Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 698

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т  ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн Т  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан №00000 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Засгийн газрын тогтоолын дагуу тодорхой солбилцол бүхий талбайд сонгон шалгаруулах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай саналыг 2015 оны 2 дугаар сараас нийтэд хандан гаргасан. Үүний дагуу Т  ХХК нь холбогдох баримтуудыг бүрдүүлэн, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим системд нэвтрэх VPN төхөөрөмж болон цахим системд нэвтрэх эрхийг худалдан авах үйлчилгээний хөлс, хураамжуудыг тус тус төлсөн. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өргөдлийн цахим системд нэвтрэх эрхээ авч Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумдуудын нутаг дамнасан Их-Уул гэдэг газарт 1103 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдлөө гаргасан ба 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өргөдлийг бүртгэж, өргөдлийн бүртгэлийн №00000 дугаар олгосон.

      Үүний дараа манай компанийг сонгон шалгаруулалтад шалгарсан болохыг олж мэдсэн ба Кадастрын хэлтсээс Баянхонгор аймгийн Засаг даргаас санал авч, холбогдох шийдвэрийг гаргана, хүлээж байгаарай гэсэн. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7/4165 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан. Тус мэдэгдлийн дагуу Кадастрын хэлтэст биечлэн очиж, шийдвэртэй танилцсан. Аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал ирсэн гэх үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гарсан байх ба уг шийдвэрийн 1 дүгээр заалтын 56-д Т  ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

       Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заажээ. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 10 дугаар зүйлд “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэжээ.

       Эндээс дүгнэхэд аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзах санал өгөх эсэх нь үзэмжээрээ шийдэх асуудал биш, харин хуульд заасан үндэслэлээр л татгалзсан хариу өгөхөөр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д тодорхой заасан байна

       Гэтэл Баянхонгор аймгийн Засаг дарга 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн гэж үзэж байна. Тухайлбал, “дэмжихгүй” гэх саналын үндэслэлээ 2 сумаас санал авахад “Баацагаан сумаас дэмжихгүй гэсэн байна” гэсэн гэжээ. Уг саналд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжинэ” гэсэн агуулгатай Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар албан бичиг, “дэмжихгүй” гэсэн агуулгатай Баацагаан сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгүүдийг тус тус хавсаргаж, Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна.

     Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ... тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заажээ. Гэтэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын тухайд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй, сумын Засаг дарга “жилийн 4 улиралд 10-15 айл, өрх, зуны улиралд 20-25 өрх отроор нутаглаж мал сүргээ ундаалдаг булаг шанд ихтэй отрын бүс нутаг юм. Энэ газарт ашигт малтмалын хайгуул хийлгэхгүй байх талаар багийн иргэдээс санал гарч байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг уламжилж байна” гэсэн хариуг өгсөн байдаг. Харин Баянцагаан сумын тухайд 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 12 дугаар тогтоолоор батлуулсан боловч тогтоолд бичигдээгүй орхигдсон, хурлын тэмдэглэлд дэмжигдэхээр хэлэлцсэн байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохыг уламжилъя гэсэн байдаг.

Ийнхүү аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу тухайн талбай байрших Баацагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг биш сумын Засаг даргын саналыг үндэслэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан хуульд заасан үндэслэлээр буюу хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэрэг үндэслэл тогтоогдоогүй байхад 2 сумын нэг нь дэмжээгүй гэх хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгсөн. Уг үндэслэлгүй хариуг Кадастрын хэлтэс хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19, 20 дугаар зүйлүүдийг харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрлийг 1. Өргөдлийн журмаар, 2. Сонгон шалгаруулалтын журмаар гэх 2 аргаар олгох боломжтой байна. Ийнхүү сонгон шалгаруулах байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Ашигт малтмал, газрын тосны газраас нийтэд санал гаргахдаа тухайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан, хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирсэн өргөдөлд дурдагдсан талбайтай давхцаж байгаа эсэх анхны шүүлтийг хийсний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарладаг гэж ойлгож байгаа. Анхны шүүлтээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай болохыг мэдсээр байж, аймгийн Засаг даргын үндэслэлгүй саналыг үндэслэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны үйл ажиллагааны “хуульд үндэслэх”, “шийдвэр нь үндэслэлтэй” байх зарчмыг даган биелүүлээгүй үндэслэлгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумдын нутагт байх Их-Уул нэртэй газрын солбилцол бүхий 1103 га талбай нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасны дагуу тусгай хэрэгцээний газар болохыг нотлоогүй, Баянхонгор аймгийн Засаг даргын үндэслэлгүй саналыг үндэслэж шийдвэр гаргаж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг зөрчиж, улмаар хуульд заасан болзол шалгуурыг хангаж, төрийн захиргааны байгууллагаас зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олж авах хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр зөрчиж, гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй олон жилээр сунжруулж чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн Т  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан №00000 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан уг шийдвэрийг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан. Харин Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолын 10 дугаар зүйлд “ Энэ хуулийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно гэдэг нь энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайд холбогдох хуулийн дагуу нөөцөд оруулсан болон тусгай хэрэгцээний журмыг үндэслэж тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг хүргүүлэхийг ойлгоно” гэж заасан.  

Гэтэл тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Баянхонгор аймгийн Засаг даргын саналд энэ тухай үндэслэл тодорхой тусгагдаагүй байна. Аймгийн Засаг дарга Баацагаан болон Баянцагаан сумын Засаг дарга нараас хариу санал авсан. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Баацагаан сумын Засаг дарга “тухайн талбай нь оторын бүс нутагт хамаарна, зундаа 10-15 айл нүүдэллэдэг, өвөлдөө 20-25 айл оторлодог учраас олгох боломжгүй” гэсэн үндэслэлээр дэмжээгүй ба Баянцагаан сумын Засаг дарга нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрт “бид энэ асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн, гэхдээ энэ талаар хурлын тогтоолд тусгагдаагүй хурлын тэмдэглэлд тусгагдсанаар энэ нь тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж байна” гэсэн хариу өгсөн. Үүнээс үзэхэд Баянцагаан сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн, харин Баацагаан сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн эсэх нь тодорхойгүй, зөвхөн сумын Засаг дарга нь өөрийн саналаа өгсөн. Энэ саналыг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, мөн саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна. 

Өргөдлийн журмаар өгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан буюу хамгийн түрүүнд бүртгэгдсэн. Сонгон шалгаруулалтад ороогүй, харин өргөдлийн журмаар орсон, өргөдлийн дугаарт бүртгэгдэж, хамгийн түрүүнд өргөдөл гаргах шаардлагыг хангасан. 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим системд нэвтрэх VPN төхөөрөмж болон цахим системд нэвтрэх эрхийг худалдан авах үйлчилгээний хөлс, хураамжуудыг тус тус төлсөн. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өргөдлийн цахим системд нэвтрэх эрхээ авч хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдлөө гаргасан ба 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өргөдлийг бүртгэж, өргөдлийн бүртгэлийн №00000 дугаар олгосон. Эхлээд Баянхонгор аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирсэнийг танилцаж, дахин санал авахуулах хүсэлт гаргаснаар санал авахаар дахин явуулсан. Түүнээс хойш ямар нөхцөл байдал үүсээд, ямар шатандаа явж байгааг мэдээгүй. Утсаар асуухад шийдвэрлэгдээгүй байгаа л гэдэг байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар дэмжихгүй талаар баримт ирснээр мэдсэн. 2015 оны 08 дугаар сард 03-ны өдөр дахиж дэмжихгүй гэдэг санал ирснийг тухайн үед нь мэдээгүй. Тусгай зөвшөөрлийг олгох тухай асуудлаар Баянхонгор аймгаас нь очиж  асуугаагүй. Дэмжихгүй гэдэг саналыг 2017 оны 06 дугаар сарын 20-ны  өдөр шуудан хүлээж аваад мэдсэн. Аймгийн Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр дээр л маргаж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу шууд шүүхэд хандсан. Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж дүгнээд захирганы хэрэг үүсгэсэн.  54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, энэ ажиллагаа хийгдэх боломжтой гэж шүүх үзсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас нэхэмжлэл гаргах үед татгалзах байсан. Харин уг заалтыг үндэслэлгүйгээр шүүх захиргааны хэрэг үүсгэсэн байгаа тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг шаардлагагүй гэж үзсэн байна” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т  ХХК-иас “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн Т  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан №00000 тоот өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Т ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумдын нутаг Их-Уул нэртэй 1098.08 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган №00000 дугаарт бүртгүүлсэн байна.

Дээрх компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Баянхонгор аймгийн Засаг даргад 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/2466 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр албан бичгээр Баацагаан сумаас санал авсан тул “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн байна. Т  ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15/10 тоотоор манай байгууллагад хандан албан бичиг ирүүлсэн ба тус албан бичигт хуульд заасан үндэслэлгүйгээр буцаасан тул дахин санал өгнө үү гэсний дагуу 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6/5237 дугаар албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг даргад санал авахаар хүргүүлсэн.

2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар саналаар №00000 дугаар өргөдөлд дурдсан солбилцол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй" санал ирүүлсэн байна. Баянхонгор аймгийн Засаг дарга хоёр сумын Засаг даргаас санал авахад Баацагаан сумаас дэмжихгүй санал ирүүлсэн ба Баацагаан сумын нутгийг дамнасан Их-Уул нэртэй талбай нь отрын бүс нутагт багтдаг малчдын мал сүргээ ундаалдаг булаг, шанд ихтэй нутаг учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэжээ.

Аймгийн Засаг даргаас 2 удаа “дэмжихгүй” санал ирүүлсэн тул Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно. Иймд Т  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Т  ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн Т  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан №00000 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч Т  ХХК нь Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумдын нутагт орших Их-Уул нэртэй 1098.08 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн №00000 дугаарт бүртгэжээ. 

        Уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн Баянхонгор аймгийн Засаг даргаас санал авахаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/2466 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч Баянхонгор аймгийн Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1а/419 тоот албан бичгээр “дэмжихгүй” гэсэн 34 дугаартай саналыг ирүүлж, улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6/5237 тоот албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргаас дахин санал авахаар хүргүүлэхэд тус аймгийн Засаг даргаас 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1а/625 тоот албан бичгээр дахин “дэмжихгүй” гэсэн 45 дугаартай саналыг тус тус ирүүлжээ.  

Нэхэмжлэгч Т  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх санал авахтай холбогдуулан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/135 дугаар албан бичгээр “Баянцагаан, Баацагаан сумдын нутгийг дамнасан Их уул нэртэй 1098,08 га талбайтай хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн газар нь булаг шанд ихтэй сумын отрын бүс нутаг” гэх үндэслэлээр “дэмжихгүй” санал, харин тус аймгийн Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” саналыг тус тус аймгийн Засаг даргад уламжилсан байдаг. 

Гэвч Баянхонгор аймгийн Засаг дарга дээрх байдлаар буюу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1а/419, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1а/625 тоот албан бичгээр “дэмжихгүй” гэсэн 34, 45 дугаартай саналуудыг тус тус ирүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга аймгийн Засаг даргын дээрх саналуудыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр Т  ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7/4165 дугаар албан бичгээр энэ тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс “... аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн хуульд заасан үндэслэлгүй хариуг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэж маргаж байгаа ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэх саналын талаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж зааснаар аймгийн Засаг даргаас “дэмжсэн” хариу өгсөн бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байх тул аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн  үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэх заалтын “аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналын хууль зүйн үндэслэлтэй эсэх”-ийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэх үүрэггүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн заалтад “дэмжихгүй” гэсэн санал нь нийцсэн эсэхийг, өөрөөр хэлбэл “дэмжихгүй” гэх санал нь хуульд заасан үндэслэлтэй эсэхийг аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус уг “санал”-ыг хуульд заасан үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэж шийдвэрлэх боломжгүй юм. 

Иймд аймгийн Засаг даргаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал өгсөнийг үндэслэн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах боломжгүй.  

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй хугацаа алдсан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл биш байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй байх хэдий ч энэ журмыг одоо хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.  

Иймд нэхэмжлэгч Т  ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн Т  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан №00000 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5. 19.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн Т  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан №00000 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий Т  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.ХАЛИУНА