| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0136/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 136
2020 02 10 2020/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Г.Ц (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цд холбогдох эрүүгийн 1909046350100 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчидын 1 дүгээр гудамжны 166г тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчидын 1 дүгээр гудамжны 166г тоот гэртээ эхнэр Т.Загарсүрэнтэй “...хүүхдүүд хүйтэн байшинд орууллаа...” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед сээрний 2-р нугалмын 2 талын сэртэнгийн хугарал, тархи доргилт, дээд уруулын зүүн талын дотор салстын цус хуралт, баруун талын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 1909046350100 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өглөө тахилын эд зүйл, идээ будаа авах гээд гадуур явж байгаад орой 19 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ойчидын 1-166г тоотод гэртээ ирсэн. Манай эхнэр Загарсүрэн намайг “оройтож ирлээ” гээд загнаад цайны ногоон өнгөтэй хуванцар шанагаар цохиод, багалзуурдаж аваад байхаар нь би уурандаа нэг цохиод нэг түлхсэн. Би тухайн үед нэг удаа ам руу цохиход уруул хэсэг нь бага зэрэг хавдсан байсан. Тэгээд уурандаа түлхээд ор руу унагаасан. Энэ үед Загарсүрэнгийн толгойг нь хананд цохисон. Би Загарсүрэнг хавирч газарт унагаагүй, би хүүхдүүдээ цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Хохирогч Т.Загарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим гэртээ хүүхдүүдтэйгээ байсан. Нөхөр маань “гарчихаад ирье” гэж хэлээд удаад байсан. Би хүүхдүүдтэйгээ хоол хийх гээд байж байсан. Нөхөр Цэнд “түлээ авчирна” гэсэн бөгөөд манай нөхөр гаднаас орж ирээд “хүүхэд хүйтэн байшинд орууллаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би гурвын гурван хүүхэд өсгөсөн, яахаа мэдэж байна” гэж хэлээд хамт гараад нүүрс оруулж ирсэн. Бид хоёр хэрэлдээд уурандаа нөхөр Цэнд гал тогооны өрөөнөөс аяга хана руу авч шидсэн. Би хананаас холд гээд хүүхдүүдээ холдуулсан. Тэгээд “боль” гэхэд манай нөхөр уурлаад намайг түлхэж унагаасан. Багалзуурдаад толгой сэгсэрсэн. Би хуванцар шанага барьж аваад толгой руу нь хэд хэд цохисон. Тэгэхэд шанага хугараад унасан. Хэрэлдэж байгаад буцаж барьж аваад миний үснээс гараа ороогоод зулгаагаад доош нь дараад толгойгоор цементэн шалан дээр мөргүүлээд зууралдсан. Миний хүзүү эвгүй болоод өвдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 23-24 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №169 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Т.Загарсүрэнгийн биед сээрний 2-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, дээд уруулын зүүн талын дотор салстын цус хуралт, баруун талын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн оношлогоо, хэвлийн хэт авиан оношлогоо /хх-ийн 29-38 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 55-59 дүгээр хуудас/,
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Цийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Цийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, гэрч С.Адьяатүдэвийн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчидын 1 дүгээр гудамжны 166г тоот гэртээ эхнэр Т.Загарсүрэнтэй “...хэрэлдэж маргалдлаа, хүүхдүүд хүйтэн байшинд орууллаа...” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь “сээрний 2-р нугаламын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, дээд уруулын зүүн талын дотор салстын цус хуралт, баруун талын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талын цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Загарсүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №169 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нь хохирогч Т.Загарсүрэнгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Цийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Цийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Загарсүрэнгээс “...Нөхөртэйгээ эвлэрсэн. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 70 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй, тэдгээрийг хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Цийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломж, бага насны олон хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Цэд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН