Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

2020        02          18                                   2020/ШЦТ/164       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Х.Идэр, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Иргэдийн төлөөлөгч Г.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 1909044660040 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, 2 дугаар анги төгссөн, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, ахын хамт Өвөрхангай аймгийн Хархорин 8 дугаар баг Орхонд оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, зуун модны зуслангийн 1-03 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Зуун модны зуслангийн 1-3 тоот хашаанд иргэн Н.Отгонбаярын гэрт хохирогч Б.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн дал орчимд хутгалж буюу зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                    

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909044660040 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил тараад найз Мэндбаярын хамт 0,5 граммтай хараа нэртэй 1 шил архи уусан. Тэгээд гэртээ ирэхдээ Мэндбаяр бид хоёр 0,75 грамтай соёрхол нэртэй нэг шил архи аваад Рэгзэнхоролоогийн гэрт ороод бид 3 хувааж уусан. Би уг архинаас 3 рүнк уусан. Би хүргэн Отгонбаярын гэрт ороод байж байтал гаднаас Амарзаяа орж ирээд намайг “та яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд хамаагүй, би нөхөртэй чинь уулзана” гэж хэлээд гарсан. Тэгээд гартал Бат-Эрдэнэ гэрээсээ гарч ирсэн. Бид хоёр хашаан дотор маргалдаад барилцаж авсан. Бат-Эрдэнэ намайг зодсон. Бид хоёрыг Мэндбаяр, Рэгзэнхорол нар салгасан. Бат-Эрдэнэ Отгонбаярын гэр рүү орохоор нь би араас нь орсон. Бат-Эрдэнэ сандал дээр сууж байхаар нь аяганы тавиур дээр байсан жижиг цагаан иштэй ногоон судалтай хутгаар зүүн дал хэсэгт нэг удаа хутгалсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манайх хадмын хашаанд амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эхнэрийн хамт ажлаа тараад гэртээ ирээд би шууд гэртээ орсон. Манай эхнэр хадмын гэрт орсон. Би галаа түлэх гээд байж байтал гадаа “Баагий хаана байна” гээд орилоод байсан. Би гартал хашаанд Түмэнхорол, Мэндбаяр, Рэгзэнхорлоо нар архи уусан согтуу байсан. Би “яасан” гэтэл Түмэнхорол “намайг ална, би ялаа үүрчихээд ирлээ ална, ээж чинь ирсэн сайхан байна уу” гээд орилоод бид барилцаж авсан. Мэндбаяр, Рэгзэнхорлоо нар Түмэнхоролыг салгаад би хадмын гэрт яваад орсон. Араас Түмэнхорол, Мэндбаяр, Рэгзэнхорлоо нар орж ирээд Рэгзэнхорлоо намайг нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Түмэнхорол миний хойноос далан дээр хутгалсан. Рэгзэнхорлоо миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Миний эмнэлэгт гарсан зардлуудыг Түмэнхорол нөхөн төлсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...нийт 190 мм урттай бариулын хэсэг 116/20 мм, ажлын хэсэг нь 74/20 мм хэмжээтэй нэг талдаа цэцэгний зурагтай, нэг ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч О.Лхамсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой хүүхдүүдээ авчихаад гэртээ байж байтал гаднаас эгч Амарзаяа орж ирээд “та яахаараа архи уугаад байгаа, манай нөхөр Бат-Эрдэнэтэй барьцаад байгаа юм уу” гээд маргалдсан. Тэгтэл Түмэнхорол ах “Бат-Эрдэнийг зодно” гээд гараад явсан. Бат-Эрдэнэ хэсэг хугацааны дараа гэрт орж ирээд Түмэнхорол ах агсраад салахгүй байхаар нь нэг цохиход хамраас нь цус гарчихлаа гэсэн. Тэгээд яриад сууж байтал Түмэнхорол ах гаднаас орж ирээд ахиад хэрүүл хийгээд байсан. Хүүхдүүд айгаад байхаар нь нөгөө өрөөндөө орчихоод буцаад нөгөө өрөөнд ороод ирэхэд Түмэнхорол ах гартаа хутга барьчихсан Рэгзэнхорол ах буланд шахаад хутгыг аваад Амарзаяа хутгыг нь гадаа машинд хийсэн. Бат- Эрдэнэ босоход зүүн талын далнаас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Мэндбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн орчимд үеэл Рэгзэнхоролын гэрт архи уугаад байж байтал гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад харсан. Хүргэн Бат-Эрдэнэ цусандаа холилдсон нэг хүнтэй маргалдаад байсан. Би Түмэнхорол гэх хүнийг Бат-Эрдэнээс салгаад хориод зогссон. Тухайн үед хальт харахад Түмэнхоролын хамраас цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,  

 

Гэрч О.Амарзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны 18 цаг өнгөрч байхад би нөхрийнхөө хамт ажлаа тараад гэртээ ирсэн. Манай нөхөр гэртээ ороод би аавын гэрт орсон. Манай нагац ах Түмэнхорол, Рэгзэнхорол болон Мэндбаяр нар архи уусан байсан. Би “та яагаад архи уугаад байгаа юм бэ” гээд Түмэнхорол ахад хэлтэл “би нөхөртэй чинь уулзана” гээд аавын гэрээс гарсан. Би аавын гэрт байж байтал манай нөхөр Түмэнхорол ах хоёр хашаанд маргалдаад манай нөхөр Түмэнхорол ахыг 2 удаа гараараа цохисон. Түмэнхорол ахын хамараас цус гарсан. Рэгзэнхорол, Мэндбаяр ах хоёр гараад Түмэнхорол ахыг салгасан. Манай нөхөр аавын гэрт орж ирээд сууж байтал гаднаас Түмэнхорол, Рэгзэнхорол, Мэндбаяр ах нар орж ирсэн. Түмэнхорол ах манай нөхөртэй маргалдаад нөхрийн далан дээр буюу гэмтэл авсан зүүн далан дээр баруун гараар нэг удаа цохих шиг болсон. Тэгээд Түмэнхорол ах цонхны тийшээ алхаад явсан. Манай нөхөр босоод аавын гэрээс гарах гээд явсан. Би Түмэнхорол ах руу хартал баруун гартаа хутга барьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Рэгзэнхорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны 15 цагийн үед Мэндбаяр, Түмэнхорол нар согтуу 0.75 грамтай соёрхол архи авсан манай гэрт орж ирсэн. Түмэнхорол агсам тавьдаг тул уг архинаас Түмэнхоролд 3 рүнк өгөөд үлдсэн архийг Мэндбаяр бид хоёр уусан. Түмэнхорол Отгонбаяр ахын гэрт орсон. Удалгүй хүн орилоод бид хоёр хамт гартал Түмэнхорол Бат-Эрдэнэ, Түмэнхорол хоёр хашаан дотор зодолдож байсан. Түмэнхорол Бат-Эрдэнэ рүү дайраад зууралдсан. Түмэнхорол Бат-Эрдэнийг хутгалж байхыг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28  дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №380 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Бат-Эрдэний биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5895 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс шинжилгээнд тэнцэх гарын мөр илрэхгүй байна...” гэжээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /хх-ийн 42-47 дугаар хуудас/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 48-54 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/,  гэрч Б.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /ххи-нй 25 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18-19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Зуун модны зуслангийн 1-3 тоот хашаанд байрлах иргэн Н.Отгонбаярын гэрт хохирогч Б.Бат-Эрдэнэд согтуурхаж маргаан үүсгэн, хоорондоо зүй бус харьцаж улмаар түүний зүүн дал орчимд хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндийн нэвтэрсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Бат-Эрдэнийн “...Түмэнхорол миний хойноос далан дээр хутгалсан...согтууруулах ундааны зүйл хэрэглэж ийм асуудал болсон...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч О.Лхамсүрэнгийн “...нөгөө өрөөнд ороод ирэхэд Түмэнхорол ах гартаа хутга барьчихсан Рэгзэнхорол ах буланд шахаад хутгыг аваад Амарзаяа хутгыг нь гадаа машинд хийсэн. Бат- Эрдэнэ босоход зүүн талын далнаас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч О.Амарзаяагийн “...Түмэнхорол ах манай нөхрийн далан дээр буюу гэмтэл авсан зүүн далан дээр баруун гараар нэг удаа цохих шиг болсон. Тэгээд Түмэнхорол ах цонхны тийшээ алхаад явсан. Манай нөхөр босоод аавын гэрээс гарах гээд явсан. Би Түмэнхорол ах руу хартал баруун гартаа хутга барьсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч С.Мэндбаярын “...Хүргэн Бат-Эрдэнэ цусандаа холилдсон нэг хүнтэй маргалдаад байсан. Би Түмэнхорол гэх хүнийг Бат-Эрдэнээс салгаад хориод зогссон...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Н.Рэнзэнхорлоогийн “...Түмэнхорол Бат-Эрдэнэ, Түмэнхорол хоёр хашаан дотор зодолдож байсан. Түмэнхорол Бат-Эрдэнэ рүү дайраад зууралдсан...” гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Тын “...Бат-Эрдэнэ сандал дээр сууж байхаар нь аяганы тавиур дээр байсан жижиг цагаан иштэй ногоон судалтай хутгаар зүүн дал хэсэгт нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹380 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Б.Бат-Эрдэний биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол,

 

Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /Б-Бат-Эрдэнийн эмнэлгийн тусламж авсан талаар/,

 

Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь согтуурхаж хохирогч Б.Бат-Эрдэнэтэй маргалдан хутга авч улмаар түүний зүүн дал орчимд нь хутгалж хүч хэрэглэж гэмтэл учруулсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь Б.Т гэмтээснийг мэдүүлж, болсон үйл явдлыг харсан гэрч нараас хэргийн байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хэргийн газраас хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Т нь зориуд хутга авч хохирогчид хүч хэрэглэж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Тыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч Б.Бат-Эрдэнээс “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 79 дүгээр хуудас/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Тыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Б.Т нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшсэн, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор болох 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 190 мм урттай бариулын хэсэг 116/20 мм, ажлын хэсэг нь 74/20 мм хэмжээтэй нэг талдаа цэцэгний зурагтай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Б.Тд зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Тд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 190 мм урттай бариулын хэсэг 116/20 мм, ажлын хэсэг нь 74/20 мм хэмжээтэй нэг талдаа цэцэгний зурагтай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                                 Д.ДАРЬСҮРЭН

 

        Х.ИДЭР