| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0089/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 134
2020 02 07 2020/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч /хохирогч/ Б.С, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,
Шүүгдэгч /хохирогч/ Т.Б, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, Т.Б нарт холбогдох эрүүгийн 1909039231378 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр 1 дүгээр баг Согоотын 27 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хоол үйлдвэрлэлийн техникч мэргэжилтэй, Шинжлэх ухаан технилогийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, нөхөр, 3-9 насны 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 497 тоотод оршин суух , урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ замын хажуу талд байх журмын хашааны хажууд “зам тавьж өгөөгүй, машин өргөсөн” гэх шалтгаанаар Т.Бтой маргалдан үсдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Б 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ замын хажууд байх журмын хашааны хажууд “зам тавьж өгөөгүй, машин өргөсөн” гэх шалтгаанаар Б.Стэй маргалдан үсдэж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 1909039231378 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт үзүүлэх гээд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ замын хоёрдугаар эгнээнд нөхрийн автомашин болох 11-68 УНК улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суучихсан явж байсан. Эсрэг зам руу орох гээд эргэхэд араас цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд зогссон. Цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээс хоёр эмэгтэй хүн нэг хүүхэд нар гарч ирээд 165 орчим өндөртэй, махлаг биетэй, шар царайтай, эмэгтэй нь “яагаад хоёрдугаар эгнээнээс эргэж байгаа юм бэ, малнуудаа” гээд хэл амаар доромжлоод байсан. Би машинаасаа толгойгоо бариад гарч ирээд нөгөө эмэгтэй дээр очтол “малнуудаа” гээд хэл амаар доромжлоод “яагаад хоёрдугаар эгнээнээс эргэж байгаа юм бэ, түрээсийн машин уначихаад” гээд хэл амаар доромжлоод байхаар нь нөгөө эмэгтэйгийн өөдөөс дунд хуруугаа гаргасан. Удалгүй замын цагдаа ирээд үзээд нөгөө эмэгтэй бид хоёрын машиныг журмын хашаанд хийчихсэн. Журмын хашааны үүдэнд зогсож байхад нөгөө эмэгтэй ирээд “та хоёрын буруу байгаа биздээ” гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн. Нөгөө эмэгтэйгийн гар утсыг булааж авах гэсэн боловч миний өөдөөс гараараа баруун шанаа хэсэгт цохиод авахаар нь нөгөө эмэгтэйгийн үснээс зулгааж татахад нөгөө эмэгтэй миний үснээс зулгааж татсан. Нөхөр болон түүний ээж гэх эмэгтэй бид хоёрыг салгасан. Болор-Одын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ замд өөрийн эзэмшлийн 28- 97 УНР улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодон ээж Болормаа, охин Хүслэн нарын хамтаар явж байсан. Миний урд явж байсан 99-16 УНЗ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь нэгдүгээр эгнээнд явж байснаа эсрэг урсгал руу орж эргэсэн. Би зогсох боломжгүй, араас очоод тоормос гишгэсэн боловч мөргөчихсөн. Машинаасаа буугаад нөгөө машин дээр очтол жолоо барьсан эрэгтэй нь “эгчээ би хүний машин барьж яваа юм, хоёулаа тохирмоор байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Жолооч залуугийн хажуу талд явж байсан үл таних эмэгтэй “дүрмээ мэддэггүй юм уу, мэдрэл ямбий авгай минь” гээд ээж, бид хоёрыг доромжлоод байсан. Удалгүй замын цагдаа ирээд мөргөлдсөн хүний машиныг журмын хашаанд оруулсан. Тэгтэл нөгөө эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байсан. Журмын хашааны үүдэнд намайг доромжлоод хуруугаа чичлээд байхаар нь өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэсэн. Нөгөө эмэгтэй миний гар утсыг булааж авах гэж оролдсон. Миний гар утсыг тавь гэж хэлээд гараараа үл таних эмэгтэйн нүүрийг түлхэхэд миний үснээс зулгаагаад татаж чирээд байснаа миний зүүн талын хацар руу гараараа гурван удаа цохисон. Би зөрүүлээд нөгөө эмэгтэйн үснээс зулгаасан. Манай ээж Болормаа болон нөгөө эмэгтэйн нөхөр гэх залуу бид хоёрын дундуур орж салгах үйлдэл гаргасан. Салгаж байх үед манай ээж намайг “үснээс зулгаасан гараа тавьчих” гэхээр нь гараа тавьсан. Нөгөө эмэгтэй миний үснээс зулгааж байсан гараа тавихгүй үснээс татаад чирээд байсан. Манай ээж, нөгөө эмэгтэйн нөхөр гэх хүмүүс бид хоёрыг салгасан. Нөгөө эмэгтэй цаашаа явахдаа “би чамайг ална, би хуулийн ангийн оюутан чамайг юу олж долоохийг чинь харна. Би цагдаад танил ихтэй” гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод орилоод байсан. Би Сувданцэцэгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 120.000 төгрөгөөр толгойн зураг авахуулсан. Мөн 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Нийт 128.000 төгрөг нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний үс унасан. Толгой хэсэгт цусан хураатай болсон. Миний толгой цусан хураатай болсон учир эмчилгээ хийлгэмээр байна. Хохирлоо барагдуулж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Гэрч Д.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед том охин Болор-Од, зээ охин Хүслэн нарын хамт Болор-Одын машинтай явж байсан. Охин Болор-Од машин жолоодон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинэ зам дээр явж байхад нь машины урд хөдөлгөөнд оролцож байсан машин дохио өгөхгүйгээр гэнэт нөгөө зам руу эргэсэн. Манай охин тоормос гишгэсэн боловч машиныг мөргөчихсөн. Машинаас буугаад нөгөө машин дээр очтол үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан. Учир зүггүй бид хэдийг хэл амаар доромжлоод эхэлсэн. Манай охинтой хэрүүл хийж байсан эмэгтэй нь манай охины үснээс зулгааж татаад эхэлсэн. Би дундуур нь орж салгаж охиноо нөгөө эмэгтэйгээс холдуулсан. Нөгөө эмэгтэйг нөхөр гэх залуу нь аваад цаашаа болгосон. Тэр эмэгтэй хэрүүл хийгээд байснаа нөхрийн хамт таксинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Г.Ганбямба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Сувданцэцэгийн хамт 99-16 УНЗ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ замын нэгдүгээр эгнээнд явж байгаад эсрэг талын урсгалын зам руу орох гээд эргэх гэтэл хойноос цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ирээд мөргөж зогссон юм. Нөгөө талын жолооч гэх 30 орчим настай, махлаг биетэй, 160 орчим өндөртэй, шар царайтай эмэгтэй хүн машинаас бууж ирсэн юм.Тэгснээ Сувданцэцэг бид хоёр дээр ирчихээд эгнээ байраа олсонгүй малнуудаа, түрээсийн машин унаж явчихаад яаж яваад байгаа юм бэ ? гэж хэлж хэл амаар доромжилсон юм. Уучил эгчээ цагдаа сэргийлэх дуудахгүйгээр эндээ асуудлыг шийдэх талаар ярьтал жолооч эгчийн хажууд явж байсан ээж нь гэх настай эмэгтэй “цагдаагаа дуудна” гэж хэлээд замын цагдаа дуудсан юм. Удалгүй замын цагдаа ирээд хэмжилт, шалгалтаа хийж байхад жолооч эмэгтэй “одоо хэний буруу байна та нарыг юм олж долоох гэдгийг чинь харна” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Замын цагдаа миний машиныг журмын хашаанд хийчихсэн юм. Журмын хашаанаас гарч ирж байхад тэнд байсан хүмүүс “эхнэрийг чинь зодоод байна ш дээ” гэж хэлээд хартал эхнэр нөгөө жолооч эмэгтэй хүмүүстэй хоорондоо үсдэлцээд зогсож байсан юм.Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгасан. Жолооч эмэгтэйгийн ээж нь жолооч эмэгтэйг цааш нь түлхэж хамтран амьдрагчаас холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12657 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12676 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Б.Сийн биед учирсан элхэгийн хөндий салстын уйланхай нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй ямар ч холбоогүй бөгөөд нүдний ухархай болон хамрын хөндий ард байрлах этмойд хөндийд үүссэн эмгэг өөрчлөлт байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/, Мөнгөн гүүр эмнэлэг компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54-56 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 57 дугаар хуудас/, “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмөөлөгч Б.Гомбодоржоос шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Т.Бын хувийн байдалтай холбоотой 4 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Шинэ замын хажуу талд байх журмын хашааны хажууд Т.Быг “замын хөдөлгөөнд оролцохдоо автомашинд зам тавьж өгсөнгүй, машин мөргөлөө, гар утсаар бичлэг хийлээ” хэмээн маргалдаж, хоорондоо зүй зохисгүй харьцаж улмаар түүнийг үсдэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чамархай хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Сийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Бын мэдүүлэг, гэрч Д.Болормаа, гэрч Г.Ганбямба нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12657 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Шинэ замын хажууд байх журмын хашааны хажууд Б.Сийг “замын хөдөлгөөнд буруу оролцлоо, хэл амаар доромжилж, гар утас булааж авахыг оролдлоо” хэмээн хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүнийг үсдэж эрүүл мэндэд “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сийн мэдүүлэг, гэрч Г.Ганбямба нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12676 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, хохирогч Б.С, Т.Б нар нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хоорондоо харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, гэрч Д.Болормаа, гэрч Г.Ганбямба нараас хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус бүр агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.С, Т.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тусыг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд харилцан бие биедээ хохирогч Б.С, Т.Б нараас “...гомдол, саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрсэн...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.С, Т.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.С, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.С, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.С, Т.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Т.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.С, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН