| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0855/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 88
2020 01 30 2020/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Иргэдийн төлөөлөгч О.Анхбаяр,
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1909026040809 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Тахилтын 8-74 тоотод оршин суух, урьд:
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад оюутны байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах траншейны тагны орчимд хамт архи ууж байсан М.Баттулга, Д.Мөнхтөр нартай “...үлдсэн архи уулаа...” гэж маргалдан улмаар М.Баттулгын зүүн суганы ар доод хэсэгт нэг удаа хутгалж хөнгөн хохирол, Д.Мөнхтөрийн хэвлийн тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “…Би 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Мөнхтөр, Ууганцэцэг, Батсуурь нартай архи уугаад тасраад унасан байсан. Тэгээд сэрсэн чинь Ууганцэцэг, Тулгаа 2 ногоон пункерын орчим хамт сууж байхыг хараад дотор эвгүй болсон. Би яагаад хутгалсанаа санахгүй байна. Миний бие 2012-2017 онуудад байнга архи уудаг байсан тул ухаан санаа орж гараад байдаг...” гэв.
Эрүүгийн 1909026040809 дугаартай хэргээс:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Мөнхтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өглөө Баяндалай, Ууганцэцэг, Баттулга бид нар ууж байгаад Баяндалай ах тасраад унтчихсан хэсэг байж байгаад босож ирсэн. Нэг мэдсэн чинь миний гэдэс рүү хутгалсан байсан. Би Баяндалайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хохирогч М.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өглөө Баяндалай, Ууганцэцэг, Мөнхтөр бид нар архи ууж байгаад Баяндалай унтаж босч ирээд гэнэт дайраад байсан. Тэгээд миний зүүн суганы хэсэг рүү хутгаар нэг удаа хутгалсан. Тэгээд би зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Гадаад оюутны байрны хойд талд Ууганцэцэг, Мөнхтөр, Баттулга, Өнөрцэцэг нарын хамт архи уусан. Би тасраад босч иртэл үлдсэн нэг шил архи Баттулга аваад явахаар нь би уурлаад Мөнхтөрийн гэдэс хэсэг рүү нэг удаа хутгалсан. Баттулга зугтаахаар нь зүүн талын суга руу нэг удаа хутгалсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53, 93-94 дүгээр хуудас/,
Гэрч Л.Ууганцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өглөө Баяндалай, Батсүх, Баттулга бид дөрөв хамт 1 шил архи хувааж уусан...Баттулгаас авсан тал архиа Мөнхтөр, Батсүх бид гурав хувааж уусан. Баяндалай босч ирээд намайг дуудсангүй архийг ууж дуусгалаа гэж уурлаад та нарыг ална гээд над руу дайрсан. Баяндалай гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан бид нар руу далайгаад байсан. Би Баяндалайгаас айгаад зугтсан. ...Баттулгын цээж хэсэг битүү цус нөж болчихсон хүрээд ирсэн. ...Мөнхтөр хэвлий хэсэгтээ хувцасаараа дарчихсан “та зүгээр Баяндалайг аваад зайл” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Жижүүрийн үүрэг гүйцэтгэх үед шүүх эмнэлэгт өөрийн биеэр ирж үзүүлж байгаа хүмүүст үзлэг хийнэ. Ирэх бололцоогүй эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн тогтоолыг хүлээн авч ажил цугларах үед гадуур үзлэгийн хувиартай эмчид хүлээлгэн өгдөг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би хуваарийн дагуу гадуур үзлэгтэй байсан. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Мөнхтөрөөс гадна нийт 11 хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг клиник эмнэлгүүдээр явж хийсэн. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Б.Ариунзул эмч хуваарийн дагуу 24 цаг ээлжтэй байсан. Энэ хугацаанд ирсэн хүмүүст үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргах, гадуур үзлэгийн тогтоол хүлээн авч дараагийн хуваарьтай гадуур үзлэгийн эмчид тогтоолыг хүлээлгэж өгөх үүрэгтэй байдаг. 24 цагийн ээлж гүйцэтгэж байхад гадуур үзлэгийг тухайн жижүүр эмч хийдэггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 182-183 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8545 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8543 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4061 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...цагаан өнгийн цаасаар боосон ШБМХ/2019, 4061 гэж бичигдсэн хар иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6652 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6653 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Т.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/, гэрч Б.Өнөрцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч М.Батсуурийн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №603 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-79 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №317 дугаартай шитйгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-83 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад оюутны байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах траншейны ойролцоо хамт архи ууж байсан М.Баттулга, Д.Мөнхтөр нартай “...үлдсэн архи ууж дуусгалаа, Ууганцэцэгийг Баттулгатай хамт суулаа...” хэмээн уурлаж, согтуурхан улмаар М.Баттулгын зүүн суганы ар доод хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “зүүн суганы ар доод хэсэгт 4-5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол, Д.Мөнхтөрийн хэвлийн тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “элэгний 4 дүгээр сегмент, ходоодны их бие, хөндлөн гэдэс, чацархай гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Яаралтай тусламжийн хуудас,
Хохирогч Д.Мөнхтөрийн “...Баяндалай ах тасраад унтчихсан хэсэг байж байгаад босож ирсэн. Нэг мэдсэн чинь миний гэдэс рүү хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Баттулгын “...Баяндалай унтаж босч ирээд гэнэт дайраад байсан. Тэгээд миний зүүн суганы хэсэг рүү хутгаар нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Ууганцэцэгийн “...Баяндалай босч ирээд “намайг дуудсангүй архийг ууж дуусгалаа” гэж уурлаад “та нарыг ална” гээд над руу дайрсан. Баяндалай гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан бид нар руу далайгаад байсан...Баттулгын цээж хэсэг битүү цус нөж болчихсон хүрээд ирсэн...Мөнхтөр хэвлий хэсэгтээ хувцасаараа дарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Баттулгын “...Баяндалай эхнэртэйгээ маргалдаж хутга гаргаж ирээд эхнэрээ хутгалах гээд дайраад байхаар нь болилах гэж урдуур нь ороход Баяндалай миний зүүн талын суганы хэсэгт хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Т.Бгийн “...Би тасраад босч иртэл үлдсэн нэг шил архи Баттулга аваад явахаар нь би уурлаад Мөнхтөрийн гэдэс хэсэг рүү нэг удаа хутгалсан. Баттулга зугтаахаар нь зүүн талын суга руу нь нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8545 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Д.Мөнхтөрийн биед элэгний 4 дүгээр сегмент, ходоодны их бие, хөндлөн гэдэс, чацархай гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8543 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. М.Баттулгын биед зүүн суганы ар доод хэсэгт 4-5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэсэн дүгнэлт,
Хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №4061 дугаартай шинжээчийн дүгнэлт /хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн тухай/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №6652, дугаартай шинжээчийн дүгнэлт /хар өнгийн иштэй хутга дээр илэрсэн цус М.Баттулгын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон тухай/ зэрэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч, хохирогч Д.Мөнхтөр, М.Баттулга нар болон бусад хүмүүстэй хоорондоо архидан согтуурч маргалдан улмаар шүүгдэгч Т.Б хутга барин тэдэн рүү дайрч Д.Мөнхтөрийн гэдэс хэсэг рүү нэг удаа, М.Баттулгын зүүн талын суга руу нэг удаа тус тус хутгалж хүч хэрэглэсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдаж, хэргийн газраас хураан авсан хутгыг хураан авч, эд мөрийн баримтаар бэхжүүлэн шинжилгээ хийснээр хохирогч М.Баттулгын цусны харъяалал илэрсэн байх ба ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлийн улмаас хохирогч М.Баттулгын бие махбодид эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл, хохирогч Д.Мөнхтөрийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болохыг шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоосон, зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” болон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.
Шүүгдэгч Т.Б нь зориуд хутга авч хохирогч нарт хүч хэрэглэж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Т.Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирогч Д.Мөнхтөр, М.Баттулга нараас “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 7, 8, 95, 96, 98/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Бг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын гомдол саналгүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.
Т.Б нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшсэн, хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор болох 3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүрээр оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор /240:8=30 хоног/ тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.5 см ажлын хэсэгтэй 12 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 142 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т.Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Мөн шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн Т.Бд оногдуулсан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 240:8=30/ 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бгийн цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.5 см ажлын хэсэгтэй 12 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
З.БОЛДБААТАР