Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/75

 

    

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-од холбогдох эрүүгийн 2038001180064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Т.

Шүүгдэгч Д.Т- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн үед гэртээ согтуугаар эхнэр Л.Б-ийг хардалтын улмаас нүүр лүү гараараа алгадсан, өмсөж явсан дээлний захаар хоолойг боосон, гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр Л.Б-ийг нүүр рүү гараараа алгадаж, өмсөж явсан дээлний захаар нь хоолойг нь боож, гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн дээд, доод зовхи, дух, эрүү, хоолой, баруун бугалга, зүүн өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
  • Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 14-22 дугаар хуудас/,
  • Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой манай нөхөр Д.Т- гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд намайг нь зүгээр байж байхад хэл амаар доромжпоод уурлаж хэлсэн. Би өөрийгөө өмөөрч нөхөр Д.Т-той хэрэлдсэн чинь намайг орон дээр сууж байхад хоёроос гурван удаа алгадаж цамцаар минь боосон. Тухайн үед миний ухаан балартсан. Гараараа толгой руу хэд хэдэн удаа хүчтэй цохисон. ...нөхөр Д.Т- маань 2014 оноос эхлэн архины хамааралтай болсон. Үүнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хэл амаар доромжилж зоддог болсон. Нөхөр Д.Т- маань жилдээ 2-оос 3 удаа зоддог байсан. Гэхдээ би түүнд зодуулж байхдаа огт цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Энэ удаад л тэвшиж чадахаа болиод цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 30-31 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02:00 цагийн үед миний гар утас руу үл таних дугаараас дуудлага ирээд “Та Л.Б-ийн ээж мөн үү. Л.Б- нөхөртөө зодуулаад таталт өгөөд Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хоёр цагдаа оруулж ирж хэвтүүллээ” гэдгийг хэлсэн. ...Д.Т- архи их уудаг, архи уухаараа Л.Б-ийг хий хардаж, хэл амаар доромжилж, зодож цохидог. Д.Т- Л.Б-ийг байнга зодож цохидог. Үүний өмнө 2019 оны 08 дугаар сард Д.Т- Л.Б-ийг зодож нүд, нүүр, биеийг нь хавдаж, хөхөртөл нь зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би ажлаа тарчихаад орой 18 цаг өнгөрч байх үед гэртээ очсон. Гэртээ очоод хоол цайгаа хийх гээд байж байхад Д.Т- ахын хүүхэд Отгон-Эрдэнэ манай гэрт гүйж орж ирснээ аав, ээж хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад ээжийн гэрээр ороод Болор эгчийг аваад Д.Т- ахын гэрт орсон. Тэдний гэрт ороход Л.Б- эгч орон дээрээ хэвтчихсэн, Д.Т- ах дарчихсан байдалтай хоёулаа хэрэлдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаартай: “1. Л.Б-ийн биед тархи доргилт, баруун, зүүн дээд, доод зовхи, дух, эрүү, хоолой, баруун бугалга, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Л.Б-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Л.Б-ийн өмсөж байсан цамцных нь захнаас татаж хоолойг нь шахаж боогоод арагш нь ор руу түлхээд унагаасан. Л.Б- ухаан балартаагүй байх намайг яв, зайл л гээд байсан. Л.Б-ийг би өмнө олон зодож байсан. Миний хувьд гэм буруугийн асуудал дээр маргах зүйл огт байхгүй байна. Би эхнэр Л.Б-ийгээ эмнэлэгт хэвтэж байхад нь түүнээс уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Т-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/,
  • Д.Т-ын О-н төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
  • Д.Т-ын О-н төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Д.Т- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Д.Т- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Л.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “Би гомдолгүй, нэхэмжлэх ямар нэгэн зүйлгүй” /хх-ийн 31/ гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Т-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар буюу “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Т- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Т-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид “400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах санал гаргасан, шүүгдэгчээс “миний хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, торгууль төлөх боломжтой тул надад торгох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Д.Т-од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ