Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

2020         02          04                                   2020/ШЦТ/116       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч  З.Энхжаргал,

Хохирогч Б.Мөнхбат,

Шүүгдэгч Г.Х (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хд холбогдох эрүүгийн 2009002010108 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хурд хамтлагийн студид зураглаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 201-84 тоотод оршин суух, /иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 25/1 байр 18 тоот/ урьд:

 

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №619 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 05 цагийн орчимд 60-47 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын Хаан банкны харалдаа зам дээр уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Мөнхбаттай таксины төлбөр төлөх асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Талбайн урдаас 2 хүн авч таксинд явсан. Шүүгдэгч 1000 төгрөг өгөхөөр нь би “2000 төгрөг гарсан” гэж хэлэхэд намайг цохисон. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс хугарсан гэж хэлсэн. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна. Баримтаар нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009002010108 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ленин төвийн хойд талаас такси бариад 11 дүгээр хороолол хүргүүлсэн. Би таксины жолоочтой төлбөрийн асуудлаас болж маргалдсан. Би машинаас буугаад зогсож байгаад жолоочтой дахин төлбөрийн асуудлаар маргалдаж байгаад жолооч Мөнхбатын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө би таксинд явж байгаад талбайн урдаас хүн авсан. 11 дүгээр хороолол хүргэж өгөөд 2000 төгрөг нэхтэл “мөнгөтэй хүн байхгүй, шилжүүлнэ” гэтэл дансан дахь мөнгө нь хүрэхгүй байсан. Тэгсэн чинь ар талаас шууд цохиод авсан. Намайг “буугаад ир” гэхээр нь би машинаас буугаад иртэл миний хамар хэсэг рүү мөргөсөн. Би гараараа нүүрээ дараад тонгойтол хөлөөрөө миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд Хүрэлтулга гэх залуу зугтаад явсан. Би машинд сууж байсан найзыг нь барьж үлдээд цагдаад дуудлага өгсөн. Хүрэлтулга согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... ” /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Гэрч З.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 29-ний 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Лакс баарнаас гараад найз Хүрэлтулга, Дуламжав, Анужин нарын хамт такси бариад 11 дүгээр хорооллын СЮ дэлгүүрийн гадна иртэл Хүрэлтулга таксинаас буугаад жолоочийн хаалгыг онгойлгоод машинаас буулгасан. Гадаа юу болсныг хараагүй. Би машин дотор сууж байсан. Таксины жолооч танай найз намайг ийм болгочихлоо” гээд машины алчуураар хамраа дарсан байсан. Машин дотор цохисон зүйл байхгүй машинаас буугаад цохиж зодсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч П.Дуламжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 29-ний 04 цагийн орчим найз Хүрэлтулга, Мягмарсүрэн, Анужин нарын хамт такси бариад 11 дүгээр хороолол орсон. Таксинаас бууж байтал таксины жолооч “хурдлаач” гэж хэлсэн. Хүрэлтулга хүнтэй уулзах байсан юманд яараад байсан. Жолоочийн ар талын хаалгыг онгойлгож байгаад жолоочийн толгойг гараараа түлхтэл жолооч уурлаад машинаасаа буугаад заамдалцаж байгаад Хүрэлтулга жолоочийн нүүр рүү нь гараараа 1-2  удаа цохисон. Жолоочийн хамарнаас цус гарсан. Хүрэлтулга согтуу бас ууртай байсан. Хүрэлтулга жолоочийг мөргөж өшиглөсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №853 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Б.Мөнхбатын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

“Лазер мед” эмнэлэг Компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Хүрэлтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, шийтгэх тогтоол /хх-ийн 26-28 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 05 цагийн орчимд 60-47 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын Хаан банкны харалдаа зам дээр уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Мөнхбаттай таксины төлбөр төлөх асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхбатын мэдүүлэг, гэрч З.Мягмарсүрэн, гэрч П.Дуламжав нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №853 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Мөнхбатын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Хүрэлтулгын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Хүрэлтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхбатаас “...Яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна. Баримтаар нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, энэ талаар шүүгдэгчтэй тохиролцож эвлэрсэн…” гэж, шүүгдэгч Г.Хас  “...хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж хохиролгүй болгох болно...” гэж тус тус хохирогч, шүүгдэгч нараас хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Мөнхбат нь цаашид гарах өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Хүрэлтулгыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах, зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хүрэлтулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч Б.Мөнхбат нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Хас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН