Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 26

 

2020        01          03                                   2020/ШЦТ/26

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч Ш.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Ж.Цэрэнчимэд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ш.Тд холбогдох эрүүгийн 1911027781186 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч Боржигон овогт Ш.Т, Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, Хишиг төвд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюуш 5 дугаар гудамж 117 тоотод оршин суух,

Урьд: - Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Ш.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ял дээр 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоногийн ялын зарим болох 2 сар хорих 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг 5 сар 10 хоног баривчлах ялаар тогтоосон,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1181 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ..............................................................

  /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Шархүүгийн Төвшинтөгс /РД:СЖ95033012/ нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийг нь гадаа, гудамж талбайд бие засч байхад нь шаардлага тавьсан иргэн Ж.Цэрэнчимэдийг түлхэж унагаан Ж.Цэрэнчимэдийн биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын шахагдсан хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Төөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Манай ажил Шинжлэх ухааны хүрээлэнтэй залгаа байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн орой харанхуй болсон байсан болохоор үүдээ онгорхой байлгаж  болохгүй байж байсан ба би бие засаж байсан. Тэгээд энэ ахыг ирэхээр нь би сандарсандаа түүнийг түлхсэн” гэв.

Хохирогч Ж.Цэрэнчимэдээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би Хүрээлэн 6 нэртэй шинжлэх ухааны хүрээлэнгийн обьектэд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Тэгээд орой 21 цагийн үед хүмүүс ажлаа тараад явсаны дараа обьектын гадна талыг шалгаад явж байхад манай байгууллагын хойд талд Хишиг төвийн гадаа нэг эрэгтэй хүн бие засаад зогсож байхаар нь очоод би барьж аваад 2 гарнаас нь бариад чи яагаад наанаа шээж байгаа юм бэ гэхэд миний өөдөөс намайг шууд түлхсэн ба би хойшоо шууд газар унасан ба унахдаа би бөгсөөрөө боржууран дээр маш хүчтэй унасан. Тэр үед маш хүчтэй доргиж унаснаас болоод нүд харанхуйлаад дотор сонин болоод босч чадахгүй хэсэг суусан. Тэгээд байж байтал Хишиг төв дотроос нэг эрэгтэй эмэгтэй 2 хүн гарч ирэхээр нь танай байгууллага руу хүн шээгээд байна ш дээ гэж хэлсэн чинь тэр хүмүүс юм дуугарахгүй буцаад орчихсон. Тэгээд би хэсэг сууж байгаад босоод хувцсаа гөвөөд тэр залуугийн явсан зүг болох 9 дүгээр цэцэрлэгийн зүг явахад уг цэцэрлэгийн хашаан дотор сууж байсан ...Бүсэлхийн нугалам орчимд ахар сүүлний дээхэн талд нугалмын хугаралтай байна гэж байсан. Тэгээд намайг өөрөөрөө бороолуулах хэрэгтэй, эхний ээлжинд эмчилгээний бүс авч зүүх хэрэгтэй гэж байсан. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Мөн нуруундаа учирсан гэмтлээ эмчлүүлэх шаардлагатай учраас хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-9-10х/,

Хохирогч Ж.Цэрэнчимэдээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би эмнэлэгт үзүүлээд гэрэлд харуулсан. Таны нуруу хугарч байсан юм уу гэж асуусан. Гэрэлд үзүүлсэний дараа нуруу хугарсанаа мэдсэн. Би уул нь гомдол гаргая гэж бодоогүй. Шүүгдэгч намайг түлхэж унагаачихаад би тухайн газартаа 5-10 минут суусан. Дараа нь би цагдаа дуудчихаад Хишиг төв рүү орохоор хувцасаа солисон байхаар энэ залуу юм байна гэж бодсон. Миний нуруу гэмтсэн байна. Чиний түлхсэн үйлдлийн улмаас нуруу гэмтсэн гэдгээ түүнд хэлсэн” гэв.

Гэрч Ж.Эрдэнэчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2019 оны  9 дүгээр сарын 24-ний өглөө ажилдаа ирэхэд манай хамгаалагч Цэрэнчимэд нь урд орой нь оффисоо тойроод явж байхад нэг залуу гадаа Хишиг төв рүү бие засаж байсан гэсэн тэгээд гудамж талбайд ил бие засаад байхдаа яадаг юм бэ гээд хэлсэн чинь тэр залуу түлхчихсэн, тэгээд унахдаа нуруугаа эвгүй болгочихлоо гээд яриад байж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-13х/,

Гэрч Г.Лүндээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би яг тухайн үед байгаагүй бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө ажилдаа ирэхэд манай хамгаалагч Цэрэнчимэд нь оцойгоод бөхийчихсөн нуруугаа бариад ёо ёо гээд зогсож байсан. Тэгээд юу болсон яасан гэсэн чинь өмнөх өдөр нь байшингаа тойроод явж байхад нь очоод шаардлага тавьсан чинь нөгөө хүн нь түлхээд унагаасан ба унахдаа ахар сүүлээрээ уначихсан юм шиг байсан. Тэгээд 10 гаруй хоног бөгтийж явсан. Хөлөө гуяаа дагаад өвдөөд байна гэж байсан сүүлдээ чинэрээд байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-17х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12496 тоот дүгнэлтэд:

“1. Ж.Цэрэнчимэдийн биед бүслэхийн 4-р нугалмын шахагдсан хугарал, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20х/,

Шүүгдэгч Ш.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-34-39х, 40-42х, 43-44х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Шархүүгийн Төвшинтөгс /РД:СЖ95033012/ нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийг нь гадаа, гудамж талбайд бие засч байхад нь шаардлага тавьсан иргэн Ж.Цэрэнчимэдийг түлхэж унагаан Ж.Цэрэнчимэдийн биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын шахагдсан хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ш.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ш.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Цэрэнчимэд нь өөрт учирсан гэм хорын хохирлын 128.000 төгрөгийн баримт /хх-19-20х/-ыг гаргаж өгсөн байх тул хохирлын 128.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Төөс гаргуулж, хохирогч Ж.Цэрэнчимэд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.