Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00850

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: *******, Моннис цамхаг 8 джгаар давхар 803 тоот “Мед импекс интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: *******, 33 дугаар байрны 31 тоот хаягтай “” ХХК-д холбогдох,

       худалдах, худалдан авах гэрээний үүрэг 13 000 ам доллар буюу 18 421 000 төгрөг, алданги 9 210 500 төгрөг, гарсан зардал 70 200 төгрөг нийтдээ 27 701 700 төгрөгийг  гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

       2013.03.21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ,  2014.06.09-ний өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Анхмаа нар оролцов.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч компани нь эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжийг захиалан авч байхаар хариуцагч *******той хамтран ажилладаг байсан. Хариуцагч өөрийгөө Америкийн нэгдсэн улсын Вержина хотод байрлах “” гэдэг компанид ажилладаг гэж танилцуулж байсан. Хариуцагчтай бид 2008 оноос хойш хамтарч ажиллаад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авдаг байсан. Тухайн үед хариуцагч “Ю Мон Инк”, “All fright” компанийн дансууд руу мөнгийг явуулдаг байсан бөгөөд эдгээр компаниудаас манай компанид мөнгөний нэхэмжлэл явуулдаг байсан. ******* эдгээр компаниудын захирал гэж хэлдэг байсан. Ингээд 2013 оны 03 дугаар сарын эхээр манай харилцагч байгууллагад лаброторийн тоног төхөөрөмж шаардлагатай болсон учраас хариуцагчтай холбогдоод энэ талаар асуусан, эдгээр тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх боломжтой эсэх, оруулж ирвэл хэдий хугацаанд оруулж ирэх, хэдэн төгрөгөөр оруулж ирэх боломжтой вэ гэж асуухад хариуцагч оруулж ирэх боломжтой гэж байсан. 2013 оны 03 дугаар сарын 21-нд талууд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд худалдагч тал гэдэгт “Ю Мон Инк” гэдэг компанийн нэрийг бичээд хариуцагч өөрийн гарын үсгээ зураад гэрээ хийсэн боловч гэрээний мөнгийг авахдаа “All fright” компанийн Худалдаа хөгжлийн банкны дансанд мөнгө шилжүүлэх нэхэмжлэл ирүүлснээр манайхаас төлбөрийг 100 хувь шилжүүлсэн. Гэрээний төлбөрийг нэхэмжлэгч тал *******ийн  дансанд хийгээгүй “All fright” компанийн дансанд шилжүүлсэн тул энэхүү гэрээний нэг тал буюу жинхэнэ хариуцагч нь “All fright” компани юм гэж үзэж байна. Иймээс энэхүү хэргийн оролцогч “All fright” компани юм. Үүний дараа 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 0609 тоот зээлийн гэрээг байгуулсан.  Энэ  зээлийн гэрээг үйлдэх санал санаачлагыг хариуцагч өөрөө санал болгосон. Тэрээр хэлэхдээ би Багануур хувьцаат компаниас их хэмжээний авлага авна. Тэр мөнгө 2 сарын дараа орж ирнэ, тиймээс үүнийгээ баталгаа болгож шинэ гэрээ хийе гээд хийсэн. Багануур хувьцаат компанитай байгуулсан гэрээгээ манай байгууллага руу скайнердаад явуулсан байдаг. Манай талаас төлбөрөө аль болох хурдан авах хэрэгтэй байсан учраас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгоод *******ийн санал болгосон зээлийн гэрээг бид байгуулсан юм.  Энэхүү баримт нь “All fright” компанийн захирал ******* нь маргаан бүхий гэрээний харилцааны оролцогч мөн юм гэдгийг баталж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь худалдах худалдан авах гэрээний үнэ болох 18.421.000 төгрөг, алданги болох 9.210.500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 27.701.700 төгрөгийг хариуцагч “All fright” компаниас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв. 

            Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн хуралдаан дээр нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулгатай танилцлаа. Иргэн ******* нь энэ хэрэгт хариуцагчаар оролцох бололцоогүй гэдгийг өмнө нь тайлбарласан. Учир нь иргэн ******* нь иргэн хүний хувиар эрх зүйн өөр этгээд юм. Нэхэмжлэгч компани болон “Ю Мон Инк” гэдэг компаниудын хооронд гэрээ хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг ******* захирлын гарын үсэг мөн байна гэдэг дүгнэлт гарсан. Энэ тал дээр маргаан байхгүй. Одоо хэлэлцэгдэж буй энэ хэргийн хариуцагч нь иргэн  ******* биш юм. Энэ хэргийн хариуцагч нь анх тодорхойлсноор гэрээнд дурдагдсан АНУ-ын Элинойс мужын Чикаго хотод байдаг “Ю Мон Инк” гэдэг нэртэй гадаадын хуулийн этгээд юм. Тэгэхээр манайх ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбараа өгч байсан. Иймд хариуцагч талаас нэхэмжилж буй 18.421.000 төгрөг, алданги болох 9.210.500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 27.701.700 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь иргэн ******* нь хариуцагч биш байхад эрэн сурвалжилсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал Монгол улсын шүүхэд хандах юм уу, АНУ-д байрлах шүүхэд хандах эсэхээ мэдэхгүй, тодорхойлж чадалгүй өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас энэхүү зардлыг гаргасан учраас эрэн сурвалжлуулсаны төлбөрийг ******* төлөх үндэслэлгүй юм. 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж байгаа нь Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Үүний эсрэг *******ын зүгээс энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөч гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Иймд ******* нь энэ мөнгийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Багануур хувьцаат компанитай байгуулсан гэрээнд *******ийн нэр биш өөр хүмүүсийн нэр явж байна. Иймд эдгээр нь үндэслэл бүхий нотлох баримт биш, Иргэний хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Зээлийн гэрээг харахад худалдах худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг үндэслэж гэрээ байгуулсан гэж тодорхой үндэслэлээ дурдсан байна. Иймд энэхүү гэрээ байгуулсан талуудын хүсэл зориг нь өөр гэрээнд тулгуурлаж байсан гэдэг нь харагдаж байна. Зээлдүүлэгч нь 13.000 ам долларыг 2 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлсэнд тооцно гэж заасан болохоос зээлдүүлнэ, зээлийн харилцаа  үүссэн албан ёсны хүсэл зоригийн төгс хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна гэж үзэж байна. Зээлийн гэрээний 2.2-т хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага тооцохоор заасан байна. Гэхдээ үндсэн зээл дээр нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг тооцно гэсэн байна. Эдгээрийг тооцохдоо 2013 оны 03 дугаар сарын 21 өдрөөс 8 дугаар сарын 01 хүртэл алдангийг тооцоход 30.900 ам.доллар, үүн дээр 2014 оны 08 дугаар сарын 01-нээс сар бүр 13.000 ам.доллараас 2 хувийн хүү буюу 260 ам.доллар төлөх ёстой мэт харагдаж байна. Тэгэхээр энэ нь зээлийн гэрээг анх хийсэн хүсэл зориг, үндэслэл шаардлага, тооцоолол нь Иргэний хуульд заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан гэрээ биш байж гэдэг нь харагдаж байна. Зээлийн гэрээний 6.3-т энэхүү гэрээ байгуулснаар өмнө нь байгуулсан гэрээ урьдын адил хүчин төгөлдөр байна гэж заасныг урьд нь байгуулсан үндсэн гэрээ болох худалдах худалдан авах гэрээг дурдсан гэж би ойлгож байна. Иймд зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагыг хангаж байгаа юм. Гол нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хуульд заасан илэрхийлэлд орохгүй байна. Өөр гэрээний үр дагаврыг зохицуулахаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ийм учраас энэ гэрээ нь хууль зүйн шаардлага хангаагүй гэрээ юм. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 7 дугаар сарын 21-ний өдрийн  лавлагаагаар Монгол улсад “Ю Мон Инк” гэдэг компани нь Монгол улсад бүртгэлгүй байна гэж гарсан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хуулийн этгээдийн шаардлага хангаагүй гэрээ байгуулагдсан. Одоо иргэн *******оос нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа асуудал нь худалдах худалдан авах гэрээний дагуу маргааны асуудлыг шийдүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Зөвхөн *******ийг эрэн сурвалжлуулаад, мөнгөө нэхэмжилж болдог гэж бодож байгаа бол дэлхийн нийтээр тогтсон эрх зүйн системд байдаг хуулийн этгээдийн нэр томъёог яаж ойлгох юм бэ? Хуулийн этгээдэд хамааралтай асуудлыг иргэн *******оос нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа мэдэхгүй байгаатай холбоотой, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалалыг мэдэхгүй байгаагаас буруу, хууль зүйн үндэслэлгүй үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагаас *******ийн ээж н.Дарь гэдэг настай хүнд мэдэгдэл өгч айлгаж, ичээж биеийг нь муутгасан байдаг. Эдгээрийг яагаад дурдаж байна вэ гэхээр байгуулсан гэрээнийхээ дагуу хууль зүйн харьяалалыг зөв тогтоогоод нэхэмжлэх асуудал байгаа болохоос биш “Ю Мон Инк” гэдэг хуулийн этгээдийн төлөө иргэн ******* нь хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ийм учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хуульд заасан шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 195, 196-д заасан маргаантай холбоотой энэхүү гэрээний асуудал нь Монгол улсын шүүхийн харьяалалын асуудал биш юм. Хуульд худалдагч талын хаягийн шүүхээр уг хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тодорхойлсон байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.7, 5.4.12, 17.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1, 5.1, 10,1-т заасан заалтуудыг нэхэмжлэгч компани зөрчсөн байна. Нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал н.Отгонтуяа нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж эрх үүрэг нь үүссэн байна. Компанийн хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй боловч хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу хуулийн этгээдийн эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, дуусгавар болдог. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал н.Отгонтуяад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх үүсч байхад үүнээс өмнө 2014 оны 09 дүгээр сарын 17 өдөр *******д итгэмжлэл олгож нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх итгэмжлэл олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас *******гийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан бүх үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

Хариуцагчийн өмгөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар давхардана. Хариу тайлбартаа би үндэслэлүүдээ тодорхой ярьсан. 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээ болон үүн дээр үндэслэн дараа нь хийгдсэн зээлийн гэрээ хэлцлийг хууль бус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Иргэн ******* нь энэхүү гэрээнүүдийн дагуу хариуцагч биш гэдгийг тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Энэхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Иймд ******* нь энэ мөнгийг хүлээн аваагүй юм. Зээлийн гэрээг анх хийсэн хүсэл зориг, үндэслэл шаардлага, тооцоолол нь Иргэний хуульд заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан гэрээ биш байж гэдэг нь харагдаж байгаа учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан юм гэв.

           

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт  шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй байдаг. Нэхэмжлэгч компанийн зүгээс анх иргэн *******ийг хариуцагчаар татаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг хариуцагчаас чөлөөлөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “All fright” компанийг хариуцагчаар татсан шүү дээ. Иймд хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэсгүй гэж үзэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                              

 

            Шүүх нэхэмжлэгч “Мед импекс интернэшнл” ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Хэргээс үзэхэд нэхэмжлэгч “Мед импекс интернэшнл” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 13 000 ам доллар буюу 18 421 000 төгрөг, алданги 9 210 500 төгрөг, гарсан зардал 70 200 төгрөг нийтдээ 27 701 700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг *******ид холбогдуулан 2015.09.21-нд шүүхэд ирүүлжээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд хүсэлт гаргаж 2015.11.26-нд хамтран хариуцагчаар “” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан, 2015.12.01-нд, 2016.03.03-нд тус тус нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, 2016.09.07-нд нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг тодруулсан гэх шаардлагуудыг шүүхэд удаа дараа  бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч ******* нь анхны нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2013.03.21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг 2015.12.01-ний өдөр шүүхэд гаргажээ.

   Мөн нэхэмжлэгч нь 2016.03.03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн үндэслэлтэй холбогдуулан 2014.06.09-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хариуцагч ******* дахин гаргасныг шүүх  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзсэн болно.

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучнаар/ хариуцагч  *******ийн  2015.12.01-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авч, хуульд заасан ажиллагаа хийгдсэн байх тул сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг тогтоосон хэмжээгээр урьдчилан төлсөн эсэх талаар хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүх дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг тул нэхэмжлэгч “Мед импекс интернэшнл” ХХК нь 2016.10.03-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа тодруулж худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гарсан зардалд 27 701 700 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулахаар шаардсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын агуулгад нийцсэн байна.

 

      Нэхэмжлэгч тал нь эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжийг захиалан авч байхаар *******той хамтран ажилладаг байсан гэж тайлбарладаг бөгөөд 2013.03.21-ний өдрийн Гэрээ№MED-UMON-03/2013, “” ХХК-ийн 2013.03.21-ний өдрийн 079 дугаартай худалдааны нэхэмжлэл, 3/1/84 дугаартай 2013.03.22-ны өдрийн төлбөрийн даалгавар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд  “Мед импекс интернэшнл” ХХК нь эмнэлгийн лабораторийн тоног  төхөөрөмж худалдан авахаар тохирч, гэрээний нийт үнэд 18 421 000 төгрөгийг “” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 405049192 тоот дансанд шилжүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

      Харин гэрээг ******* байгуулаагүй, хариуцагч нь гадаадын хуулийн этгээд МУ-ын шүүхийн харъяаллын хэрэг биш гэж хариуцагчийн өмгөөлөгч маргажээ.

      Нэхэмжлэгч талын “...2009 оноос хойш удаа дараа тоног төхөөрөмж захиалан авчруулдаг байсан” гэх тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн баримт, дотоод шилжүүлгийн маягт, нэхэмжлэх зэргээс үзэхэд ******* нь “New Platinum” U-MON INC ХХК-ийн нэртэй нэхэмжлэхээр төлбөрийг шилжүүлэн авдаг байсан, талуудын хооронд тогтсон харилцаатай байсан гэж үзэхээр байна.

     2013.03.21-ний өдрийн MED-UMON-03/2013 гэрээг Ю-Мон Инк компанитай байгуулсан, уг гэрээнд  ******* гарын үсэг зураагүй гэж хариуцагч тал маргасан боловч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.06.02-ны өдрийн 2942 дугаар шинжээчийн дүгнэлтээр CONTRACT № MED-UMON-03/2013 гэсэн гарчигтай гэрээний “SUPPLIER”  гэсний доод талд, мөн 2014.06.09-ний өдрийн 06-09 тоот зээлийн гэрээний доод талд тус тус зурагдсан гарын үсгүүд нь нэг хүний гараар үйлдэгдсэн *******ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байгааг тогтоосон  байна.

 

         Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх хэсэгт зааснаар талууд хэлцлийн гол нөхцөл /үнэ/-ийн талаар хэлэлцэн тохирсон, худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх бөгөөд талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, харин худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.

 

        Худалдагч бараагаа нийлүүлээгүй, барааны үнэ 18 421 000 төгрөг “” ХХК-ийн дансанд шилжсэн, энэ талаар хариуцагч тал маргаагүй тул барааны үнэд шилжүүлсэн 18 421 000 төгрөгийг  “” ХХК-иас төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

 

            “” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ганбаярын Бямбадорж болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015.12.14-ний 9/17653 албан тоот, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болно.

 

         Харин 2013.03.21-ний өдрийн MED-UMON-03/2013 гэрээний 2.1, 4.2 дахь заалтууд нь гэрээний нэг тал Ю-Мон Инк компанид хамааралтай бөгөөд дээрх заалтыг үндэслэн алданги 9 210 500 төгрөг, мөн  *******ийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70 200 төгрөгийг “” ХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 9 280 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

       “Интергрупп интернэйшнл” ХХК-ийн хувьцаа эзмшигчдийн хурлын 2011.01.01-ний өдрийн 001 дугаар тогтоолоор “Мед импекс интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Отгонтуяаг томилсныг  компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2014.11.14-нд бүртгэсэн байхад  Т.Отгонтуяагаас 2014.09.17-ны өдөр *******д итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүссэн гэж үзэхгүй, *******гийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи бүх үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч ******* маргадаг, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд   нэхэмжлэл гаргасан гэж үзээд хэргийг хэрэгсэхүй болгохыг хүссэн байна.

 

      Өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучнаар/  2015.09.29-нд “Медимпекс интернэшнл”ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн, удаа дараагийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэгдсэн, цаг хугацааны хувьд удааширсан байдал байгаа тул “Мед импекс интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.07-ны өдрийн 03114 дүгээр шүүгчийн захирамжаар дээрх зөрчлүүдийг залруулах боломжийг талуудад олгож, шүүх хуралдааныг хойшлуулж байсан болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт  шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

     Сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн хариуцагч эдэлдэг бөгөөд нэхэмжлэгч тал “” ХХК-ийг хариуцагчаар сонгосон тул *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хамт хэлэлцэх  үндэслэлгүй, нөгөөтэйгүүр уг маргаантай асуудалтай холбоотой хэдий ч шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан болно.

      Иймд 2013.03.21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ,  2014.06.09-ний өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “” ХХК-иас барааны үнэ 18 421 000  төгрөгийг гаргуулж “Мед  импекс  интернэшнл”  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 280 700  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 2013.03.21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014.06.09-ний өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “” ХХК-иас 250 555 төгрөг гаргуулж “Мед импекс интернэшнл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 500 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд дутуу төлсөн 179 855 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэрэгт хамааралгүй 25 хуудас баримтыг хэргийн нотлох бармитаас хассан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                     Д. ЭНХЦЭЦЭГ