| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0007/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гал овогт Б-н Хд холбогдох эрүүгийн 1909043221489 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Бургер кинг”-д ээлжийн ажилтан ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61-43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: У390091577/ Гал овогт Б-н Х нь:
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны эсрэг талын “СU” түргэн хоолны сүлжээ дэлгүүр дотор 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн С.Анхбаярыг боож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Анхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой МУИС-н хичээлийн 2 дугаар байрны замын эсрэг талд байрлах “СU”-д ороод юм идсэн. Тэгээд би сууж байсан сандлынхаа хажуу талд өөрийн нөүтбүүктэй цүнхээ тавьчихсан байсан. Тэгээд гаднаас үл таних залуу хөл алдаж халтирч орж ирээд цүнх тавьсан байсан сандлыг хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэгээд би тоогоогүй сууж байсан чинь тухайн залуу дахиад цаанаас уух юм авчихаад ирэхдээ миний нөүтбүүк тавьсан байсан сандлыг бас өшиглөөд унагаасан. Тэгэхээр нь би босоод “яаж байгаа юм бэ?” гэсэн чинь “чи яах юм бэ? чи яаж чадах юм? чи хэн юм бэ?” гээд над руу дайрч байгаад боогоод түлхсэн. Тэгээд “СU”-д байдаг АТМ-руу бүүр хүчтэй шахаж боож байгаад түлхсэн. Тэгэхээр нь би тавиулах гэж оролдсон. Тэгээд тухайн залуу намайг тавихаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн чинь над руу салаавч гаргаад хэл амаар доромжпоод байсан. Тэгээд тухайн залуу зугтах гэж оролдсон. Тэгэхээр нь би урдаас нь явуулахгүй гэсэн чинь намайг заамдаж аваад газар хавсарч унагаасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэжээ. / хх 4-5 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13963 дугаартай дүгнэлтэнд:
1. С.Анхбаярын биед хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. / хх 13 /
Яллагдагч Б.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би халуун юм аа авчихаад тухайн сандлыг хөлөөрөө холдуулсан. Тэр үед сандал дээр байсан цүнхтэй зүйл унасан эсэхийг мэдээгүй. Тэгээд явж байтал араас нэг залуу “Хөөе. Нааш ир. Хүний юм унагаачилаа” гэсэн. Тэгээд би тухайн залуу намайг цохиж магадгүй гэж бодоод заамдаж аваад түлхсэн. Тэгээд би гарах гэж тухайн залуутай ноцолдоод түлхээд хүзүү хэсгийг нь боогоод холдуулах гэж үзсэн. Тэгсэн чинь тухайн залуу холдохгүй байсан. Энэ хооронд Си Юу-гийн ажилтан хүрч ирээд салгах гэж оролдсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэжээ. / хх 22-23 /
Шүүгдэгч Б.Хг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 21-23 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны эсрэг талын “СU” түргэн хоолны сүлжээ дэлгүүр дотор иргэн С.Анхбаярыг боож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Тухайн залуу дахиад цаанаас уух юм авчихаад ирэхдээ миний нөүтбүүк тавьсан сандлыг бас өшиглөөд унагаасан. Тэгэхээр нь би босоод “яаж байгаа юм бэ?” гэсэн чинь над руу дайрч байгаад боогоод түлхсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Анхбаярын мэдүүлэг / хх 4-5 /, ...С.Анхбаярын биед хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13963 дугаартай дүгнэлт / хх 13 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч С.Анхбаяр нь хохиролоо барагдуулж авсан, гомдол саналгүй, / хх 46 / гэсэн тул шүүгдэгч Б.Х нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Хг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гал овогт Б-н Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ