Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 134

 

2016 оны 06 сарын 23 өдөр

           Дугаар 183/ШШ2016/00134                                              Улаанбаатар хот

        

         

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3 байр, 13 тоотод оршин суух Онолт овогт Рэнцэнгийн Оюун-Отгоны /РД: ШГ77050207/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57а байр, 8 тоотод оршин суух Санжтан овогт Жамъяандоржийн Пүрэвдоржид /РД:ЧР78051712/ холбогдох

            Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

             Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57а байр, 8 тоотод оршин суух Санжтан овогт Жамъяандоржийн Пүрэвдоржийн

            Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3 байр, 13 тоотод оршин суух Онолт овогт Рэнцэнгийн Оюун-Отгонд /РД: ШГ77050207/ холбогдох,

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 575 000 төгрөг гаргуулах, зээлийн баталгаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Оюун-Отгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар /ШТЭҮ-0150/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү /ШТЭҮ-0514/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Оюун-Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Р.Оюун-Отгон миний бие 2015 оны 6 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулан 23 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар Ж.Пүрэвдоржоос зээлж авсан. Уг өдөр зээлдүүлэгч барьцааны гэрээ хийх шаардлагагүй харин найдвартай нь дээр зээлийн гэрээний барьцаа болгож Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива Сити хотхоны 3/13 байр, 2-4 тоот, 30,3 м2 орон сууцыг үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн. Худалдах худалдан авах гэрээ хийхдээ Ж.Пүрэвдорж нь уг гэрээгээ барьцааны гэрээ гэж ойлгуулсан.

Уг зээлж авсан мөнгөө өөрийн төрсөн ах Р.Оюунболд түүний эхнэр Б.Хонгорзул нарт тендерийн ажил авахад зориулж хэрэглүүлсэн. Одоо миний бие нь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Вива сити хороолол 3/13 байр 2-4 тоотод оршин сууж амьдарч байгаа болно.

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хийгдсэн хэлцэл тул 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Пүрэвдорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Ж.Пүрэвдорж би 2015.6.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 23 000 000 төгрөгийг ердөө 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно.

Энэ зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож Р.Оюун-Отгоны өөрийн өмчлөлийн ХУД-ийн 4 хороо, Вива сити хороолол, 3/13 байр, 2-4 тоот 30,3 м.кв 1 өрөө орон сууцыг зээлийг төлж дуусгах хүртэлх хугацаанд иргэн Ж.Пүрэвдорж миний нэр дээр шилжүүлсэн юм.

Зээл авах хүсэлт тавихад анхнаасаа л Р.Оюун-Отгонтой ярилцан тохиролцож би зээлийг олгож, баталгаанд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн. Хэрвээ зээлээ бүрэн төлж барагдуулсны дараа буцаан шилжүүлэхэд татгалзахгүй.

Р.Оюун-Отгон нь байнга хууран мэхлэж худлаа ярин зугтаасаар одоо жил болж байгаа бөгөөд надаас авсан зээлээ төлөхөөс зайлсхийж гэрээг хүчин төгөлдөр бусад тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Ж.Пүрэвдорж би Р.Оюун-Отгоны хүсэлтийн дагуу 2015.6.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 23 000 000 төгрөгийг зээлсэн.

Иймд үндсэн зээл 23 000 000 төгрөг, 210 хоног хэтэрсний алданги 50 хувь болох 12 075 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, нийт 37 575 000 төгрөг гаргуулж, миний хохирлыг барагдуулах, хэрэв зээлийг төлж барагдуулахгүй бол дээрх зээлийн баталгаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Оюун-Отгон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Оюун-Отгон миний бие нь иргэн Ж.Пүрэвдоржоос зээлийн гэрээ хийж мөнгө зээлсэн нь үнэн. Зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үнийг төлнө. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн боловч зээлдэгч миний бие амаараа гэрээг сунган хүүг төлж байсан болно. Зээлдэгчийг худлаа мэхлэж байсан удаа байхгүй бөгөөд бид байнга холбоотой байсан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан эвлэрэх хүсэлтийг зөвшөөрч байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх юм бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэхэд татгалзахгүй гэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үнийн дүн, зээлийг эргэн төлөх хугацааны асуудлыг тохирвол эвлэрэх саналтай байна. Үнийн дүнг 35 000 000 төгрөгөөр тооцоод, хугацааг 3 сараар тохирвол эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1.Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3-13 байр, 2-4 тоот 30 м.кв орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Пүрэвдорж нь ямар нэгэн саадгүйгээр өөрийн нэр дээрээс буцаан шилжүүлэх,

2.Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс талууд 35 000 000 төгрөгөөр тохирч, уг мөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 09-нд Р.Оюун-Отгоны зүгээс Ж.Пүрэвдоржид өгөхөөр тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Оюун-Отгон нь хариуцагч Ж.Пүрэвдоржид холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн, хариуцагч Ж.Пүрэвдорж нь нэхэмжлэгч Р.Оюун-Отгонд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 575 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн баталгаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигч талууд эвлэрч, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3-13 байр, 2-4 тоот 30,3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү-2206029225 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Пүрэвдорж нь ямар нэгэн саадгүйгээр өөрийн нэр дээрээс буцаан шилжүүлэх,

хариуцагч Ж.Пүрэвдорж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг зээлийн баталгаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж, зохигч талууд 35 000 000 төгрөгийг хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч Р.Оюун-Отгон нь уг 35 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний дотор маргаангүйгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.  

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                  

                      ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р.Оюун-Отгоны хариуцагч Ж.Пүрэвдоржид холбогдох үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Ж.Пүрэвдоржийн нэхэмжлэгч Р.Оюун-Отгонд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 575 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн баталгаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ж.Пүрэвдорж нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3-13 байр, 2-4 тоот 30,3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү-2206029225 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Пүрэвдорж нь ямар нэгэн саадгүйгээр өөрийн нэр дээрээс буцаан шилжүүлэх,

хариуцагч Ж.Пүрэвдорж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг зээлийн баталгаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж, зохигч талууд 35 000 000 төгрөгийг хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч Р.Оюун-Отгон нь уг 35 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний дотор маргаангүйгээр төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 130 000 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс 332 950 төгрөг гаргуулж хариуцагчид  олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

  4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ХУЛАН