| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0011/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Д |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт И-н Ээд холбогдох эрүүгийн 1909043441500 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Синей элеватор” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эцэг, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50-2956 тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ИЙ88070718 / Боржигон овогт И-н Э нь:
- 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Титэм” нэртэй тавилгын үйлдвэр дотор Л.Батдоржтой маргалдан, толгойн хэсэгт нь цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Батдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой өөрийн дүү С.Энхтүвшингийн тавилгын үйлдвэрт хөзөр тоглосон. Тэгээд И.Э гэх залуу “жижиг модоор гарлаа. Намайг хожигдуулчихлаа” гээд над руу уурлаад босож ирээд миний дух хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд би арагшаа газар савж унасан. Тэгээд босоод иртэл духнаас цус гарчихсан байсан гэжээ. / хх 8-9 /
Гэрч С.Энхтүвшин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” захиалгат тавилгын үйлдвэрт хөзөр тоглоод байж байтал И.Э Л.Батдоржийг жижиг модоор гарлаа гээд уурлаад босож ирээд нэг удаа цохьсон. Тэр үед Л.Батдоржийн дух хэсгээс цус гарсан гэжээ. / хх 10-11 /
Гэрч Б.Мөнхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” тавилгын үйлдвэрт өөрийн найз нарын хамт хөзөр тоглоод сууцгааж байсан. Тэгсэн чинь Л.Батдорж, И.Э 2 хоорондоо ноцолдоод эхэлсэн. Би тэр үед хөзөр тоглож байсан чинь Л.Батдорж толгойгоо угаагаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан гэжээ. / хх 13-14 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14065 дугаар дүгнэлтэнд:
1. Л.Батдоржийн биед тархины баруун тал бөмбөлгийн дагзны хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 16 /
Шүүгдэгч И.Эийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 24-26 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.
Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч И.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Титэм” нэртэй тавилгын үйлдвэр дотор Л.Батдоржийг жижиг хөзрөөр гарч намайг хожигдууллаа гэж түүний толгойн хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...И.Э гэх залуу “Жижиг модоор гарлаа. Намайг хожигдуулчихлаа” гээд над руу уурлаад босож ирээд миний дух хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.Батдоржийн мэдүүлэг / хх 8-9 /, ...“Титэм” захиалгат тавилгын үйлдвэрт хөзөр тоглоод байж байтал И.Э Л.Батдоржийг жижиг модоор гарлаа гээд уурлаад босож ирээд нэг удаа цохьсон. Тэр үед Л.Батдоржийн дух хэсгээс цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Энхтүвшингийн мэдүүлэг / хх 10-11 /, ...Л.Батдорж, И.Э 2 хоорондоо ноцолдоод эхэлсэн. Л.Батдорж толгойгоо угаагаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг / хх 13-14 /, ...Л.Батдоржийн биед тархины баруун тал бөмбөлгийн дагзны хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14065 дугаар дүгнэлт / хх 16 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч И.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул прокурорын санал болгосон 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Л.Батдорж нь гомдол саналгүй / хх 36 / гэсэн тул шүүгдэгч И.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт И-н Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И-н Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуу / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. И.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ