Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

2020         02          03                                   2020/ШЦТ/107       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Э.Халиун,

Хохирогч Н.Энх-Ертөнц,

Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1909029721463 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар их дэлгүүрийн “Дрийм ланд” тасагт худалдааны зөвлөхөөр ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт Ховд аймгийн Үенч сумын 5 дугаар баг, Хөх үзүүрт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 108 дугаар гудамжны 24 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даймонд” караокед үйлчлүүлж байсан Н.Энх-Ертөнцийн эзэмшлийн Ай фоне 7 плас загварын гар утсыг “найз залуутайгаа яриад өгье” гэж хэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж бусдад 1.011.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Хохирогч Н.Энх-Ертөнц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажлын хамт олонтойгоо ээлжийн амралтаа тэмдэглэх гээд “Даймонд” караокед үйлчлүүлсэн. Манай ажлын мэс заслын эмч Содномпил Билэгмаатай хамт явж байсан. Тухайн үед өөрийгөө Марал гэдэг нэрээр танилцуулсан. Ингээд Билэгмаа “найз залуутайгаа ярих” гэсэн юм гээд миний утсыг авсан. Гэтэл буцаж орж ирээгүй шууд яваад өгсөн. Дараа нь би тухайн караокены камерын бичлэгийг үзэхэд Билэгмаа миний утсыг өөрийн утас шигээ оролдоод гараад явсан байсан. Би тухайн утсыг 2019 оны 3 дугаар сард шинээр 1.500.000 төгрөгөөр авсан. Гэтэл үнэлгээгээр 1.100.000 төгрөгөөр үнэлсэн. Би утсыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний утсанд манай дүүгийн санхүүгийн тайлан байсан тул сэргээж чадаагүй. Би гомдолтой байна…” гэв.

 

Эрүүгийн 1909029721463 дугаартай хэргээс:

 

            Хохирогч Н.Энх-Ертөнц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажлын найз Содномпил над руу залгаад “уулзах уу” гээд дуудсан. Би 11 дүгээр хорооллын “Даймонд” караокед очиход Содномпилийн найз Марал гэх эмэгтэй сууж байсан. Марал нь өөрийгөө бүжигчин, СУИС-ийн оюутан, Содномпилийн найз гэж танилцуулсан. Хэсэг хугацааны дараа Марал миний Ай фоне-7 плас маркийн гар утсыг гуйгаад “найз залуу руугаа яриад дуудахгүй бол согтоод байна” гэж хэлсэн. Марал миний утсыг өгөөгүй ба буцаж орж ирээгүй алга болсон. Би Маралааг согтуурхаад миний гар утсыг аваад явчихлаа гэж бодсон. Содномпил “зүгээрээ маргааш утсыг чинь олоод өгье” гэж намайг тайвруулсан. 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Содномпилтэй ярихал “би сайн танихгүй, 1-2 удаа уулзаж байсан” гэж хэлээд 95336934 өгсөн. Уг дугаар нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дуудаж байсан боловч холбогдох боломжгүй болсон. Миний 99031517 дугаарын ярьсан дугаарыг шүүж үзэхэд Марал миний гар утсыг аваад 86235888 гэсэн дугаар руу 2 удаа залгасан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Энх-Ертөнцийн эзэмшлийн Ай фоне 7 плас маркийн гар утсыг худал хэлж залилан авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулж гомдол саналгүй болгох болно....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Содномпил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Даймонд” караокед сууж байхад Марал над руу залгаад “хаана байгаа юм бэ” гэж асуухад нь би “11 дүгээр хороололд караокед сууж байна” гэж хэлэхэд намайг олоод хүрээд ирсэн. Тэгээд сууж байхад Энх-Ертөнц араас нь орж ирээд Марал болон Энх-Ертөнц хоёр бие биетэйгээ танилцсан. Хоол идээд сууж байхад Марал Энх-Ертөнцийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж гуйгаад гар утсыг нь авч гарч байсан. Түүнээс хойш Марал орж ирээгүй. 95336934 гэсэн дугаар ашиглаж надтай холбогдож байсан. Би Маралыг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone 7 plus маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.011.000 /нэг сая арван нэгэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/, Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спсортын яамны албан бичиг /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даймонд” караокед үйлчлүүлж байсан Н.Энх-Ертөнцийн эзэмшлийн “Ай фоне 7 плас” загварын гар утсыг “найз залуутайгаа яриад өгье” хэмээн хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж бусдад 1.011.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Н.Энх-Ертөнцийн “...Марал миний Ай фоне-7 плас маркийн гар утсыг гуйгаад “найз залуу руугаа яриад дуудахгүй бол согтоод байна” гэж хэлсэн. Марал миний утсыг өгөөгүй ба буцаж орж ирээгүй алга болсон....” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Б.Содномпилийн “...Марал Энх-Ертөнцийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж гуйгаад гар утсыг нь авч гарч байсан. Түүнээс хойш Марал орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Б.Б нь “утсаар ярьчихаад өгнө” гэж Н.Энх-Ертөнцийг төөрөгдүүлэн хуурч түүний эд хөрөнгө болох гар утсыг өөртөө авч бусдад хохирол учирсан болох нь тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Бг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Энх-Ертөнцөөс “...үнэлгээгээр гар утсыг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн. Би утсыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний утсанд манай дүүгийн санхүүгийн тайлан байсан тул сэргээж чадаагүй. Би гомдолтой байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн боловч “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 1.011.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс төлсөн нь тэдгээрээс гаргасан бичгийн баримтанд тусгагдсан, энэ талаар оролцогч нар маргаагүй тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Б.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Б.Бг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН