Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0142

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, өмгөөлөгч Э.Ж, Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Л.Г, гуравдагч этгээд П.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, өмгөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 800 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 800 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.10, 20.1.14, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.З-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 гудамж, 360 тоот хаягт байрлах 244м.кв хувийн сууц болон гараашийг Ж.Д-ийн нэр дээр бүртгэсэн Ү-2203008324 дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 00230265 дугаартай гэрчилгээ, уг эд хөрөнгийг П.Б-ын нэр дээр бүртгэсэн Ү-2203008324 дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 000480048 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд П.Б-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан 2020 онд хийж гүйцэтгэсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоотод хийсэн талбайн хэмжилтийн дүгнэлтэд хувийн сууц болон гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 266,63 м.кв хэмжээгээр иргэн П.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 гудамж, 360 тоот хаягт байрлах 455 м.кв газрыг өмчлөх, эзэмших эрхтэй этгээд болох нь тогтоогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг  даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар тус 455 м.кв хэмжээ бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Мөн 2008 онд тус 360 тоот хаягт байрлах нийт 542,38 м.кв хэмжээ бүхий /Г-2203001453/ газар, 187,5 м.кв хэмжээ бүхий /Y-2203017521/ гараашийг иргэн Я.Б-аас тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлж байсан. Тус 360 тоот хаягт байрлах газрын нийт хэмжээ 541,92 м.кв бөгөөд Б.Б-ийн эзэмшлийн 455 м.кв газраас гадна үлдэх 86,92 м.кв газрыг 2012 онд Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэл хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэн эрх олгосон зүйлгүй болно. Дээр дурдсан 86,92 м.кв газрын дээр мөн 86,92 м.кв хэмжээ бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрладаг бөгөөд анх 2001 онд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 4 удаа өмчлөгч нь солигдож, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ж.Д 86,92 м.кв хэмжээтэйгээр “Анод банк”-аас худалдан авч, өмчлөлдөө бүртгүүлсэн байна. Гэтэл Ж.Д нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн 86,92 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн /Ү-2203008324/ хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн 244 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болгож барилгаа дээш 2 давхар болгон өргөтгөсөн мэтээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан мэдүүлэг болон хүсэлтдээ “Ж овогтой Д миний бие Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008324 дугаартай, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоот хувийн сууц, гаражийн гэрчилгээнд 86,92 м.кв талбайтай гэж бүртгүүлэх үедээ бодит хэмжээг тусгалгүй бүртгүүлсэн байх бөгөөд анх хувийн сууцыг нэг давхар байсныг өргөтгөж хоёр давхар болгон барьсан” гэх байдлаар дурдсан атлаа, мэдүүлэгт хавсаргаж өгсөн барилгын “План зураг”-т 360 тоот хаягт байрлах 86,92 м.кв хэмжээ бүхий сууцны зэргэлдээ орших өмнө нь Б.Б-ийн өмчлөлд байсан гараашийг тухайн үед хэн нэгэн этгээдийн өмчлөлд бүртгэгдээгүй байхад өөрийнх нь барилгын хамт нэг обьект мэтээр дүрсэлж, барилгын суурийн хэмжээг нэмэгдүүлэн 244 м.кв хэмжээгээр гэрчилгээ гаргуулан, нэхэмжлэгч Б.Бийн эзэмшлийн 455 м.кв газар дээр давхцуулан, өмчлөлдөө бүртгүүлсэн нь хууль бус болно. Анхан шатны шүүх “...(Ж.Д-гийн) эд хөрөнгийн талбайн өөрчлөлт орсныг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, ... бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль тогтоомжид нийцсэн” гэж үндэслэлгүйгээр дүгнэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.3, 12 дугаар зүйлийн 12.4.1 болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Улсын бүртгэгч дараахь эрхтэй” гээд 12.4.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах" гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна" гээд 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж тус тус зохицуулсан. Гуравдагч этгээд Ж.Д нь дээрх байдлаар барилгын хэмжээг нэмэгдүүлэн 244 м.кв талбай бүхий барилга болгож худал мэдүүлэг гаргахдаа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн баримт бичиг болох газар эзэмшүүлэх тухай захирамжид үндэслэн гарсан 0351124 дүгээр “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хавсаргаж өгсөн байдаг. Мөн үүнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны ... 247 тоот шийдвэр, ... 252 тоот магадлал, ... 156 тоот тогтоол /бүхий хэрэгт/ бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээр болон хариуцагчаар оролцоогүй тул Ж.Дд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг мэдэх бололцоогүй байсан" гэх байдлаар Ж.Дгийн мэдүүлэгтээ хавсаргасан баримт бичгийг хянан үзэх үүргээ биелүүлээгүй болохоо дурдсан байхад анхан шатны шүүх “...Эд хоронгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд эрхийн улсын бүртгэл нь өмчлөгчөөс гаргасан мэдүүлэгт үндэслэхээр заасан байх ба хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн, 14.2-т хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглохоор хуульчилсан байх тул хуульд заасан шаардлагыг хангаж гаргасан гуравдагч этгээд Ж.Д болон П.Б нарын мэдүүлгүүдийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн үйл баримтын талаар тоочин бичихдээ “... Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008324, Ү-2203017521 дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан фото зургууд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2005-2020 оны хугацааны агаар сансрын зургаар маргаж буй гараашийн барилгын хэмжээ анх баригдсанаасаа өөрчлөгдөөгүй” гэж дурдсан байх боловч хэрэгт авагдсан баримтууд болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008324 дугаартай 86,92 м.кв барилгыг анх бүртгүүлэх үеийн фото зураг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017521 дугаартай 187 м.кв гараажийн хөрөнгийг анх бүртгүүлэх үеийн фото зураг зэргийг бодитоор харьцуулж нотлох баримт шинжлэн судлах шатанд танилцсан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн “2005-2020 оны хугацааны агаар сансрын зураг” гэх боловч 2005-2007 онуудын яг хэзээ авагдсан нь мэдэгдэхгүй 1 ширхэг зураг ирүүлснийг үндэслэн энэ хугацаанд “барилгын хэмжээ анх баригдсанаасаа өөрчлөгдөөгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүх 0800 дугаар шийдвэр гаргахдаа иргэн Я.Бын гэрчийн мэдүүлгийг бүрэн үнэлж дүгнэлгүйгээр зөвхөн гуравдагч этгээд нарт ашигтай байдлаар мэдүүлгээс нь таслан авч, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, шийдвэрийн үндэслэх хэсэгт "гэрч Я.Баас шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “...өмнө нь дээвэр хийгдээд баригдсан байсан. Суурийг нь н.Оюунчимэг тавьсан байсан. Түүнээс би 2006 онд бариагүй, өмнө нь баригдсан зүйл дээр нэмж хөрөнгө оруулж барьсан” гэж мэдүүлсэн” гэх байдлаар утга агуулгаас нь өөр байдлаар дурдсан байна. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Б.Бнь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн 12 гудамж, 360 тоот хаягт байрлах 455 м.кв газрыг өмчлөх, эзэмших эрхтэй этгээд болох нь тогтоогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар дахин тус 455 м.кв хэмжээ бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Гэтэл анхан шатны шүүх “Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Ж.Д нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 12-360 тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх хөрөнгүүдээс зөвхөн 86,92 м.кв талбайтай хувийн сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэрүүд гарсан” гэж маргах боловч Б.Б-ийг тухайн гараашийн барилгын өмчлөгчөөр тогтоосон аливаа шийдвэр, бусад нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй” гэж, мөн “Гуравдагч этгээд П.Б нь эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгтээ Ж.Д-тай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон Ж.Д-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсаргасан байх боловч маргаж буй гараашийн барилгыг өмчлөх эрх П.Б-д шилжсэн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ийн 455 м.кв хэмжээ бүхий газраа эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байгаад холбогдуулж дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын нэхэмжлэгч Б.Б-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамж, 360 тоот хаягт байрлах 244 м.кв талбайтай хувийн сууц болон гараашийг Ж.Дгийн нэр дээр 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн Ү-2203008324 дугаартай эрхийн улсын бүртгэл болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00230265 дугаар гэрчилгээ, дээрх эд хөрөнгийг П.Б-ын нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн Ү-2203008324 дугаартай эрхийн улсын бүртгэл болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000480048 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж маргааны үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ. Тодруулбал,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12-360 тоот хаягт байрлалтай 542,38 м.кв газраас 455,46 м.кв газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Бтогтоогдсон / Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэр/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар 455 м.кв газрыг эзэмших эрх олгосон үйл баримт тогтоогдож байх тул Б.Б-ийг дээрх газраас 455 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж ойлгохоор байна.

Харин дээр дурдсан хаягт байрлалтай 542,38 м.кв газар дээр байрлах 86,92 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гуравдагч этгээд Ж.Д-г бүртгэсэн бүртгэл хүчинтэй байх тул маргаан бүхий газар дээр байрлах хувийн сууц, гаражийн өмчлөгч нь Ж.Д-г байсан гэж үзнэ.

Гуравдагч этгээд Ж.Д нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргаж “хувийн сууц, гаражийн гэрчилгээнд 86,92 м.кв талбайтай гэж бүртгүүлэх үедээ бодит хэмжээг тусгалгүй бүртгүүлсэн байх бөгөөд анх хувийн сууцыг нэг давхар байсныг хоёр давхар болгон барьсан” гэх үндэслэлээр  хувийн сууц, гаражийн талбайн хэмжээг 244 м.кв талбайтайгаар нэмэгдүүлэн бүртгүүлсэн, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гуравдагч этгээд П.Б-той “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, мөн өдрөө  244 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө П.Б-ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.Бдээрх  хувийн сууц, гаражийн талбайн хэмжээг 244 м.кв талбайтайгаар өөрчлөн бүртгэсэн болон П.Б-ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлтэй маргаж буй үндэслэлээ “Ж.Д нь гагцхүү 86,92 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч, гаражийн барилга нь хувийн сууцнаас тусдаа бөгөөд анх Б.Г-ны өмчлөлд зөвхөн сууцны зориулалттай байшин л бүртгэгдсэн, би Я.Б-аас 187,5 м.кв талбай бүхий гаражийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан бөгөөд шүүхийн шийдвэрээр 455,46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоосон байхад миний эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан 244 м.кв болгож бүртгэсэн нь хууль бус” гэж тодорхойлсон.

1.“Ж.Д нь гагцхүү 86,92 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч, гаражийн барилга нь хувийн сууцнаас тусдаа бөгөөд анх Б.Г-ны өмчлөлд зөвхөн сууцны зориулалттай байшин л бүртгэгдсэн” гэх үндэслэлийн тухайд:

Гуравдагч этгээд П.Б-ын өмчлөлд бүртгэлтэй байгаа хувийн сууц, гаражийн анхны өмчлөгч Б.Г нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөлдөө “...амины сууц, гаражийн барилгыг” бүртгүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний мэдүүлэг хүсэлтдээ хавсаргаж өгсөн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д 1 давхар сууцны зориулалттай байшин нь 86,94 м.кв хэмжээтэй, 9494,59 төгрөгийн үнэлгээтэй, гаражийн барилга нь 114 м.кв хэмжээтэй, 4951,27 төгрөгийн үнэлгээтэй тус тусдаа тусгагдсан боловч 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0030343 тоот гэрчилгээнд 86,92 м.кв талбайтай, 14.445.860 /сууц 9,494,590+гараж 4,951,270=14.445.860/ төгрөгийн  үнэ бүхий орон сууц, гараж гэж бүртгэгджээ.

Түүнчлэн, иргэн Б.О 2004 онд, Анод банкинд 2007 онд шилжихдээ мөн л хувийн сууц болон гаражийн зориулалттай хөрөнгө шилжсэн байгаад дүгнэлт хийвэл анхнаасаа сууцны зориулалттай байшин болон гараажид хамт нэг гэрчилгээ олгогдсон, ийнхүү олгохдоо талбайн хэмжээг зөвхөн сууцны зориулалттай байшингийн хэмжээгээр, харин үнэлгээг сууц болон гаражийн нэгдсэн үнээр тодорхойлж олгосон байна.

Иймд анхан шатны шүүхийн “...улсын бүртгэлд 2001 онд анх бүртгэгдэхдээ талбайн хэмжээ зөрүүтэй бүртгэгдсэн гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн “гараж бүртгэгдээгүй зөвхөн сууцны зориулалттай байшин л бүртгэгдсэн” гэх үндэслэл нотлогдохгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг үндэслэлтэй холбогдуулан гаргасан гомдлыг хангах боломжгүй.

2. “Я.Б-аас 187,5 м.кв талбай бүхий гаражийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан бөгөөд шүүхийн шийдвэрээр 455,46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоосон байхад миний эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан 244 м.кв болгож бүртгэсэн нь хууль бус” гэх үндэслэлийн тухайд:

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр “маргаан бүхий газар дээр байгаа орон сууц, гаражийн барилгыг Б.О барьцаанд тавьж, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар Анод банкны өмчлөлд 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шилжсэн байхад үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг Я.Бд 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлснийг бүртгэн гэрчилгээ олгосон, Анод банкны өмчлөлд нэгэнт шилжиж, бүртгэгдсэн гаражийг Я.Бын өмчлөлд 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр давхардуулан бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлийг хууль бус болохыг дүгнэж, Б.Б-ийн өмчлөлд гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг Улсын Дээд Шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор хэвээр үлдээн, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Ийнхүү Ж.Дг маргаан бүхий газар дээр байгаа хувийн сууц, гаражийн барилгын өмчлөгч болохыг нотолсон шүүхийн шийдвэрүүд, мөн өмчлөх эрхийг нь баталгаажуулсан улсын бүртгэл хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийг Я.Баас 187,5 м.кв талбай бүхий гаражийг шилжүүлэн авсан, өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр Б.Б-ийг Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн 12 дугаар гудамж, 360 тоот хаягт байрлах  455,46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоосныг тухайн газар дээр байрлах гаражийн барилгын өмчлөгчөөр тогтоосон гэж үзэхгүй.

Түүнчлэн, хувийн сууц болон гаражийн барилгын хэмжээ анх баригдсанаасаа өөрчлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан сансрын зургуудаар нотлогдож байгаагаас гадна нэхэмжлэгч нь өөрөө “анх ямар байсан яг тэр хэвээрээ байгаа” талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул талбайн хэмжээг 244 м.кв болгон өөрчлөн бүртгэсэн нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр 455,46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоогдсон Б.Б-ийн газарт давхцаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анх байсан сууц болон гаражийн барилгын газарт бэхлэгдсэн суурийн хэмжээг өөрчилж томсгоогүй, гаражийн өмчлөгч нь Ж.Д болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд “анх бүртгүүлэх үедээ бодит хэмжээг тусгалгүй бүртгүүлсэн, анх хувийн сууцыг нэг давхар байсныг хоёр давхар болгон барьсан” гэх үндэслэлээр барилгын дотоод талбайн хэмжээг нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, түүний эзэмшлийн газартай болон үл хөдлөх эд хөрөнгөтэй нь давхцуулан бүртгэл хийсэн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан “барилгын хэмжээ анх баригдсанаасаа өөрчлөгдөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, гэрч Я.Бын мэдүүлгийг бүрэн үнэлж дүгнээгүй” гэх гомдол, “газраа эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Мөн хууль ёсны өмчлөгч байсан Ж.Дгаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан мэдүүлэг болон холбогдох баримтуудыг үндэслэн хийсэн бүртгэл болон 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний үндсэн дээр П.Бын өмчлөлд шилжсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 он/-д заасан холбогдох зохицуулалтуудыг зөрчөөгүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.3, 12 дугаар зүйлийн 12.4.1 дэх хэсэг болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээд П.Б гомдол гаргаагүй тул түүний бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

                      ШҮҮГЧ                                                         Д.Оюумаа

                      ШҮҮГЧ                                                        О.Номуулин