| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0176/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 173
2020 02 21 2020/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч Т.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Тд холбогдох эрүүгийн 1903014120052 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 48-1124б тоотод оршин суух, урьд:
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 2.1, 181 зүйлийн 2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн зүүн талын уулзварын замд “Honda civic” маркийн 41- 16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх заалт “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota prius-10 маркийн 63-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Toyota prius-10 маркийн 63-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1903014120052 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг Мөнхжаргал, Бадамдорж, дүү Зоригтбаатар, Одбаатар нарын хамт хамаатаны дүү Сансарбаатарын эзэмшлийн “Тоёота приус-10” маркийн 63-09 УНО улсын дугаартай автомашинтай дүү Одбаатар автомашин жолоодон явж байсан. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талын уулзвараар буюу 17 дугаар сургуулийн уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр уулзвараар орон явж байтал гэнэт тас хийх чимээ гарч өөдөөс буюу уг уулзварын баруун талаас “Honda civic” маркийн 41-16 УНО улсын дугаартай автомашин зүүн гар тийш эргэж орж ирээд уг авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тэр үед би гар утсаараа оролдож яваад анзаарч харахгүй зүүн гараа гэмтээж хугалсан. Дүү Одбаатар машинаасаа бууж өөрийнхөө гар утсаар 102 дугаарын утас болон 103 түргэн тусламж руу залгаж дуудлага, мэдээлэл өгсөн. Зам тээврийн осол гаргасан жолооч Тулгаас эмчилгээний зардалд нийт 1.500.000 төгрөг хүлээж авсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нүүрс авахаар өөрийн хадам аав Мөнхбатын эзэмшлийн “Honda civic” маркийн 41-16 УНО улсын дугаартай автомашинтай Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талын уулзвараар буюу 17 дугаар сургуулийн уулзвараар ертөнцийн зүгээр уулзварын баруун талаас зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр уулзвараар зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед уг уулзвараар ертөнцийн зүгээр уулзварын баруун чиглэлтэй чигээрээ зорчиж явсан “Тоёота приүс-10” маркийн 63-09 УНО улсын дугаартай автомашин би жолоодож явсан автомашинаа зогсоох арга хэмжээ авч тоормоз гишгэсэн боловч уг автомашин өөдөөс хурдтай ирж мөргөлдөж зам тээврийн осол гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-133 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Hond civic 41-10 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Т.Тг драйгер багаж ашиглаж шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Сансарбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өөрийн автомашинд учирсан хохиролдоо жолооч Т.Тгаас зах зээлийн үнэлгээгээр гарсан нийт 3.767.900 төгрөгийн хохирлыг даатгалын байгууллагаас өөрийн дансанд гаргуулан авсан. Миний хувьд зам тээврийн осол гаргасан жолооч Т.Тд ямар нэгэн гомдол санал, болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн зам тээврийн ослын улмаас өөрийн эзэмшлийн “Honda civic” маркийн 41-16 УНО улсын дугаартай автомашинд ямар эвдрэл гэмтэл учирсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Зах зээлийн үнэлгээгээр гарсан 1.970.200 төгрөгийн хохирлоо өөрийн хүргэн Т.Тас нэхэмжлэхгүй. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Г.Одбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг нутгийн ах нар Мөнхжаргал, Бадамдорж, Энхжаргал, Зоригтбаатар нартай өөрийн танил ах Бадамдорж овогтой Сансарбаатарын эзэмшлийн “Тоёота приус-10” маркийн 63-09 УНО улсын дугаартай автомашинтай явж байсан. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талын уулзвараар буюу 17 дугаар сургуулийн уулзвараар өртөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр уулзвараар чигээрээ баруун чиглэлтэй зорчиж явтал өөдөөс буюу уг уулзварын баруун талаас “Honda civic” маркийн 41-16 УНО улсын дугаартай автомашин гэнэт урдуур зүүн гар тийш эргэх үйлдэл хийн орж ирсэн. Би жолоодож явсан автомашинаа зогсоох арга хэмжээ авсан боловч яаж ч чадахгүй уг автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Би машинаасаа бууж өөрийн 86163717 дугаарын гар утсаар дуудлага өгсөн. Би уг зам тээврийн осол газарт нөгөө автомашины жолооч залуугийн хамт үлдэж Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж анх 2 автомашин мөргөлдсөн цэгийг нөгөө жолооч бид хоёр зааж өгөн хэргийн газрын үзлэг, хэмжилтийг хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Г.Бадамдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг нутгийн хүмүүс болох Мөнхжаргал, Энхжаргал, Зоригтбаатар, Одбаатар нарын хамт өөрийн төрсөн хүү Сансарбаатарын эзэмшлийн “Тоёота приус-10” маркийн 63-09 УНО улсын дугаартай автомашинтай Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талын уулзвараар буюу 17 дугаар сургуулийн уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй уулзвараар чигээрээ явж байтал өөдөөс буюу уг уулзварын баруун талаас авто машин орж ирж уг авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Би авто машины урд талын суудалд хамгаалах бүс зүүж хөдөлгөөнд оролцож явсан. 103 түргэн тусламжийн автомашин ирж Энхжаргал бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Мөнхжаргал, Зоригтбаатар нар хамт 103 түргэн тусламжийн автомашинд сууж гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод хүлээн авахын эмчид үзүүлэхэд зүгээр байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч Л.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг нутгийн хүмүүс болох Бадамдорж, Энхжаргал, Зоригтбаатар, Одбаатар нарын хамт танил дүү Сансарбаатарын эзэмшлийн “Тоёота приус-10” маркийн 63-09 УНО улсын дугаартай автомашинтай Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талын уулзвараар буюу 17 дугаар сургуулийн уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй уулзвараар чигээрээ явж байтал өөдөөс буюу уг уулзварын баруун талаас авто машин орж ирж уг автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. 103 түргэн тусламжийн автомашин ирж Бадамдорж, Энхжаргал хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би Зоригтбаатарын хамт 103 түргэн тусламжийн автомашинд сууж гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Бадамдорж, Энхжаргал хоёр үзүүлсэн. Энхжаргал гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Бадамдоржийг зүгээр гээд гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Гэрч Д.Зоригтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг нутгийн хүмүүс болох Бадамдорж, Энхжаргал, Мөнхжаргал, Одбаатар нарын хамт танил дүү Сансарбаатарын эзэмшлийн “Тоёота приус-10” маркийн 63-09 УНО улсын дугаартай автомашинтай Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талын уулзвараар буюу 17 дугаар сургуулийн уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй уулзвараар чигээрээ явж байтал өөдөөс буюу уг уулзварын баруун талаас авто машин орж ирж уг автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. 103 түргэн тусламжийн автомашин ирж Бадамдорж, Энхжаргал хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би Мөнхжаргалын хамт 103 түргэн тусламжийн автомашинд сууж гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Бадамдорж, Энхжаргал хоёр үзүүлсэн. Энхжаргал гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Бадамдоржийг зүгээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №239 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний хөрөнгийн үнэлгээний компаний “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хх-ийн 101-103, 114-116 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны №99 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:
1. Honda civic маркийн 41-16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Төгсбаатар овогтой Тулга нь МУ-ын ЗХД-ийн 15.4 дэх заалт “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Toyota Prius-10 маркийн 63-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ганболд овогтой Одбаатар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-ийн 121-122 дугаар хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 166-188 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Тулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 137 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 138 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 139 дүгээр хуудас/, гэрч М.Нямбаярын мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч Л.Оюундалайгийн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 192-194 дүгээр хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 198 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 204 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн зүүн талын уулзварын замд “Honda civic” маркийн 41- 16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх заалт “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota prius-10 маркийн 63-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Toyota prius-10 маркийн 63-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Хохирогч Г.Энхжаргалын мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч Б.Сансарбаатарын мэдүүлэг,
- Гэрч Г.Одбаатар, Г.Бадамдорж, Л.Мөнхжаргал, Д.Зоригтбаатар, мэдүүлэг,
-Шүүгдэгч Т.Тулгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №239 дугаартай дүгнэлт /Г.Энхжаргалын биед шинжилгээ хийсэн талаар/,
-Тээврийн цагдаагийн албаны №99 дугаартай шинжээчийн дүгнэлт,
-“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
-Өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.
Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Т.Т “Honda civic” маркийн 41-16 улсын дугаартай тээврийнхэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-д заасан заалтыг зөрчснөөр Toyota prius-10 маркийн 63-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.Энхжаргалыг гэмтээсэн болохыг хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Т.Тулгын үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.Тулгыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Т.Т нь хохирогч Г.Энхжаргалд 1.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Сансанбаатарт төлөх төлбөргүй болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Г.Энхжаргалын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 204/ мөн иргэний нэхэмжлэгч Б.Сансарбаатараас “.... Миний хувьд зам тээврийн осол гаргасан жолооч Т.Тд ямар нэгэн гомдол санал, болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Т.Тг бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай сайн дураараа эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Тг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Т.Тас замын хөдөлгөөнд хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Тг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН