| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0074/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/77 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Ш.Э-,
Гэрч Д.Г-, З.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э-т холбогдох эрүүгийн 1938007200466 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ш.Э.
Шүүгдэгч Ш.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн С.Б-ыг гэртээ унтаж байхад нь орноос нь татаж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн С.Б-ыг гэртээ согтуу орон дээрээ хэвтэж байхад нь “чи яахаараа аавтай архи ууж байдаг юм бэ, босоод ир” гэж хэлэн түүний хувцаснаас нь барьж аван орон дээрээс нь татаж газар шалан дээр унагаан “зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулж, гэрээс нь гарч явахдаа “чамайг алсан ч яадаг юм бэ” гэх зэргээр хэл амаар доромжилж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, өөрийн уур бухимдалыг удирдан жолоодох чадвар сул зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Ш.Э- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ш.Э-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүнд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Э- нь тухайн үед хохирогч С.Б-ыг орноос нь санаатай татаж унагаагүй бол хохирогчд дээрх гэмтэл учрахгүй байсан. Шүүгдэгч нь санамсар болгоомжгүйгээр хохирогчийг татаж, болгоомжгүйгээр уг гэмтлийг учруулсан гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Ш.Э-ын хохирогч С.Б-ыг санаатайгаар татсан үйлдлийн улмаас хохирогч нь шалан дээр унаж түүний биед хүнд гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой ба энэхүү нөхцөл байдлууд нь хохирогч С.Б-ын цагдаагийн байгууллагад өгсөн: ”...би орон дээрээ хэвтэж байтал Ш.Э- над руу уурлаж “аав хаана байна, та аавыг байнга уруу татаж архи уудаг бос” гэж хэлсэн. Би орноосоо босч амжаагүй байтал Ш.Э- намайг орноос авч шидэн “чамайг яасан ч яадаг юм бэ, алаад хаячихъя” гэж дайрсан. Би унахдаа гэрийн шалан дээр унасан” гэх гомдол мэдээлэл /хх-ийн 6/, мөн түүний хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “чи яахаараа аавтай архи ууж байдаг юм бэ” гээд намайг босоод ир гэхээр нь орон дээр хэвтэж байсан чинь орон дээрээс өргөж аваад шал руу шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч Д.Г-ын: “...Ш.Э- та нар энд архи уусан байна бос гээд орноос татаад унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, гэрч З.Б-ын: “...Тэр айлд ороход нэг ах согтуу орон дээрээ хөнжилдөө орчихсон хэвтэж байсан бөгөөд тэр ахаас Ш.Э- аав Ш-ийг сурахад тэр ах юм дуугарахгүй байсан. Тэгэхэд Ш.Э- “би таниас юм асуугаад байгаа юм биш үү” гээд татахад л тэр ах хөнжилтэйгээ орны хажуу тал руу унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 34/ зэрэг мэдүүлгээр нотлогдож байна.
Хохирогч С.Б-ын хувьд намайг шидсэн, унагаасан гэх мэдүүлгүүдийг өгч байгаа нь анх өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, анхны мэдүүлгийг нь тодруулж асуухад дээрх байдлаар хариулсан, мөн гэмт хэрэг гарах үед хохирогч нь архи, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдал нь үйл явдлыг бодитоор хүлээн авах чадвар сул байсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байна.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилгын хувьд шүүгдэгч Ш.Э- нь аав Ш-ийг мал, мах авах зорилгоор бэлэн мөнгө авч Төмөрбулаг сумын Тээл баг руу яваад утас нь холбогдохгүй болохоор нь санаа зовниж, бусдаас хохирогч С.Б-ын гэрт хүмүүс архи ууж байгаа сургаар гэрч З.Б-ын хамт тэднийд очиход аав Ш- байхгүй, хохирогч С.Б- ганцаараа согтуу орон дээрээ хэвтэж байгааг хараад энэ хүн бол аавийг минь архи уулгаж, уруу татлаа гэж уурлан хорсож, “аав хаана байна, та аавыг байнга уруу татаж архи уудаг бос” гэж хэлэхэд хохирогч нь согтуугийн улмаас түүнийг үгийг үл тоон, хариулах гэж байхад нь биеийн хүч хэрэглэж хувцаснаас нь татаж газар унагаад, “чамайг яасан ч яадаг юм бэ, алаад хаячихъя” гэж хэл амаар доромжлон гарч явсан байна.
Хохирогч С.Б- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 21/ гэх
мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “шүүгдэгч Ш.Э-аас С.Б-ын эмчилгээний зардлыг гаргаж эмчлүүлсэн. С.Б- миний бие цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ, хохирогч С.Б-ын тус шүүхэд гаргасан “С.Б- миний бие Ш.Э-аас эмчилгээний зардал болон гэм хор учруулсны төлбөр болох 10 сая төгрөг авсан тул гомдол санал үгүй. Цаашид түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг гаргаж өгсөн, шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хохирогчийн эмчилгээний зардалд нийт 12.700.000 төгрөгийг өгч, хохирлыг барагдуулсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Энэ тохиолдолд нотлох баримтыг үнэлж шүүгдэгчийн хохирогчид өгсөн мөнгөн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй юм.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонбаримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ш.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Э-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж
зэргийг харгалзан уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлбөрийг хангалттай төлсөн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг ухамсарлаж гэмшиж байгаа, шүүгдэгчийн хөрөнгө орлого, гэр бүлийн байдал зэргийг шүүх харгалзан дээрх ял шийтгэлийг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Э- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-т оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э- нь торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ш.Э-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч С.Б- нь энэ хэргийн улмаас цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ