 18 насанд хүрээгүй болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, бусад баримтуудаар тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуульд зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Еөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Еөд ял оногдуулахыг тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

  

   Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад өмвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Ег хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Еөд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан Б.Еөд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Е нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулж болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Еөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН