Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 41

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,          

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Э.Б, Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** овогт Ц-н У, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ****овогт Э-н Б нарт холбогдох эрүүгийн 1909039111515 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.  

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлдөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** овогт Ц-н У,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, банкны эдийн засагт мэргэжилтэй, “****” мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ****** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ***** овогт Э-н Б нар нь:

 

- Ц.У нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” түргэн хоолны сүлжээ дэлгүүрийн гадаа 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Э.Бг зодож, улмаар эрүүл мэндэд нь тархины доргилт, дагз хэсгийн хуйх, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн өвдөг, зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Э.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” түргэн хоолны сүлжээ дэлгүүрийн гадаа 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж хохирогч Ц.Уг зодож, улмаар эрүүл мэндэд нь баруун чигчий хурууны алганы шивнүүрийн хөндлөн хугарал, баруун хөмсгөнд шарх, баруун хөмсгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би эргэж очоод та нар ингэж болохгүй гэж шаардлага тавьсан чинь / тухайн үед би согтолт гайгүй байсан / саарал юүдэнтэй цамцтай монгол залуу намайг заамдаад түлхэхэд би түүний хоёр гарнаас нь татаад хамтдаа арагшаа унасан /шат уруу, би доор, тэр залуу миний дээд талд зогсож байсан/. Бужигналдаж байхыг хараад эргэж ирээд салгах явцад монгол залуу миний нүүрний баруун хэсэг рүү, шанаа руу хэд хэд цохих шиг болсон. Тэгээд би босоод /хөл болоод алхаж чадахгүй байсан/ очиход Г*г нэг залуу нь заамдаад хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би тайрмал үстэй, бор савхин хүрэмтэй, 170 см орчим өндөртэй орос эрэгтэй залуугийн араас хувцаснаас нь татаад салгахдаа эрчиндээ арагшаа саваад унасан. Унахдаа тэр залууг зуурсан чигээрээ хамт унахаар нь би толгойг нь гараараа уургалж бариад цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгтэл нөгөө залуу миний гарыг түлхэж байгаад толгойгоо сугалж аваад миний дээрээс нүүр рүү гараараа хэд хэд цохиход цемент дээр хавсрагдаад толгойн дагз өвдөж байсан гэжээ. / хх 5 /

 

Гэрч С.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бид хоёр ажлынхаа хүмүүс рүү цэцэрлэгт хүрээлэн рүү явах гээд зам гарах гэж байтал 3 эрэгтэй 2 эмэгтэй хажуугаар юм яриад өнгөрсөн. Тэгтэл Б тэр хүмүүс рүү “ийм юм ярьж болохгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүмүүс бид хоёр руу дайрсан. Нэг харсан чинь Баяраа ухаан алдсан бололтой газартай хэвтэж байхаар нь “Та нар болиочээ” гэсэн чинь тоохгүй намайг 3 эрэгтэй нь хөөгөөд ***-гийн урд талын “****”-ын хойд талд очсон. Араас Баяраа хүрээд ирсэн. Ирээд над руу дайрч байсан эрэгтэйг толгойг нь гараараа уургалаад Баяраа газар унасан. Тэгтэл тэр залуу толгойгоо сугалж аваад Баяраагийн толгой руу гараараа цохиод байсан гэжээ. / хх 12 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12695 дугаар дүгнэлтэнд:

1. Э.Бгийн биед үзлэгээр тархины доргилт, дагз хэсгийн хуйх, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн өвдөг, зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 28 /

Яллагдагч Э.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ** хоолны газраас гарч явсан. Тухайн үед үүдэнд байсан хүмүүс хоорондоо эмэгтэй хүмүүсийг доромжилсон өнгө аястай ярьж байхаар нь би харж инээгээд бүх юм зүгээр шүү дээ гэсэн дохиог гараараа үзүүлээд шатаар уруудсан. Тэгсэн чинь араас намайг хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж очоод Монгол эрэгтэйтэй нь барьцалдаж аваад хамтдаа шатны уруу унасан. Тэгээд босож ирээд маргалдаад харилцан бие биенээ цохьсон. Бужигналдаж байхад намайг тэр эрэгтэй цохиж унагаасан, Тэр Монгол залуутай харилцан зодолдож байгаад бие биедээ гэмтэл учруулсан гэжээ. / хх 52 /

 

Хохирогч Ц.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр эхнэр А, түүний эгч М, түүний нөхөр В нарын хамт ** орж хоол аваад гарах гэж байхад манай эхнэрийг хоёр залуугийн тарган нь татаж чангаагаад юм асуугаад байх шиг байсан. Би юм асууж байгаа юм байх гэж бодоод тоохгүй гараад явсан. Вбид хоёр А тэр хоёрыг хүлээгээд тамхилаад зогсож байсан. Тэр хоёр гарч ирсэн. Араас нь нөгөө хоёр залуу гарч ирсэн. М нөхөр дээрээ ирээд бид гурав зогсож байгаад харсан чинь А туранхай залуу юм ярьж байгаа харагдсан. Тэгсэн чинь гэнэт л бүдүүн залуу нь “Монголоос зайл пизда” энэ тэр гээд доромжлоод байхаар нь би очоод “уучлаарай залуучуудаа, наадах чинь миний эхнэр” гэж хэлсэн чинь “чи Монгол байж яахаараа Оростой явдаг юм” гэхээр нь би нөхөр нь байна гэсэн чинь шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохьсон чинь тэр залуу газар унасан. Тэгтэл бүдүүн нь ирээд намайг барьж аваад газар унагаагаад дээрээс дэвссэн. Тэр үед В ирээд салгасан гэжээ. / хх  7 /

 

Гэрч Тмөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 02 цагийн үед талбайн урд талын * хоолны газар эгч М хамт хоол идэхээр орсон. Гадаа нь манай найз залуу Улаанхүү, М нөхөр В хоёр юм яриад үлдсэн. Бид хоёр кассан дээр зогсож байхад ойролцоо сууж байсан 2 залуу элдвээр хэлж харааж доромжилсон. Бид хоёр хоол аваад тооцоо хийгээд гарсан чинь тэр 2 залуу араас гарч ирээд бид 4 дээр ирсэн. Ирээд “бүсгүйчүүдээ танилцъя” гэхээр нь үгүй гэж хэлсэн чинь дахиад “новш, гичий, янхан” зэргээр доромжилсон. Тэр үед манай найз залуу У тэр хоёрт хандан “хэрэггүй залуучуудаа, маргаад яах вэ” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хоёр залуу “чи халх цусны хүн байж орос хүмүүстэй цуг явлаа” гэж У рүү дайрсан. Улаанхүү тайван л байсан. Тэр хоёр залуу бид нарыг Монгол улсаас зайл гэх зэргээр орилж хашгираад байсан. У, В хоёр нөгөө хоёр залуутай зодолдоод эхэлсэн. Яг яаж эхэлснийг мэдэхгүй. Би салгах гэсэн боловч хүч мөхөсдсөн. Зодооны явцад нүдний шилтэй залуу нь Ухувцаснаас зуураад газар нүүрээр нь унагаачихаад эргээд дээшээ харахад нь нүүр рүү нь гараараа хэд хэд цохьсон, Тэр үед В салгасан гэжээ. / хх 16 /

 

Гэрч С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бид хоёр хоол аваад тооцоо хийгээд гарсан чинь тэр 2 залуу араас гарч ирээд бид 4 дээр ирсэн. Ирээд А элдвээр харааж доромжилсон. Тэр хоёр залуу нилээн согтуу байсан учир бид 4 эвээр салъя гэж бодсон. Манай нөхөр болон У тэр хоёрт хандан, “Хэрэггүй залуучуудаа, маргаад яах вэ” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хоёр залуу чи халх цусны хүн байж орос хүмүүстэй цуг явлаа гэж Улаанхүү рүү дайрсан. Утайван л байсан, тэр хоёр залуу бид нарыг “Монгол улсаас зайл” гэх зэргээр орилж хашгираад байсан. У, А бид хоёр “та хоёр явж бай” гэхээр нь А бид хоёр такси  барих гээд явж байтал гэнэт ард зодолдоод эхэлсэн. Бид хоёр буцаад гүйж очоод болиоч гэж хэлсэн. Яг яаж эхэлснийг мэдэхгүй, нүдний шилтэй залуу нь Улаанхүүг заамдаж аваад газар унагаасан. Би салгах гээд нэг залууг хувцаснаас татсан чинь нөхөр араас татаад явъя, таксинд суу гэж хэлсэн гэжээ. / хх 17 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1357 дугаар дүгнэлтэнд:

1. Ц.Уд баруун чигчий хурууны алганы шивнүүрийн хөндлөн хугарал, баруун хөмсөгөнд шарх, баруун хөмсөгөнд цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу цохих үед үүсгэгдэнэ.

3. Эдгээр гэмтэл нь нэг хоёр хоногийн өмнө үүсчээ.

4. Баруун хөмсөгөнд шарх, баруун хөмсөгөнд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун чигчий хурууны шивнүүрийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. / хх  23-24 /

 

Яллагдагч Ц.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр тэр залуу манай эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь би “Манай эхнэр байгаа юм. Явцгаа залуучуудаа” гэсэн чинь Оростой явж байдаг хэн юм гээд зодолдож миний нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Бүдүүн залуу нь намайг газар унагаагаад дээрээс дэвссэн. Намайг цохихоор би зөрүүлээд биеэ хамгаалж 1 удаа цохьсон гэжээ. / хх 57 /

 

Шүүгдэгч Э.Бг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 51-52 /

 

Шүүгдэгч Ц.Уг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 56-57 /

 

Шүүгдэгч нарыг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 66, 67 / зэрэг болно.

 

Шүүгдэгч, хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 Шүүгдэгч Ц.У нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” түргэн хоолны сүлжээ дэлгүүрийн гадаа 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Э.Бг зодож, улмаар эрүүл мэндэд нь тархины доргилт, дагз хэсгийн хуйх, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн өвдөг, зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” түргэн хоолны сүлжээ дэлгүүрийн гадаа 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэн хохирогч Ц.Уг зодож, улмаар эрүүл мэндэд нь баруун чигчий хурууны алганы шивнүүрийн хөндлөн хугарал, баруун хөмсгөнд шарх, баруун хөмсгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би эргэж очоод та нар ингэж болохгүй гэж шаардлага тавьсан чинь / тухайн үед би согтолт гайгүй байсан / саарал юүдэнтэй цамцтай монгол залуу намайг заамдаад түлхэхэд би түүний хоёр гарнаас нь татаад хамтдаа арагшаа унасан. Салгах явцад монгол залуу миний нүүрний баруун хэсэг рүү, шанаа руу хэд хэд цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Бгийн мэдүүлэг / хх 5 /, ... Тэр залуу толгойгоо сугалж аваад Б-н толгой руу гараараа цохиод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Г-н мэдүүлэг / хх 12 /, ...Э.Бгийн биед үзлэгээр тархины доргилт, дагз хэсгийн хуйх, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн өвдөг, зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12695 дугаар дүгнэлт / хх 28 /, ...Би эргэж очоод Монгол эрэгтэйтэй нь барьцалдаж аваад хамтдаа шатны уруу унасан. Тэгээд босож ирээд маргалдаад харилцан бие биенээ цохьсон. Бужигналдаж байхад намайг тэр эрэгтэй цохиж унагаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Бгийн мэдүүлэг / хх 52 /, ...Гэнэт л бүдүүн залуу нь “Монголоос зайл пизда” гээд доромжлоод миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохьсон чинь тэр залуу газар унасан. Тэгтэл бүдүүн нь ирээд намайг барьж аваад газар унагаагаад дээрээс дэвссэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Угийн мэдүүлэг / хх  7 /, ... Зодооны явцад нүдний шилтэй залуу нь Улаанхүүг хувцаснаас зуураад газар нүүрээр нь унагаачихаад эргээд дээшээ харахад нь нүүр рүү нь гараараа хэд хэд цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А-н мэдүүлэг / хх 16 /, ...Нүдний шилтэй залуу нь У-г заамдаж аваад газар унагаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Сталнова Мариягийн мэдүүлэг / хх 17 /, ...Ц.Уд баруун чигчий хурууны алганы шивнүүрийн хөндлөн хугарал, баруун хөмсөгөнд шарх, баруун хөмсөгөнд цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1357 дугаар дүгнэлт / хх  23-24 /, ... Оростой явж байдаг хэн юм гээд нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Бүдүүн залуу нь намайг газар унагаагаад дээрээс дэвссэн. Намайг цохихоор би зөрүүлээд биеэ хамгаалж 1 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүслэн яллагдагч Ц.Угийн мэдүүлэг / хх 57 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.У, Э.Б нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, харилцан эвлэрсэн, өөрсдийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул тэдгээрийн хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У, Э.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ц.У, Э.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 72-73 / гэсэн тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.У, Э.Б нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Пунцаг овогт Ц-н Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 Шүүгдэгч Боржигин овогт Э-н Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц-н Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.У, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.У, Э.Б нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Ц.У, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.У, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ