Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1851

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Одонтуяа, Н.Балгансүрэн нарын

 нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00815 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Одонтуяа, Н.Балгансүрэн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Оюунхоролд холбогдох

Хууль бус эзэмшлээс хувийн сууц, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч Ш.Оюунхоролын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Отгонбаяр

Хариуцагч: Ш.Оюунхорол

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Оюунхорол нь өөрийн гэр бүлийн хамт Н.Балгансүрэн, Н.Одонтуяа нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамж, 2 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2201020381 дугаарт бүртгэлтэй 50.07 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201008963 дугаарт бүртгэлтэй, 429 м.кв хувийн өмчийн газарт хууль бусаар амьдарч байна. Дээрх хашаа байшин, газрын өмчлөх эрх нь бидний төрсөн эцэг болох Ш.Намсрайдорж болон түүний төрсөн хүү Н.Балгансүрэнгийн нэр дээр байсан ба бидний эцэг 2008 онд хүнд өвчний улмаас таалал төгссөн тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны өвлөгч Н.Балгансүрэн, Н.Гэрэлт-Од нар өвлөн авсан юм. Талийгаачийн төрсөн дүү болох Ш.Оюунхорол өөрийн хашаа байшингүй, манай хашаанд түр амьдардаг байсан тул бид өөрсдийн хашаа байшинд түүнийг гэр бүлийн хамт түр оршин суухыг зөвшөөрсөн юм. Тухайн үед уг хашаанд 2 байшин байсан ба Ш.Оюунхорол нь жижиг байшинг түрээслэн амьдарч түрээсийн төлбөрийг Н.Балгансүрэнгийн нэр дээр банкинд хадгаламж нээн шилжүүлж байхаар харилцан тохиролцож байсан. Гэвч хариуцагч нь нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй, тэр ч бүү хэл бидний хууль ёсны хувийн өмчийг өөрийн өмч хэмээн маргалдаж өдий хүрсэн, аавыг нас барах үед Н.Балгансүрэн насанд хүрээгүй байсан бөгөөд одоо насанд хүрч, өөрийн гэр бүлийн хамт өмчлөлийн хашаа байшиндаа амьдрах гэтэл хашаа байшинг маань суллаж өгөхгүй байна. Нэхэмжлэгч нар Капитал банкнаас авсан зээлийн барьцаанд энэхүү үл хөдлөх хөрөнгөө алдах эрсдэлд орж байсан бөгөөд иргэн Н.Ундрахад өмчлөх эрхийг шилжүүлж өгсний дараа банкны зээлийг хаалгахаар тохиролцсон боловч хашаа, байшинг хариуцагч суллаж өгөөгүйн улмаас бид зээлийг өөрсдөө төлөх, хашаа, байшингаа өөрсдөө чөлөөлүүлж авахаар тохиролцсон билээ. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамж, 2 тоот хаягт орших улсын бүртгэлийн ү-2201020381 дугаарт бүртгэлтэй 50.07 мжв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201008963 дугаарт бүртгэлтэй, 429 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг Ш.Оюунхорол болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оноос хойш төрсөн ах Ш.Намсрайдоржийг асарч байгаад 2007 оны 03 дугаар сарын 21-нд нас барснаас нь хойш түүний эзэмшлийн хашаа, хувийн сууцанд амьдарч өнөөг хүрсэн болно. Үүнээс хойш 2008 оны 07 дугаар сарын 10-нд түүний эхнэр Н.Содномпил, охин Н.Гэрэлт-Од, Н.Одонтуяа, хүү Н.Балгансүрэн нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн Капитал банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авч, төлөөгүй 2012 оны 10 дугаар сард тус банкнаас намайг хашаа байшинг чөлөөлөхийг шаардаж шүүхэд хандсан бөгөөд хэргийг 2013 оны 04 дүгээр сард хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш, хүү Н.Балгансүрэнг хайгаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хандахад танай хаягтай хүнийг хайх боломжгүй гэж хэлсэн юм. Тэгээд хайж явсаар утсыг нь олж уулзаад хашаа, хувийн сууцыг хувааж авах талаар ярихад эргэж ирээд ярья гээд алга болсон, одоо хуурамч газрын гэрчилгээтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шүүхэд өгсөн байна. Газар, хувийн сууц нь миний ахынх бөгөөд хүү Н.Балгансүрэн өмчлөх эрхтэй талаар маргахгүй, харин олон жилийн турш энэ хашаа байшинг засч, сайжруулж ирсэн зардлаа гаргуулмаар байна. Миний хохирол зардлыг төлж өгвөл хашаа, хувийн сууцыг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Балгансүрэн, Н.Одонтуяа нарын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамж, 2 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2201020381 дугаарт бүртгэлтэй 50.07 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2201008963 дугаарт бүртгэлтэй, 429 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг чөлөөлөхийг хариуцагч Ш.Оюунхоролд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ш.Оюунхоролоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Оюунхорол давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Засаг даргын 2004 оны анхны шийдвэрийнх эх хувь надад байдаг бөгөөд энэ шийдвэрээр талийгаач төрсөн ах Ш.Намсрайдорж, түүний төрсөн бага хүү Н.Балгансүрэн нарын нэр дээр гарсан юм. Гэтэл нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр хаана өв нээлгэсэн, ямар материал бүрдүүлж уг газар, үл хөдлөх хөрөнгийг  өмчилж авсан тухай шалгуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хүсэлтийг минь хангаж шийдвэрлэсэн бол төрсөн ахаас минь хойш 6 жил гаруй хугацаанд шаналан зовж нас барсан төрсөн ээж М.Долгорын эрх хангагдаж, 10 жил ахынхаа өвийг хамгаалж, ахыгаа оршуулсан, Ш.Оюунхорол миний бие өөрийн оруулсан зардлаа зээ дүү нараасаа нэхэмжлэх байсан. Нэхэмжлэгч зээ дүү Н.Оюунтуяа, Н.Балгансүрэн нар нь аавыгаа нэг ч удаа өвчтэй байхад нь эргэж ирээгүй, нас барахад нь ч ирээгүй гэтэл 10 жилийн дараа ямар байдлаар үл хөдлөх хөрөнгийн, газрын гэрчилгээ гаргуулсан нь ойлгомжгүй байна. Нийслэлийн шүүх 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн магадлалаар ээжийн амьд сэрүүн байхад түүний эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байсныг анхаарч үзнэ үү. Капитал банк хууль бус үйл ажиллагаа хийсэн, хуурамч баримтаар зээл олгосон учраас анхан шатны хурлаар нэхэмжлэлээсээ татгалзаж байсан...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Н.Одонтуяа, Н.Балгансүрэн нар нь хариуцагч Ш.Оюунхоролд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамж, 2 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2201020381 дугаарт бүртгэлтэй 50.07 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201008963 дугаартай бүртгэлтэй 429 м.кв талбай бүхий хувийн өмчийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “өөрийн хөрөнгөөр засаж сайжруулан 2003 оноос хойш амьдарсан, гарсан хохирол, зардлыг төлбөл хашаа болон хувийн сууцыг өгөхөд татгалзах зүйлгүй” гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамж, 2 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2201020381 дугаарт бүртгэлтэй 50.07 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201008963 дугаарт бүртгэлтэй 429 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар нь 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.Балгансүрэн, Н.Гэрэлт-Од нарын өмчлөлд, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Н.Ундрахын өмчлөлд, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс Н.Балгансүрэн, Н.Одонтуяа нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна. /хх 9, 60, 61, 63-65/

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заажээ.

 

Хариуцагч нь дээрх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй, эзэмших эрхтэй болох нь тодорхойгүй, хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

 

            Дээрх маргааны зүйл болох хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгч нь Н.Одонтуяа, Н.Балгансүрэн нар болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хувийн орон сууц, газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байжээ.

 

            Харин хариуцагч Ш.Оюунхорол нь 2003 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамж, 2 тоот хаягт амьдрах хугацаандаа уг хашаа, байшинг засан сайжруулж байсан талаарх баримтаа гарган шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ш.Оюунхоролын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН