Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 493

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Э /РД:********/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б /РД:********/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийн Ж.Э-н “Э” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаарх 64.4 м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шууд удирдах дээд шатны байгууллагад буюу Нийслэлийн Засаг даргад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай гэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д гомдлоо гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй байгаа тул Баянзүрх дүүргийн Засаг даргадаа хандана уу гэсэн хариуг аваад байна. Ж.Э миний бие газраа бусдын өмчлөл болсныг мэдсэн даруйдаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж мөн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байгаа тул дахин тийшээ хандвал цаг хугацаа алдсан асуудал болох гээд байна. 

Иймд тус асуудлаа шийдвэрлүүлэхээр дахин Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. 

Ж.Э /РД:********/ миний бие 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 5 дугаар бүлгийг баримтлан Б.Б-тэй /РД:********/ хэлцэл байгуулан тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоршооллын * дүгээр гудамжны ** тоот 24 м.кв хэмжээтэй байшинг 66,63 м.кв талбай бүхий хашааны хамтаар худалдан авч, байшин болон газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авахад төлбөрт нийт 1,700,00 төгрөгийг 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.Б-н эхнэр О-д бэлнээр хүлээлгэн өгч, гар бичмэл дээр гарын үсэг зуруулж авсан юм. Хэргийн 6 дахь хуудас дахь газрын хэмжээ бичсэн бичиг гуравдагч этгээдийн бичиг биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би гэртээ газрын хэмжээг зурж ирчихээд мөнгийг нь өгөөд эхнэр нь гарын үсэг зурж мөнгийг хүлээж авсан. 

Б.Б анх надад хашаа байшингаа зарахдаа тухайн байшин нь нийтийн гэх нэршилтэй байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын албанд очиж өөрийн нэр дээр болгох хүсэлт тавихад тухайн газар хувьчлагдах болоогүй, хувьчлагдах үед нь мэдэгдэнэ гэдэг тайлбарыг амаар Газрын албаны газар зохион байгуулагч өгч байсан юм. 

Хашаа татаад амбаар барьсан байсан ба 2016 оны 8 сард намайг хөдөө явж байхад араас утастаад “гэр лүү үер орлоо, хашааг чинь буулгаад үерийн шуудуу ухах гэж байна, энэ газрыг манайх эзэмшилдээ авсан, манай эзэмшлийн газар, хашааг чинь буулгаж байна” гэсэн. Би хөдөөнөөс ирээд 9 сард Б.Б-н эхнэртэй уулзахад “манайх байшин зарсан, газар зараагүй, манайх нэр дээрээ эзэмшиж авсан” гэж хэлсэн. “Энэ бол манай газар, бид зөвхөн байшингаа чамд худалдсан” гэх нэрийдлээр хашааг минь нураасан. Гуравдагч этгээд нь 2016 оны 3 сард газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаа 9 сард хэлсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Газрын албанд очиход Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны газар зохион байгуулагч “Тус газрыг саяхан хувьчилсан бөгөөд энэ газар Б.Б-н нэр дээр байна” гэсэн тайлбарыг надад өгсөн юм. Миний бие тэр даруйд Баянзүрх дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч “удирдлагууд солигдож байна, өргөдөл гомдлыг одоохондоо цохсон хүн алга, удахгүй жигдрэнэ” гэсээр өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гаргахгүй байгаа тул арга баран шүүхэд хандаж байна.

Өмнө нь 2009 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд байшингийн газрын талаар эзэмшихээр хандахад нийтийн эзэмшлийн газар, хувьчлах болоогүй гэж амаар хариу өгч, өргөдлийг авахгүй байсан. 2009 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын албаны хүнээр хэмжилт хийлгээд кадастрын зураг хийлгэсэн. Барьсан байгаа хашааны хэмжээгээр “Т” ХХК кадастрын зураг хийсэн. Байр маань урагшаа харсан 1 цонхтой, анх хэлцэл дээр зурсан хэмжээгээр цонхны хэсгээ оруулаад “Э” ХХК-иар кадастрын зураг 64.4 м.кв хэмжээгээр хийлгэсэн.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийн Ж.Э-н “Э” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаарх 64.4 м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, гэрээний дагуу авсан газрыг эзэмшүүлэх эрх олгох нөхцөлөөр хангаж өгнө үү” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 тоот захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад тус захирамжаар гуравдагч этгээд нь 246 м.кв газар эзэмшдэг нь тогтоогдсон байх тул Ж.Э-т хууль ёсоор ногдох ёстой “Э” ХХК-ийн кадастрын зургаар баталгаажуулсан газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулж, хууль ёсны дагуу газраа эзэмших эрхээр хангаж өгнө үү. 

Газрын тухай хуульд заасны дагуу газрыг давхцуулан олгох ёсгүй. Газар эзэмшүүлэх хүсэлтийг хангахын тулд Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авахдаа заавал эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийн солибцлыг газар дээр нь тэмдэгжүүлэх шаардлагатай. Мөн хөршүүдээс нь асууж тодруулах эрхтэй. Баянзүрх дүүргийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6.2.4., 7.1, 7.2.5, 7.3 гэсэн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах ёстой. Хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудсанд байгаа гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Газрын албаны хүмүүсийг авч ирээд “” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн байна. Нийтийн эзэмшлийн газрыг гуравдагч этгээдэд хэн нэгэн этгээдтэй хуйвалдан олгосон байна. Үүнээс болж нэхэмжлэгч орц, гарцгүй нойлдоо орох эрхгүй болж байна. Хэрэв гуравдагч этгээд нь хашаа, байшингаа зараад явбал бас л өөр хүний царай харах асуудал нэхэмжлэгчид үүснэ. Иймд нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг эдлүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/98 тоот захирамжаар Б.Б-д эзэмшүүлсэн газраас нэхэмжлэгчийн газартай давхацсан эсэхийг хүчингүй болгож өгнө үү. Гэрээний дагуух солбицлоор хийсэн кадастрын зураг нь “Э” ХХК-ийн кадастрын зураг юм. Шүүхээс газрын давхцалтай хэсгийг хүчингүй болговол нэхэмжлэгч хүсэлтээ гаргаад газраа эзэмших эрх нь нээгдэх юм.” гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Б нь Хоршоолол * дүгээр гудамж * тоотод ам бүл гурвуулаа 28 жил амьдарч байгаа газраа өөрийн нэр дээр газар эзэмшүүлж өгөхийг хүссэн өргөдлийг 12 дугаар хорооны Засаг даргаар Б.Б нь 2000 оноос хойш амьдарч байгаа, ам бүл 3, орж гарах гарц хаагаагүй, хашааны газраа эзэмших хүсэлтийг уламжлъя гэж цохуулж, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хашааны зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, нэгж талбарын зураг зэргийг хавсаргасан өргөдөл гаргасан байна. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “Дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, гэж тус тус заасны дагуу иргэнд газар эзэмшүүлэх эрх олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “БАМ-ын байр нь нийтийн зориулалттай орон сууц бөгөөд олон айл байдаг, бусад иргэдийн орц гарц хаах маргаан үүсэх учир нийтийн зориулалттай орон сууцны байрны орчны газрыг эзэмшүүлдэггүй байсан. Анх барилгын сууриар гэрчилгээ олгож байсан. Маргаан бүхий газрыг хариуцсан газрын даамал н.Б бусдын орц гарц хааж Б.Б-д тусад нь орчны газрын гэрчилгээ гаргаж өгсөнөөс маргаан үүссэн байна. Уг нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох бол байшингийн суурийн хэмжээгээр өгөх ёстой байсан. Нэхэмжлэгчийн хойд талын айл хашаатайгаа, байртайгаа газар авсан. Урд талын айл болох Б.Б-нх хашаатайгаа тулгаад газар авсан. Нэхэмжлэгчид орж гарах гарц байхгүй. Энэ нь төрийн албаны ажилтны буруутай үйлдэл юм. Бусдын орц, гарц хааж нийтийн зориулалттай байрны орчны газрыг эзэмшүүлж болохгүй. Газар зохион байгуулагч хэн нэгний эрхийг зөрчилгүйгээр орц, гарцыг гаргаж зургийг хийх ёстой байсан. 

Ж.Э-н гомдлоор бид судлаад асуудлыг шийдвэрлэхээр захирамжийн төсөл боловсруулагдсан боловч нэгэнт маргаан үүссэн тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэж үзсэн. Тэр үед Газрын алба гуравдагч этгээдэд газар олгосон шиг нэхэмжлэгчид газар олгосон бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байх байсан. Нэхэмжлэгчийн цонхонд тулгаад орц, гарц хаагаад гуравдагч этгээд газар авсан тул цонхонд нь тулгаад байшин барихыг үгүйсгэхгүй. Тэр үед нэхэмжлэгч юу харах вэ? Иймд нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргаж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Б /********/ миний бие нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршооллын * дүгээр гудамж * тоотод ам бүл 7-уулаа амьдардаг. Б.Б би 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ж.Э-т тухайн үед зөвхөн 1 өрөө байраа 1.700.000 төгрөгийг зарсан нь үнэн. Бид одоог хүртэл хөрш айлаар амьдарч байгаа.

Харин Ж.Э нь сүүлийн 1-2 жил намайг утсаар болон уулзаад хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамт үзүүлж, би өмгөөлөгч авсан гэж сүрдүүлж байгаа. Энэ олон жилийн дараа Ж.Э-г ийм санаа гарган гэдгийг мэдсэнгүй. Харин би сайн санаж явсан би өөрөө олон хүүхэдтэй хүн. Ж.Э нь бүр цагаандаа гараад миний эзэмшлийн газрыг өөрийн болгох гэж олон ч газраар явсан байна. Ийм учраас би өөрийн өмч хөрөнгөө Э-с буцаан авах хүсэлтэй байна. 

Хуучин Оросын цэргийн ангийн БАМ-ын байр, сүүлд Хоршоологчдын холбооны байр гэдэг байсан энэ нийтийн байрыг 2004 онд манай найз О.М гэдэг хүн нутаг явлаа гээд надад зараад явсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй. 2004 оноос амьдарч байна. 2007 онд нэхэмжлэгч болон манай хорооны нийгмийн ажилтан Б 2 миний өрөөг гуйж авсан. Энэ өрөө тусдаа зүүн тийшээ гардаг коридор, хаалгатай. Би нэхэмжлэгчтэй би худалдаа хийхдээ би газар өгч чадахгүй, ганц өрөө байр өгнө гэж тохиролцсон. Жорлонгоо тэр газартаа ухаж болно гэж хэлсэн. Амбаар авч ирээд тавьчих гэж хэлээгүй. Хэргийн 5 дугаар хуудсанд байгаа өргөдлийн эхний хуудасны гэрээг хийхэд би байсан. Гарын үсэг нь минийх мөн байна. Харин 6 дугаар хуудасны газрын хэмжээ бичсэнийг би мэдэхгүй. 

Авснаас хойш жилийн дараа 2007, 2008 онд Ж.Э хашаа барьсан байх. Хашаа бариад их удаж байгаа. Хашаа барихад нь маргаагүй, гэхдээ одоо хүлээн зөвшөөрөхгүй. Урд талын цонхны хэсэг газрыг анх хүлээн зөвшөөрч байсан, одоо хүлээн зөвшөөрөхгүй. Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга н.Б гэдэг хүн манай дүүгийн нэг ангийн хүүхэд бөгөөд 1990 оны үед нийтийн эзэмшлийн газар тул та жаахан хүлээж бай гэж хэлсэн. Би газар мэддэг, зардаг хүн биш. Би газраа зараагүй, байр л зарсан. Газрын алба газрыг мэдэж шийддэг. Тэгээд хүсэлтээ гаргаад эзэмшсэн. Би одоо мөнгийг нь буцааж өгөөд байшингаа буцааж авна. Би одоо юу ч өгөхгүй. Газар ч өгөхгүй. Наймаагаа буцаана. Байраа ч авна. Би маш их гомдож байна. Би нэхэмжлэгчийг байшингаасаа хөөгөөгүй. Газраа өгөхгүй. Би олон хүүхэдтэйгээ амьдардаг, манайд газар хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

Гэрчээр Ц.О мэдүүлэхдээ: “Би Б.Б-н эхнэр нь юм. 2007 оны 7 дугаар сарын 04-нд Б.Б, Ж.Э нарын хооронд байгуулсан “Баянзүрх дүүргийн Газрын албанд өргөдөл гаргах нь” гэсэн хэлцэлд “мөнгө хүлээн авсан Б.Б” гэсэн хэсэгт “О” гэж би гарын үсэг зурсан, миний гарын үсэг мөн. Хэсгийн ахлагч Б 2007 оны зун ирээд “танайх энэ байшингаа зарах уу” гээд гуйгаад манайх “зарахгүй” гэсэн чинь гуйгаад байхаар нь “3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр зарна” гэсэн чинь Ж.Э “цалин мөнгөгүй” гээд ярилцаж байгаад 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр зарсан. Гэхдээ газрын хамт зараагүй, зөвхөн 1 өрөө байраа коридортой нь зарсан. Манайх олон хүүхэдтэй айл, бидэнд өөрсдөд маань газар нь хэрэгтэй. Энэ өргөдөл манайд байхгүй, Ж.Э л “гарын үсэг зур” гээд зуруулаад авсан. Манайх Ж.Э-т жорлон барихыг зөвшөөрсөн, гэтэл амбаар тавьсан. Эднийх Г-н хашаагаар орж гарч болно. Ж.Э-нх манайх хооронд хашаа байгаагүй, гэтэл 2008 оны хавьд намайг эмнэлэгт хэвтсэн хойгуур зааглаад хашаа барьсан байсан. 2016 оны 8 сард үед орсон гээд хашааг нь буулгасан, гэтэл 2016 оны 10 сард намайг эмнэлэгт хэвтсэн хойгуур бас л хашаагаа барьсан байсан.” гэжээ.  

 

Гэрчээр С.Б мэдүүлэхдээ: “Би 24 дүгээр хорооны Хоршооллын хотхоныг хариуцсан хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хэргийн 5 дугаар хуудсанд байгаа өргөдлийн эхний хуудас миний бичиг мөн, Ж.Э орон байр асуугаад, түүнд тусалж, Б.Б-с “байраа зарах уу” гэж асууж тэднийг уулзуулсан. Би нэг ч гэсэн хүнд орон байртай болоход нь тусалж, Б.Б “байраа зарахгүй” гэхэд нь би тэднээс гуйгаад, ... 1.700.000 төгрөгөөр 1 өрөө байраа Б.Б Ж.Э-т зарсан. Надаар өргөдлөө гуйгаад бичүүлсэн. Харин хэргийн 6 дугаар хуудсанд байгаа газрын хэмжээ бичсэн хэсэг нь миний бичиг биш. Тухайн үед газрын талаар яаж тохиролцсоныг, мөнгөө хэдийд өгч авалцсаныг би мэдэхгүй. Миний бичсэн өргөдөл дээр газрын талаар бичсэн хэсгийг тухайн зарсан байрны доорхи газрын талаар маргаан байхгүй гэж ойлгож бичсэн. Түүнээс хашааны газрын талаар би мэдэхгүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь “худалдаж авсан байрны доорхи болон орчны газрыг бүхэлд нь давхцуулан орц гарц хааж эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийн Ж.Э-н “Э” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаарх 64.4 м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас тогтоогдож буй үйл баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Б.Б Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршооллын * дүгээр гудамжны * тоотод байрлах өөрийн эзэмшлийн байрны 1 өрөөг 2007 оны 7 дугаар сарын 04-нд Ж.Э-тэй байгуулсан хэлцлээр 1.700.000 төгрөгөөр худалдсан болох нь тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл , мөнгө хүлээн авсан тэмдэглэл , гэрч Ц.О, С.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршооллын * дүгээр гудамжны * тоот хаягт байрлах хуучнаар Оросын цэргийн ангийн БАМ-ын байр гэх нийтийн орон сууцны зориулалттай модон хийцтэй, 1 давхар байр нь төрийн болон нийслэлийн өмчид бүртгэлгүй , орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй , Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос хувьчлагдаагүй , өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй  байх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн байрлах нь дуусгавар болж гарахтай холбогдсон эд хөрөнгийн болон санхүүгийн асуудлыг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хэлэлцээрээр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдөж оросын хуулийн этгээд, бие хүмүүст борлуулсан, монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн, монголын хуулийн этгээд, бие хүмүүст борлуулсан барилга байгууламжийн жагсаалтад одоогийн хаягаар тодорхой тусгагдаагүй  өөрөөр хэлбэл тухайн байрны өмчлөлийн талаар дүгнэх боломжгүй байна. 

Хэдийгээр байрны өмчлөлийн асуудлыг дүгнэх боломжгүй ч өмчлөлийн асуудлаар өөр этгээд маргаагүй, энэ нь түүний доорх болон орчны газар болох иргэдэд өмчлөгдөөгүй төрийн өмчийн газрыг эрх бүхий этгээдээс иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй. 

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн доорх болон орчны газрыг эзэмшүүлэхдээ бусад этгээдийн орц, гарцыг хаахгүй, орон сууцаа зориулалтын дагуу ашиглахад саад учруулахгүй байх өөрөөр хэлбэл бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулахгүй байх хуулиар тогтоосон шаардлага нэгэн адил хангагдах учиртай. 

Ж.Э нь иргэний эрх зүйн хэлцлийн дагуу эзэмших эрх олж авч  2007 оноос хойш амьдарч буй байрны доорх болон орчны газрыг эзэмших эрхийн тухайд хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх талаар бусад этгээдийн нэгэн адил тэгш боломжоор хангагдах эрхтэй.

Ж.Э нь “худалдан авч амьдарч буй байрны доорх болон орчны газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлж хандаж байсан боловч “нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрыг эзэмшүүлэхгүй” хэмээн өргөдлийг хүлээн аваагүй” гэх ба үүнийг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нийтийн зориулалттай орон сууцны байранд олон айл байдаг тул нэг айлд нь газрын зөвшөөрөл өгвөл бусад айлын орц, гарц хаагдах, эрх ашиг зөрчигдөх байсан бөгөөд нийтийн байрны орчны газрыг эзэмшүүлдэггүй байсан” хэмээн тайлбарлаж, үгүйсгээгүй болно. 

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газарт тус дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга “... орж, гарах гарц хаагаагүй, ... хашааны газраа эзэмших хүсэлтийг нь уламжилъя” хэмээн тодорхойлж, уламжилсны дагуу Б.Б-н 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт, кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, хашааны фото зураг, ам бүлийн тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршооллын * дүгээр гудамжны * тоот 246 м.кв газрыг Б.Б-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлжээ.

Б.Б нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өөрийн эзэмшиж буй хэсгээс тодорхой хэсгийг бусдад худалдсан атлаа бусдын бодитойгоор амьдарч  эзэмшиж, ашиглаж буй байрны доорх болон орц, гарц бүхий орчны газрыг оруулан бүхэлд нь эзэмших хүсэлтээ гаргасан байхад дүүргийн Газрын алба газар дээр нь очиж, хэмжилт хийгээгүйгээс бусдын амьдарч, бодитойгоор эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан эзэмшүүлж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг болон   нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг хуульд заасан тодорхой зориулалтын дагуу эзэмшүүлэх асуудлыг эрх бүхий Засаг дарга шийдвэрлэх тул төрийн өмчийн газрыг захиран зарцуулах эрх гуравдагч этгээд Б.Б-д байхгүй, тэрээр болон нэхэмжлэгч Ж.Э нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өөрт хамаарах хэсгийн доорх болон орчны газрыг эзэмших тухайд тэгш эрхтэй, энэ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцнэ. 

Нэхэмжлэгч нь байрны доорх болон урд талдаа цонхны хэсэг, зүүн талдаа ариун цэврийн байгууламж, түлээний амбаарыг оруулан 64.4 м.кв газрын байршлын кадастрын зургийг “Э” ХХК-иар хийлгүүлсэн байх бөгөөд Б.Б-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийн “Э” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаарх 64.4 м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Ийнхүү давхцуулан эзэмшүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Ж.Э нь газар эзэмших хүсэлтээ гарган зохих журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээгдэх юм. 

 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийн Ж.Э-н “Э” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаарх 64.4 м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА