| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0177/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 174
2020 02 21 2020/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2009004570212 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хар хорин худалдааны төвд барааны худалдаа эрхэлдэг, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт Төв аймгийн Борнуур сум 1 дүгээр баг Өгөөмөр дэнж 1 гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 15-10 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгийн гурван өнгө” ХХК-ийн ажлын байранд хохирогч Э.Эрдэнэжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “миний биед халдсан” хэмээн маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд баруун нүдний алим, зовхи, хоёр даланд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009004570212 дугаартай хэргээс:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Хохирогч Э.Эрдэнэжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 2020 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө найз Орхоны ажилд туслахаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд байдаг “Хатан сүйх” ХХК-ийн байрны В1 давхарт байдаг “Мөнхийн гурван өнгө” ХХК-ийн байранд очсон. Тэнд очоод Орхон, Ганболд, Орхоны дүү Батболд, Гүндсамбуу нарын хамт 3 шил архи хувааж уусан. Бид нарыг архи ууж байх үед Ганболд, Гүндсамбуу хоёр хоорондоо маргалдаад нэгэнтэйгээ барилцаж авсан. Бид нар тухайн үед Ганболд, Гүндсамбуу нарыг салгасан. Тухайн үед Батболд маргаанд оролцох гээд байхаар нь би Батболдыг маргаанд оруулахгүй гээд бариад авахад Батболд миний баруун нүдийг гараараа цохиод надтай зууралдаж байгаад шат руу унасан. Хэрүүл маргаан болсны дараа миний уур хүрээд хэвлэлийн газрын вакум цонхны хаалгыг баруун гараараа цохиж гарах гэж байгаад хаалганы хагарсан шилэнд баруун гараа цохиж гэмтээсэн. Тухайн үед намайг хэн нэгэн хараагүй. Баруун гарын гэмтлийг хаалганы шил цохиж өөртөө учруулсан. Бусад гэмтлийг Батболд учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хуурай ах Орхоны “Мөнхийн гурван өнгө” нэртэй хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд байдаг хэвлэлийн газарт ажилласан. Хэвлэлийн газарт Орхон ах, Энхбат эгч, Гүндсамбуу, Ганбаа, Эрдэнэжаргал, Ганболд ах бид нар байсан. Орхон ах, Гүндсамбуу, Эрдэнэжаргал, Ганболд ах бид нар 3,4 шил архи хуваагаад уучихсан байсан. Гүндэнсамбуу, Ганболд ах хоёр хоорондоо бага зэрэг маргалдаад байсан. Уг нь тэр хоёрын маргаан болоод дуусчихсан, бүгд гарах гээд Манай найз Ганбаа машинаа халаахаар түрүүлээд гарсан. Араас нь Энхбат эгч бид нар гарсан. Тэрний араас Гүндэнсамбуу, Ганболд гарч ирэхдээ хоорондоо маргалдсан. Би доошоогоо буугаад Гүндсамбуу, Ганболд хоёрыг салгах гээд очиход гэхэд Эрдэнэжаргал ах миний ар талаас үснээс зулгаагаад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би яг аль хэсэгт нь хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна. Тэр үед Гүндсамбуу ирж салгасан. Гүндсамбууг ирж салгах үед Орхон ах бас ирсэн. Эрдэнэжаргал бид хоёрыг салгачихсан байх үед Эрдэнэжаргал ах дахиад намайг үсдээд аваад би бас зөрүүлээд Эрдэнэжаргалыг үсдсэн. Эрдэнэжаргал бид хоёрыг нэгнийгээ үсдсэн хэвээрээ шатны дээшээ унасан. Тэгээд Эрдэнэжаргал ах намайг нэг гараараа миний үснээс зулгаагаад нөгөө гараараа намайг цохиод байхаар нь би ч гэсэн нэг гараараа Эрдэнэжаргалын үснээс зулгаагаад нөгөө гараараа Эрдэнэжаргалын толгой хэсэгт харилцан цохилцсон. Би Эрдэнэжаргалын толгойн аль хэсэгт, хэдэн удаа цохисноо санахгүй байна. Эрдэнэжаргал бид хоёрыг манай найз Ганбаа орж ирж салгасан. Би өөрийн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1505 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Э.Эрдэнэжаргал биед баруун шууны тараагуур судас, булчин, мэдрэл гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний алим, зовхи, хоёр даланд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Баруун шууны судас, булчин, мэдрэл гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Баруун шууны тараагуур судас, булчин, мэдрэл гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэжээ /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Т.Орхон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Хатан сүйх” ХХК-ийн байрны В1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн гурван үсэг” хэвлэлийн газартаа өөрийн найз Эрдэнэжаргал, дүү Гүндсамбуу, найз Ганболд, Батболд нарын хамт ажилласан. Бид нар ажлаа дуусаад шөнийн 03:00 цагийн үед 3-4 шил архи хувааж уусан. Бид нар архи ууж байхдаа ажлын асуудлаас болоод бага зэрэг маргалдсан. Манай найз Ганболд, эхнэрийн дүү Гүндсамбуу хоёр хоорондоо маргалдаад гарсан. Батболд тэр хоёрыг салгах гээд гарсан. Тэгтэл Эрдэнэжаргал Ганболдыг өмөөрөөд Батболдыг хэрүүл маргаанд оролцох нь гэж бодоод Батболдыг үстээд авсан. Би араас нь очоод хэрүүл маргааныг салгасан. Эрдэнэжаргал буцаж ороод гартаа савхин бээлийгээ өмсөөд буцаж гарч ирээд Батболдтой дахиад барилцаж аваад хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон. Тэр хоёрыг хэн нь хэнийгээ хэдэн удаа цохиж зодсоныг хараагүй. Эрдэнэжаргал нь Батболдод цохиулаад нэг нүд нь хөхөрчихсөн байсан. Би тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь гаргаад Эрдэнэжаргал, Ганболд хоёрыг буцаагаад өрөө рүүгээ аваад орсон. Би Эрдэнэжаргалыг тайвшруулчихаад гадаа гаргасан хэдийгээ явуулах гэж уулзчихаад буцаад ороход Эрдэнэжаргал вакум хаалганы шил гараараа цохиод хагалчихсан гарнаас бөөн цус гарчихсан байсан. Тухайн үед Эрдэнэжаргал, Батболд хоёр хоорондоо зодолдож цохилцсон. Өөрөөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Г.Гүндсамбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Мөнхийн гурван өнгө” гээд бэр эгч Энхбатын ажилуулдаг хэвлэлийн газарт туслахаар өдрийн 13:30 цагийн үед очсон. 18 цагийн үед хүргэн ах Орхон, хамт ажилласан. Эрдэнэжаргал, манай найз Батболд бид дөрөв хэвлэлийн газарт 3-4 шил архи хувааж ууцгаасан. Хэдэн цагийг нь санахгүй байна, шөнө манай эгч Энхбат хоол унд авчирч өгсөн. Бид нар архи ууж байх үед Эрдэнэжаргал ах бид нарт агсам тавиад чанга, чанга орилоод байсан. Энхбат эгч уурлаад бид нарыг “одоо харь, архи ууж ажиллана” гэж байхгүй гэж хэлсэн. Энхбат эгч намайг дагуулаад хэвлэх газраас гарсан. Тэгээд гадаа гараад байж байтал бөөн цус нөж боллоо гээд дуудсан. Ороод харахад хаалга бакум хаалга хагарчихсан, Эрдэнэжаргал гараа шилэнд зүсээд бөөн цус, нөж болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14:00 цагийн үед манай найз Гүндсамбуу намайг дуудахаар нь хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд байдаг хэвлэлийн газарт очсон. Тэгээд орж гараад шөнийн 01:30 цаг хүртэл хэвлэлийн газарт ажилсан. Намайг өдөр 13:00 цагийн үед ирэхэд Гүндэнсамбуу, Батболд, Эрдэнэжаргал гурав бол архи уучихсан байсан. Оройны 22:00 цагийн үед намайг гаднаас орж ирэхэд Орхоны эхнэр гээд эмэгтэй бас ирчихсэн байсан. Бид нар шөнийн 01:00 цагийн үед бид нар тарах гээд би хамгийн түрүүнд машинаа халаах гээд гарсан. Тэгтэл Орхон ахын эхнэр намайг дуудсан. Би хэвлэлийн газарт ороход Орхон ах Гүндсамбуу, Батболд, Эрдэнэжаргал нар хоорондоо зууралдчихсан байсан. Би гүйж ороод тэд нарыг салгасан. Эрдэнэжаргал ах гартаа хар өнгийн савхин бээлий өмсчихсөн суугаад байсан. Намайг салгасны дараа Эрдэнэжаргал ах хэвлэлийн газар руу орсон. Би Гүндсамбуу, Батболд, Орхон ахын эхнэр бид дөрөв хэвлэлийн газраас гарсан. Орхон ах орцонд суугаад үлдсэн. Би хэвлэлийн газрын үүднээс Батболдыг аваад тэндээс машинтайгаа явсан. Гүндсамбуу, Орхоны эхнэр нар үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Э.Энхмаагийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгийн гурван өнгө” ХХК-ийн ажлын байранд хохирогч Э.Эрдэнэжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “миний биед халдсан” хэмээн маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд “баруун нүдний алим, зовхи, хоёр даланд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Эрдэнэжаргалын мэдүүлэг, гэрч Т.Орхон, гэрч Г.Гүндсамбуу, гэрч Б.Ганбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1505 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Эрдэнэжаргалаас “...Батболдтой сайн дураараа эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН