Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 20

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,          

Улсын яллагч Б.Мөнгөншагай,  

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт А-н Бт холбогдох эрүүгийн 1909043431504 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, 28а гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ИЙ99100111 / Сартуул овогт А-н Б нь:  

 

- 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь гурван сайхан”  караокед үйлчлүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн М.Алтанхундагатай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар шар айрагны шилээр нэг удаа цохиж тархи доргилт, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:    

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Алтанхундага мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Говь гурван сайхан” караокед өөрийн танил дүү Бааска, Азаа нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд бид 3 тухайн газар нэг шил архи хувааж ууцгаасан. Тэгээд бид 3 юм ярьж байгаад Бааска гэх дүүтэйгээ архи уучихсан байсан болохоор үл ойлголцоод хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдаад караокены өрөөнд сууж байсан чинь Бааска уусан архины шилээ аваад миний толгойн зулай хэсэгт нэг удаа цохьсон. Би тухайн газраас гараад цагдаа дуудсан. Тэгээд ГССҮТ-д очиж толгойдоо 4 оёдол тавиулсан гэжээ. / хх 3-4 /

 

Яллагдагч А.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь гурван сайхан” караокед өөрийн найз Азжаргал, танил ах Алтанхундага нарын хамт орж үйлчлүүлэн нэг шил архи уусан. Тэгээд бид нар архиа уугаад юм ярьж сууж байгаад үл ойлголцоод Алтанхундага ах бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би пивоны шилээр Алтанхундага ахын толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон гэжээ. / хх 17-19 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13975 дугаар дүгнэлтэнд:

1. М.Алтанхундагын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. / хх 9 /

 

Шүүгдэгч А.Бийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 17-19 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 25  / зэрэг болно.

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь гурван сайхан”  караокед үйлчлүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн М.Алтанхундагатай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар шар айрагны шилээр нэг удаа цохиж тархи доргилт, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...караокены өрөөнд сууж байсан чинь Бааска уусан архины шилээ аваад миний толгойн зулай хэсэгт нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Алтанхундагын мэдүүлэг / хх 3-4 /, ... би пивоны шилээр Алтанхундага ахын толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч А.Бийн мэдүүлэг / хх 17-19 /, ...М.Алтанхундагын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13975 дугаар дүгнэлт / хх 9 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч М.Алтанхундана нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 29 / гэсэн тул шүүгдэгч А.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч А.Бийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                 

1. Шүүгдэгч Сартуул овогт А-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ