Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 75

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,             

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** овогт Д-н Хт холбогдох эрүүгийн 1909046570038 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *** зочид буудлын ахлах тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ***тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,**** овогт Д-н Х нь:

 

- 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын гадна хохирогч Б.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүзүүнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун хацарт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны орой ажлаа тараад “****” зочид буудлын 4 замын уулзвар дээр Х гэдэг ахтай таарсан. Тэр үед Х ах нэлээн согтолттой явж байхаар нь би “Гайгүй юу. Хаа хүрэх юм бэ. Та” гэсэн чинь намайг дуудаад гар утсаа өгөөд нэг дугаар руу залгуулаад нөгөө хүн нь гар утсыг нь авахгүй байсан чинь гар утсаа шидсэн. Тэгээд “Шатан дээр суу. Тамхи татъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Би явлаа” гэж хэлсэн чинь “Чамайг явах юм бол би чамаас маргааш гар утсаа нэхнэ шүү” гэхээр нь би цохиж магадгүй гэж бодоод гарыг нь бариад тэврээд зогсож байсан чинь Х ах газар уначихсан. Тэгээд босож ирээд намайг боосон. Тэгсэн чинь манай ажлын газрын хүмүүс гарч ирээд салгатал над руу Х ах дахиж дайраад нүүр рүү 2-3 удаа цохиод алгадаад байсан. Тэгээд цагдаа дуудсан гэжээ. / хх 3-7 /

 

Яллагдагч Д.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө би “***” зочид буудлын “***” гэх нэртэй газар өөрийн найз нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд нэлээд согтоод тухайн газраас 23 цаг 40 минутын үед гарсан. Гараад *** зочид буудлын хүнсний 4 дүгээр дэлгүүрийн 4 замын уулзвар талын хаалган дээр явж байсан чинь Б.Д гэх хүүхэд гарч ирээд “Юу байна. Ах аа. Юу хийж байгаа юм бэ” гээд ярилцсан. Би нэг дугаар руу залгаад өгөөч гэсэн чинь нэгж байхгүй байна гэхээр нь би гар утсаа өгөөд залгуулсан. Тэр үед Б.Д таны залгуулсан дугаар авахгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 тамхи татаад шатан дээр суусан. Тэр үед Б.Д “Би явлаа” гээд байхаар нь би утас тамхийг маргааш авчирч өгөөрэй гэж хэлсэн. Тэгсэн чинь утас тамхийг чинь энд тавьсан гээд миний ар талд тавьсан. Тэгэхээр нь би “Ахын дүү яагаад байгаа юм бэ” гээд маргалдсан чинь намайг бариад авсан. Тэгэхээр нь би дагз хэсэг рүү зүүн гараараа алгадсан. Би тухайн үед Б.Д-н нүүр хэсэг рүү нь 2 удаа алгадаж зодсон гэжээ. / хх 20-22 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 284 дүгээр дүгнэлтэнд:

1. Б.Д-ын биед хүзүүнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун хацарт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.5.6 Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 11-12 /

 

Шүүгдэгч Д.Хыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20-22 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын гадна хохирогч Б.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүзүүнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун хацарт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Дэлгэрбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 33 / гэсэн тул шүүгдэгч Д.Х нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Хыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Өөлд овогт Д-н Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Х нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ