Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 92

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,             

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Б-ны Бд холбогдох эрүүгийн 1909044290005 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ривер саундс” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 4-20 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 802 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 660 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД. ЦЕ84102536 / Боржигон овогт Б-ны Б нь:  

 

- 2019 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривер саундс” клубт хамгаалагчаар ажиллаж байхдаа тус клубт үйлчлүүлэхээр ирсэн иргэн О.Тайваныг оруулахгүй гэх шаардлага тавьж маргалдан, улмаар О.Тайваны хоолойноос багалзуурдан түлхэж унагаан, нүүр, цээж рүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын 8 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шууны урд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Тайван мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ривер Саундс” бааранд ороод хамгаалагч Б.Б гэх хүнтэй такснаас болж маргалдсан. Тэгээд бид хоёр бие биенээ түлхэж эхэлсэн. Тэгээд хамгаалагч Б.Б миний хоолойноос багалзуурдаж, түлхэх үед би жижиг шатан дээр унаж бэртсэн гэжээ. / хх 4-6 /

 

Гэрч А.Отгонбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бтай хар өнгийн урт куртиктэй залуу маргалдаад байсан ба Б оруулахгүй гээд түлхээд гадаа үүд рүү гаргасан. Тэгэхэд тэр залуу шатан дээр унасан гэжээ. / хх 10-11 /

 

Гэрч Т.Даваацэрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...хамгаалагч Бтай хар өнгийн урт куртиктэй залуу маргалдаад байсан ба Б оруулахгүй гээд түлхээд гадаа үүд рүү гаргасан. Тэгэхэд тэр залуу унах шиг болсон гэжээ. / хх 12-13 /

 

Гэрч Г.Ганболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Нэг хамгаалагч залуу нь О.Тайвантай маргалдаад байсан. Эхнэр бид хоёр хажууд нь байсан хоёр хамгаалагчтай ярилцаад зогсож байхад гэнэт хажууд түжигнээд барилцаж аваад байх шиг болсон. Тэгээд нэг харсан манай дүү О.Тайван нь баарны гадна үүдэнд газар унасан байдалтай байж байсан. Тэгээд бид нар жоохон маргалдаж байгаад харьцгаая гээд явсан. Тэгээд явж байхад дүү О.Тайван нь “Дотор муухай оргиод байна. Цээжээр өвдөөд байна” гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд нэг хавирга нь хугарсан байсан гэжээ. / хх 15-16 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14298 дугаар дүгнэлтэнд: 

1. О.Тайваны биед баруун 8-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шууны урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 18 /

 

Шүүгдэгч Б.Быг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 26-27 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 28 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривер саундс” клубт хамгаалагчаар ажиллаж байхдаа тус клубт үйлчлүүлэхээр ирсэн иргэн О.Тайваныг оруулахгүй гэх шаардлага тавьж маргалдан, улмаар О.Тайваны хоолойноос багалзуурдан түлхэж унагаан, нүүр, цээж рүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын 8 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шууны урд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... “Ривер Саундс” бааранд ороод хамгаалагч Б.Б гэх хүнтэй такснаас болж маргалдсан. Тэгээд хамгаалагч Б.Б миний хоолойноос багалзуурдаж түлхэх үед би жижиг шатан дээр унаж бэртсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Тайваны мэдүүлэг / хх 4-6 /, ...Бтай хар өнгийн урт куртиктэй залуу маргалдаад оруулахгүй гээд түлхээд гадаа үүд рүү гаргасан. Тэгэхэд тэр залуу шатан дээр унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Отгонбаатарын мэдүүлэг / хх 10-11 /, ...хамгаалагч Бтай хар өнгийн урт куртиктэй залуу маргалдаад Б.Б оруулахгүй гээд түлхээд гадаа үүд рүү гаргасан. Тэгэхэд тэр залуу унах шиг болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Даваацэрэнгийн мэдүүлэг / хх 12-13 /, ...Нэг хамгаалагч залуу нь О.Тайвантай маргалдаад байсан. Гэнэт хажууд түжигнээд барилцаж аваад байх шиг болсон. Тэгээд нэг харсан манай дүү О.Тайван нь баарны гадна үүдэнд газар унасан байдалтай байж байсан. О.Тайван нь “Дотор муухай оргиод байна. Цээжээр өвдөөд байна” гэхээр гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд нэг хавирга нь хугарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Ганболдын мэдүүлэг / хх 15-16 /, ...О.Тайваны биед баруун 8-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шууны урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14298 дугаар дүгнэлт / хх 18 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.Тайван нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 61 / гэсэн тул шүүгдэгч Б.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ны Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-ны Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ