Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

     Зохигч талуудын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 32 тоотод байрлах “Сүсан” ХХК-д холбогдох,

Татварын өр төлбөрт 41 710 190 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Бадам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус татварын хэлтэстэй харьцдаг 2570033 тоот регистрын дугаартай “Сүсан” ХХК нь Уул уурхай орборлолтын туслах бусад үйл ажиллагаа явуулдаг. 1999 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус хуулийн этгээд нь татварын албанд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын байдлаар татварын өр 41 710 190 төгрөгийн татварын өрийг одоог хүртэл барагдуулахгүй хүндрэл учруулж байна. Үүнд:

2015-2016 оны Дотоодын бараа үйлчилгээ НӨАТ 9 169 088 төгрөг,

2015-2016 оны Нийслэл хотын албан татвар НХӨТ 270 917 төгрөг,

2016 оны  Хувь хүний орлогын албан татвар 79 107 төгрөг,

2013-2015 оны Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 31 026 705 төгрөг,

2015 оны Хяналт шалгалтын акт 1 164 371 төгрөг,

Алданги 57 551 төгрөг,

Торгууль 255 420 төгрөг,

Хувь хүний орлогын албан татвар 851 400 төгрөг байна.

Дээрхи өрийг барагдуулахаар Монгол улсын татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах талаар банкинд данс хаах тухай мэдэгдэх хуудас хүргүүлж дансыг хаасан. Хуулийн 67  дугаар зүйлийн 67.1-д “Татварын албаны даргын шийдвэрээр татварын улсын байцаагч нь татварын өртэй татвар төлөгчийн эд зүйл, мөнгөн хөрөнгө, баримт, байр агуулах эд хөрөнгийг дараахь үндэслэл хугацаагаар битүүмжилж болно” гэж заагдсанд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн болно. Учир дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна.

Иймд “Сүсан” ХХК-иас нийт 41 710 190 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

             

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Сүсан” ХХК-д холбогдуулан татварын өр, төлбөрт 41 710 190 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд ”...Хан-Уул дүүргийн татварын хэлтсийг төлөөлж Э.Насанбат, “Сүсан” ХХК-ийг төлөөлж захирал Д.Сүхбаатар нар харилцан тохиролцож байгуулав.

1.1.1.Татварын өр болох 41 170 190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж авах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10 669 100 төгрөгийг төлж барагдуулсан. Дээрхи дүнгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

1.1.2.Татварын үлдэгдэл өр болох 31 041 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч төлж барагдуулан.

1.2.2.Хариуцагч нь талуудын эвлэрэн тохиролцсон үнийн дүн болох 31 041 200 төгрөгийг доор дурдсанаар төлөхөөр тохиролцов. Үүнд:

А.1 500 000 төгрөгийг 2016 оны 6 сарын 30-ны өдрийн дотор,

Б.1 500 000 төгрөгийг 2016 оны 7 сарын 31-ний өдрийн дотор,

В.1 500 000 төгрөгийг 2016 оны 8 сарын 30-ны өдрийн дотор,

Г.1 500 000 төгрөгийг 2016 оны 9 сарын 31-ний өдрийн дотор,

Д.1 500 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 30-ны өдрийн дотор,

Е.1 500 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 30-ны өдрийн дотор,

Ё.22 041 200 төгрөгийг 2016 оны 12 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэсийн дансанд төлж барагдуулахаар үүрэг хүлээв” гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 41 170 190 төгрөгнөөс хариуцагч нь 10 669 100 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 31 041 200 төгрөгийн хэмжээнд зохигч эвлэрч, уг 31 041 200 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 041 200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.       

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                     

                                                                                       

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн  нэхэмжлэлтэй, хариуцагч “Сүсан” ХХК-д холбогдох татварын өр, төлбөрт 41 710 190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 31 041 200 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч “Сүсан” ХХК нь уг 31 041 200 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 22 041 200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Сүсан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 156 578 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

      

 

 

 

ШҮҮГЧ                          Д.ХУЛАН