| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0156/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 151
2020 02 13 2020/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Б.М (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1909046750094 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежмент мэргэжилтэй, “Их шижир баялаг” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар байрны 05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Никитон” нэртэй бааранд иргэн Б.Долгорсүрэнгийн шанаа хэсэгт гараараа цохиж, хамар руу нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909046750094 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо “Никитон” нэртэй бааранд ажлынхаа хүмүүстэй үйлчлүүлсэн. Гарах гээд хувцасны өлгүүрээс авч байтал үл таних залуу ирээд миний зүүн шанаа руу гараа нэг удаа цохичихоод дээшээ гардаг шат руу яваад өгсөн. Араас нь очоод “яаж байна аа” гэтэл нөгөө залуу миний хамар руу мөргөсөн. Ямар шалтгааны улмаас зодож цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эхнэр бид хоёр тусдаа найзуудтайгаа уулзсан. Би эхнэрээ авахаар Никитон бааранд очсон. Никитон баарны үүдний хэсэгт эхнэртэйгээ уулзаж оо орсон. Би согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас цаашид юу болсон талаар санахгүй байна. Дараа нь манай эхнэр чи нэг залууг цохичихсон гэж хэлсэн. Хүмүүсийн яриаг сонсоход би нэг танихгүй эрэгтэйг цохисон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Ц.Өнөржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө өөрийн ажлынхантай Никитон клубт орсон. Тэгээд 01 цаг 30 минутын үед Никитоноос гарах гээд өлгүүрийн ойролцоо очсон. Долгорсүрэн гэх залуугаас хувцас өлгүүлсэн дугаараа авах зогсож байтал “ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн өндөр туранхай залуу” манай ажлын газрын Долгорсүрэнг хажуугаар нь гарахдаа цохиод авсан. Долгорсүрэн “чи яахаараа намайг цохидог юм бэ” гээд араас нь яваад очтол эргэж хараад мөргөчихсөн. Тэгээд Долгорсүрэнгийн биеэс цус гарсан. Би хамраас нь цус гарлаа гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч З.Мишээл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө ажпынхантайгаа Никитон нэртэй клубт суусан. 01:30-02:00 цагийн хооронд клубын үүдний өлгүүр хэсгээс хувцсаа авах гээд Долгорсүрэн, Өнөржаргал нарын хамт зогсож байтал 00-ийн өрөөнөөс танихгүй эрэгтэй гарч ирээд Долгорсүрэнгийн хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохьчихоод дээшээ гараад явчихсан. Долгорсүрэн араас нь очтол 2 давхрын шатан дээр нөгөө залуу Долгорсүрэнгийн нүүр рүү мөргөсөн. Тэгтэл Долгорсүрэнгийн нүдний шил нь газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Б.Адъяасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө Никитон клубын үүдэнд зодоон болоод байна гэж хүмүүс хэлсэн. Тэгэхээр нь гараад очтол цохьсон гээд байгаа залууг нь манай хамгаалагч нар доошоо хэвтүүлчихсэн байсан. Харин цохиулсан гэх залуу ажлынхнаараа олуулаа явж байсан бөгөөд хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Яг цохиж зодож байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч С.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө би Никитон клубын үүдэнд найзууд болон эгчтэйгээ тамхилаад байж байтал гаднаас нөхөр маань согтуу гуйвчихсан орж ирж байсан. Тэгээд “бөөлжлөө” гэхээр нь 00 оруулж бөөлжүүлсэн. Гарч ирээд би куртикээ авах хооронд нөхөр маань эгчтэй юм яриад зогсож байсан. Куртикээ авчихаад эргээд харах хооронд хэн нэгэн нөхөрт маань хандан хэрүүл өдөж байсан. Энэ үед манай нөхөр тэр залуугийн нүүр рүү нь гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №39 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Б.Долгорсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...бөөгнөрсөн хүмүүсийн голд зогсох хар өнгийн цамц, хар өнгийн өмд өмссөн нүдний шилтэй эрэгтэй нэг эмэгтэйтэй юм яриад зогсож байтал түүний цаад талаас бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн гарч ирэн зүүн талын хацар руу нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдав. Бараан өнгийн куртиктэй эрэгтэй гараад явах ба цохиулсан эрэгтэй 3-4 секунд орчим нүүрээ дарж тонгойж сууж байгаад араас нь гарч камерын тусгалд хамрагдахгүй болов...” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Никитон” нэртэй бааранд иргэн Б.Долгорсүрэнг тодорхой шалтгаангүйгээр шанаа хэсэгт гараараа цохиж, хамар руу нь мөргөж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Долгорсүрэнгийн мэдүүлэг, Ц.Өнөржаргал, гэрч Б.Адъяасүрэн, гэрч З.Мишээл, гэрч С.Мөнхтуяа нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №39 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Долгорсүрэнгээс “...Миний гомдлыг барагдуулж, хоорондоо эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хохирогчтой хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН