Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сүүндэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 101/ШШ2016/06100 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эм Ар Эйч Констракшн” ХХК-д холбогдох

 

9 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                            Б.Сүүндэлгэр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                    Ц.Алимаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Ё.Энхбулган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга            Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Эм Ар Эйч Констракшн” ХХК-тай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон юм. Би Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 05 тоот тушаалаар Зөвлөх инженерийн зэргийг Барилга, байгууламжийн угсралт, засварын ажлын хүрээнд авсан. Бидний хооронд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагын 2.1.4-т зааснаар 16 хүртэлх давхар цутгамал болон угсармал барилга барихад Зөвлөх инженертэй байна гэсэн шаардлагын дагуу энэхүү гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд хариуцагч тал надад cap бүр 300 000 төгрөг төлөх үүрэг хүлээж, эхний ажил үйлчилгээний хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн. Биднийг ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш удалгүй “Эм Ар Эйч Констракшн” ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Барилга угсралтын 2.1.1, 2.2.1, 2.2.2 болон 2.1.3-т заасан үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл олгогдсон юм. Гэтэл хариуцагч “Эм Ар Эйч Констракшн” ХХК гэрээний үүргээ үл биелүүлж, намайг ажлын байранд очиж үйлчилгээ үзүүлэх гэхээр гүйцэтгэж буй төслөө танилцуулдаггүй, барилгын талбайд очих гэхэд ажил гүйцэтгэхгүй байгаа гэх зэргээр худал хэлдэг байсан. Дагаж мөрдөж буй журмаар Зөвлөх инженер 5 /тав/ хүртэл аж ахуйн нэгжид ажиллах журамтай. Эдгээр хугацаанд хариуцагч нь “Хурд констракшн” ХХК-ийн Нарны хороолол төсөл, “ЭСК инженеринг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Шихихутаг дээд сургуулийн барилгын ажил болон “Нийслэл өргөө” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд Чингэлтэй дүүргийн цахим архивын барилгын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна. Нэхэмжлэгч миний зүгээс гэрээний хугацаанд хариуцагч талд зохих ёсоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэж хичээсэн боловч тус компани удаа дараа татгалзаж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд “Эм Ар Эйч Констракшн” ХХК-иас гэрээнд зааснаар нийт 3 /гурав/ жилийн хугацаанд 10 800 000 төгрөг төлөх ёстойгоос төлсөн 1 000 000 төгрөгийг хасч, үлдэх 9 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн төлөөлөгч Р.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрээс манай компани гэрээний хугацаанд ямар нэгэн зөвлөх үйлчилгээ авч байгаагүй юм. Талуудыг 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж байх үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаал болон 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот тушаалаар батлагдсан журам хүчинтэй байсан боловч 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 89 тоот тушаалаар хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж буй нь 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 89 тоот тушаалаар батлагдсан журам юм. Хэрэгт авагдсан “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөс үзвэл уг компанид зайлшгүй зөвлөх инженер шаардлагатай үйл ажиллагааны төрөл байхгүй. Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй ба зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэдгээ нотлохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэдийгээр нэхэмжлэлд “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой гэрээ, хэлэлцээр байгаа боловч эдгээр баримтууд нь тодорхой ажил үйлчилгээ эрхлээгүй Б.Сүүндэлгэрт хөлс төлнө гэсэн үг биш. Талууд 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнд гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлт буюу захиалгад нийцүүлэн мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх үүрэг хүлээсэн ба холбогдох журмуудад “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааны төрөлд Зөвлөх инженерийн шаардлага, хэрэгцээ байгаагүй учраас ийнхүү тодорхой төрлийн ажлыг гүйцэтгүүлээгүй болно. Иймд нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн гаргасан хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д холбогдох 9 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 700 төгрөг төсөвт хэвээр үлдээж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн 2955 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, хуулийг буруу тайлбар хэрэглэж, нотлох баримт хангалттай, хариуцагч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буруутай атал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул энэхүү шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06100 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “шууд хамааралтай гэх тайлбар, үйл баримт тогтоогдохгүй байна” гэж өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсанаар, “Эм Ар Эйч констракшн” ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас олгогдсон, энэхүү тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3-д зааснаар “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулагдсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно.” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлаж, тусгасан нь хууль зөрчсөн байна. Хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК нь 2013 он барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд ЗТБХБЯ-ны сайдын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот тушаалын журмын 2 дугаар хавсралтын 2.1,2.3, 2.3.3-д заасны дагуу зөвшөөрөл олгоход шаардагдах баримт бичиг бүрдүүлэхдээ зайлшгүй шаардлагын үүднээс “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр надтай байгуулж улмаар компанийн мэдээллийн санд зөвлөх инженерээр намайг бүртгүүлж ажиллуулсан зөвлөх инженер миний хувьд гэрээний дагуу зөвлөх үйлчилгээг компанийн ажлын байранд гүйцэтгэж байгаа бөгөөд өөрийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэрээний хугацаанд ажлын хөлсөнд зөвхөн 1 000 0000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9 800 000 төгрөгийн хөлс төлөөгүй байсаар гэрээний 3 жилийн хугацааг дуусгасан юм. Хэрэгт авагдсан нотлох баримтанд “Эм Ар Эйч констракшн” ХХК-ний инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнд нэг ч мэргэшсэн инженер зэрэгтэй ажилтан байхгүй байсан. Энэ тухай эрх бүхий төрийн байгууллагаас тодорхойлолт бүхий нотлох баримтаар батлагдсан ойлгомжтой байхад хариуцагчийн тайлбараар үндэслэлийг буруу шийдвэр гаргасныг анхаарна уу. Тус шүүхийн шийдвэрт зохигчдын хөлсөөр ажиллах гэрээ гэж шүүх хүлээн зөвшөөрсөн. Хөлсөөр ажиллах гэрээ нь үр дүн шаарддаггүй. Энэхүү гэрээ нь ажлын эцсийн үр дүнг шаарддаггүй онцлогтой түүний гүйцэтгэх ёстой үүргийн агуулга нь тоо болон чанарын ямар нэгэн шаардлагыг хангасан ажлын үр дүн байдаггүй. Харин тодорхой хугацааны туршид зөвлөгөө өгөх үүрэг хүлээдэг. Иймээс хөлсөөр ажиллах гэрээ нь үр дүн шаарддаггүйг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүйг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК нь зөвлөх инженер Б.Сүүндэлгэрээс зөвлөгөө өгөхөөр ажлын байранд очиход хийсэн барилгын ажлаа нууж, түүнд танилцуулдаггүй байсан. Тэдний хийсэн ажлын жагсаалтыг шүүхээс шаардаж байж авчирч мэдсэн. Б.Сүүндэлгэрийн хувьд зөвлөх инженерийн ажлаа хийе гэж хөөцөлдөөд байдаг, хариуцагч ажлаа танилцуулалгүй зугтаагаад байсан. Б.Сүүндэлгэр өөрийн санаачлагаар тус компанийн оффисын байранд байнга очиж, ажил байдлыг асууж тодорхой зөвлөгөөг өгч байсан баримт нь байгаа юм. Иймээс түүний Зөвлөх инженерийн тусгай зөвшөөрлийг ашиглаад ашиг орлого олсон нь шүүx хурлын явцад тодорхой байсанд анхан шатны шүүхээс бодитоор дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч зөвлөх инженер Б.Сүүндэлгэрийг ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хөлс шаардах эрхгүй гэж үзэхдээ “Эм Ар Эйч констракшн” ХХК-аас түүнийг ажлаар хангаж байгаагүйд дүгнэлт хийлгүй хэт нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг өөрчлөн, “Эм Ар Эйч констракшн” ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээгээр авах 9 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна” гэсэн  хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр нь хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 9 800 000 төрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гэрээний хугацаанд ямар нэгэн зөвлөлгөө аваагүй гэсэн үндэслэл заан маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсан, уг гэрээний дагуу “Эм Ар Эйч констракшн” ХХК нь Б.Сүүндэлгэрт 1 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул  ажиллагч буюу нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч буюу хариуцагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгч буюу ажиллагч Б.Сүүндэлгэрийн хувьд хариуцагч буюу ажиллуулагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн тохиолдолд ажлын хөлс шаардах эрх үүсэх учиртай. 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Гүйцэтгэгч нь гэрээнд заасны дагуу зөвлөх үйлчилгээний зохих хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмжийг үзүүлнэ”, 4.2-т “Гүйцэтгэлийн явцад гарсан техникийн шийдлийн дагуу захиалагчид хэрэгжүүлэх санал тавьж хамтран ажиллана” гэж заажээ.

Харин нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… хариуцагч байгууллага нь надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулснаар барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан, уг гэрээ болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой үйл ажиллагаа явуулж ашиг олсон” гэж тайлбарласан нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг хариуцагчид үзүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх баримт болохгүй юм.

Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан ажлуудыг биечлэн хийж гүйцэтгэсэн, зөвлөхийн үйлчилгээ үзүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр нь хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д тодорхой ажил үйлчилгээ үзүүлж байсан гэдгээ нотолсон тохиолдолд хариуцагч байгууллага нь гэрээний дагуу хөлс төлөх үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй “ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Б.Сүүндэлгэрийн хариуцагч “Эм Ар Эйч Констракшн” ХХК-д холбогдуулан гаргасан 9 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 101/ШШ2016/06100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр, түүний өмгөөлөгч Ц.Алимаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Б.Сүүндэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО