Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, А.Амарын гудамж-2, Интер ном байр 3 давхарт байрлах, “Мон Маг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Сонгино-2, Канон төвийн 6 давхар, 600-602 тоотод байрлах, “Фэско” ХХК-нд холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12 923 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Мон Маг” ХХК нь “Фэско” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тэсрэх хэрэгсэл зээлээр нийлүүлэх №ММ-ФЭ15/05/04 дугаартай гэрээ байгуулж, тэсрэх хэрэгслийг нийлүүлсэн болно.

Гэвч худалдан авагч “Фэско” ХХК нь тэсрэх хэрэгслийн үнийг тохиролцсон хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өдийг хүрлээ. “Мон Маг” ХХК “Фэско” ХХК-тай тооцоо нийлж үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 30-ний байдлаар 8 615 500 төгрөгний өртэй болохыг хоёр талаас баталгаажуулсан ба үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ гүйцэтгээгүй болно.

Иймд “Фэско” ХХК-иас үүргийн гүйцэтгэлд 8 615 500 төгрөг, алдангид 4 307 750 төгрөг, нийт 12 923 250 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн байр суурьнаас оролцоно. Талууд гэрээ байгуулж хамтран ажилласан. Нэхэмжлэгч ажил үүргийг 100 хувь гүйцэтгэсэн ч хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэл өолох 8 615 500 төгрөгийг төлөхгүй байгаа. Өнөөдрийн хүртэл төлөөгүй үндсэн үнийн дүн дээр алдангийг нэмээд нийт 12 923 950 төгрөгийг нэхэмжилж байна  гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Талууд гэрээ байгуулж хамтран ажилласан. Нэхэмжлэгч ажил үүргийг 100 хувь гүйцэтгэсэн ч хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэл болох 8 615 000 төгрөгийг төлөхгүй байгаа. Өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул алдангийг хамт гаргуулах хүсэлтэй байна. Бид гэрээндээ алданги төлөхөөр тохирсон тул алданги 4 307 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч “Фэско” ХХК-ийн захирал Д.Батхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь “Мон Маг” ХХК-иас 2015 оны 5 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ хийж, уурхайн тэсрэх хэрэгсэл, зээлээр авч үнийн дүнгийн 50 хувийг төлсөн боловч компаний үйл ажиллагаа доголдож, орлого борлуулалт муу байгаа тул үлдэгдэл үнэ болох 8 615 500 төгрөгийг төлж чадалгүй өдий хүрлээ. Бид борлуулалт орлого муу байгаа байдлаа тайлбарласан тул компанийн өр төлбөрийг 2016 оны 7 сарын 20-ны дотор төлж барагдуулахаар 5 сарын 05-ны өдөр хоёр компаний нягтлан бодох бүртгэлийн авлага, өглөгийг тулган хоёр талаас баталгаажуулан тохирсон боловч биднийг шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан байна.

Манай компани уг төлбөрийг Шүүх хяналт, хуулийн байгууллагад хандахгүйгээр харилцан тохиролцож яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх хүсэлтэй байгаа тул бидний энэ байдлыг харгалзан үзэж зөвшилцлийн шугамаар шийдвэрлэх боломжит хугацаа өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мон Маг” ХХК нь хариуцагч “Фэско” ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 615 500 төгрөг, алданги 4 307 750 төгрөг, нийт 12 923 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

            Нэхэмжлэгч “Мон Маг” ХХК нь энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь 2075318 тоот регистр, 9019018124  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 11-р хуудас/

Нэхэмжлэгч “Мон Маг” ХХК нь хариуцагч “Фэско” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр №ММ-ФЭ15/05/04 тоот “Тэсрэх хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулж, тэсрэх материалыг худалдсан, худалдан авсан болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ, гэрээний хавсралт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын тэсрэх материал ашиглах №60/15 тоот хяналтын хуудас, “Фэско” ХХК-ийн 2015 оны 4 дүгээ сарын 30-ний өдрийн А/39 тоот хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигч талууд “Тэсрэх хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулсан талаараа маргаагүй болно. /хэргийн 16-18, 19, 20-22-р хуудас/

           

Зохигч талууд “Тэсрэх хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “Мон Маг” ХХК нь хариуцагч “Фэско” ХХК-иас нийлүүлсэн барааныхаа үнийг шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан “Тэсрэх хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ”-ний 4.1-д “талуудын хоорондын төлбөр тооцоог байгууллагуудын санхүүгийн алба хариуцан гүйцэтгэх бөгөөд худалдан авагч тал нь төлбөрийг 2015-5-15 төлбөрийг авсан барааны нэхэмжлэлийн дагуу 100 хувь төлнө” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлсэн тэсрэх материалын үнэ 16 615 500 төгрөгнөөс үлдэгдэл төлбөр болох 8 615 500 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги 4 307 750 төгрөг, нийт 12 923 250 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

Хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл 8 615 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй боловч компанийн борлуулалт орлого муу байгаа тул төлөх боломжгүй байсан гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Мон Маг” ХХК, хариуцагч “Фэско” ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч “Фэско” ХХК нь 8 615 500 төгрөгний үлдэгдэлтэй, төлөөгүй байгаа болох нь нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигчид шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно.

Иймд хариуцагч “Фэско” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 8 615 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мон Маг” ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан “Тэсрэх хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ”-ний 4.3-д “хэрэв худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийхгүй бол хоногийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг гэрээнд заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8 615 500 төгрөгнөөс тооцоход 13 784 800 төгрөг болж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 8 615 500 төгрөгний 50 хувь болох 4 307 750 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв. /8 615 500 :2=4 307 750 /

Иймд хариуцагч “Фэско” ХХК-иас тэсрэх материалын үлдэгдэл төлбөр 8 615 500 төгрөг, алданги 4 307 750 төгрөг, нийт 12 923 250 /8 615 500+4 307 750=12 923 250/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мон Маг” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч “Фэско” ХХК-ийн захирал Д.Батхуягт 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 9 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2016 оны 6 дугаар сарын 16, 20-ны өдрүүдэд түүний 99775159 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүхэд санал хүсэлт ирүүлээгүй.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Фэско” ХХК-иас 12 923 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Мон Маг” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Мон Маг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 722 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Фэско” ХХК”-иас 221 722 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдусугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН