| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0157/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 152
2020 02 14 2020/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 1909040460111 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Мөнхжин трейд” ХХК-ийн “М” зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 12-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто зам чөлөөлөөгүй гэх шалтгаанаар иргэн Ц.Тэмүүлэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараа цохих мөргөх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909040460111 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Тэмүүлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 27-ноос 2019 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр сургуулийн урд талын Чонон бөрт төвийн гадаа зам дээр явж байтал нэг машин сигналдаад байсан. Нэг согтуу хүн бууж ирээд бид нартай маргалдаж байгаад миний хоолойноос заамдаж аваад нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Бид хоёр бие биенээ огт танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар 27-ноос 2019 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нэгдүгээр сургуулийн урд талд явж байтал зам дээр хэдэн залуучууд зогсоод зам чөлөөлж өгөхгүй байсан. Сигнал дартал тэнд байсан залуус машин цохиж уурлаад байсан. Би гараад нэг залууг 1-2 удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Мөн миний нүүр рүү гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Г.Ананд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг 40 минутын үед ажлын газрын хүмүүстэй хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн урд талд үйл ажиллагаа явуулах Оранж караокеноос гарсан. Тэгээд машиндаа суух гэж байхад нэг согтуу ах машин барьж ирээд манай найзад машинаараа хүрсэн. “Юу болж байгаа юм бэ” гэхэд манай захирал “уучлаарай” гээд уучлалт гуйгаад явъя гэсэн. Тэр ах утсаар ярьж байснаа өөр хүмүүс дуудсан бөгөөд машинаасаа бууж ирээд бид нар руу агсраад дайраад байсан. Миний нүүр рүү нэг удаа цохисон. Манай найз Тэмүүлэн ирээд салгах гэхэд Тэмүүлэнг бас цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13025 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Ц.Тэмүүлэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26, 32 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, “Цорос Анар” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто зам чөлөөлөөгүй гэх шалтгаанаар иргэн Ц.Тэмүүлэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараа цохих мөргөх зэрэг үйлдлээр зодож түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Тэмүүлэнгийн мэдүүлэг, гэрч Г.Анандын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13025 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Тэмүүлэнгээс “...Ганзоригтой сайн дураараа эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хохирогчтой хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН