Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 104

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,             

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Г-н Од холбогдох эрүүгийн 1909025930346 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС- ийн МИИС-ийн Үйлдвэрлэлийн механикжуулалтын 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн хаус” хотхоны Ди-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УИ 99050719 / Боржигон овогт Г-н О нь:

 

- 2019 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мохито хаус” гэх нэртэй баарны ойролцоо иргэн Б.Тамирын нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Тамир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэндээсээ шөнө 02 цаг 30 минутын үед гарсан. “Мохито хаус” пабаас дөнгөж гараад зогсож байхад танихгүй 2 залуу ирээд маргаан үүсгээд байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор юунаас болж маргалдсан талаар санахгүй байгаа юм. Харин ухаан ороод анзаарсан чинь би танихгүй 2 залуутай “зүгээр явчих” гэж хэлээд маргалдаж байсан. Тэр үед надтай хамт явж байсан манай найзууд ирээд тэр хоёр залуутай маргалдсан санагдаж байна. Би тэд нарыг салгах гэж дундуур нь орсон чинь тэр хоёр залуутай хамт явж байсан эмэгтэй намайг алгадсан. Яг тэрний дараа тэр хоёр залуугийн нэг нь миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэр цохилт надад маш их өвдөлт мэдрүүлсэн. Тэгээд нүүрээ бариад доошоо тонгойсон. Би тэр О гэдэг залууд цохиулахад миний үүдэн шүд хөдөлсөн байсан. Шинжээчийн эмчийн дүгнэлтэд тусгасан гэмтлийг О гэх эрэгтэй миний нүүр рүү нэг удаа цохисны улмаас учирсан гэжээ. / хх 20-21 /

Гэрч Т.Батбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгсэн тэр хоёр залуугийн эхнэр гарч ирээд Тамирааг хүзүүнээс нь боосон. Тэр охины нөхөр нь гэх залуу Тамираагийн нүүр рүү цохиод цаашаа зугатаасан. Тэр үед Алтантулга нөгөө 3 охинтой хамт гүйж ирсэн. Мөн нөгөө зугтсан 2 залуу 3-н залуутай хамт ирээд бид нарыг явуулахгүй байсан. Тэр үед цагдаа нар ирээд Алтантулга, Тамир, бид 3-г аваад явсан. Нөгөө талын 2 эрэгтэй, 1 эмэгтэй араас цагдаагийн газарт ирсэн гэжээ. / хх 24-25 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8274 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Тамирын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд уүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 48 /

 

Яллагдагч Г.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мохито хаус” гэх нэртэй лоунжид сууж байгаад Санчир бид 2 тамхи татахаар гарсан. Тамир гэх залуугийн ардаас нь өөрийнхөө баруун гарын дотор хэсгээр Тамирын баруун хацар, чихний хооронд цохьсон гэжээ. / хх 67-68 /

 

Шүүгдэгч Г.Ог 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 67-68 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 80 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мохито хаус” гэх нэртэй баарны ойролцоо иргэн Б.Тамирын нүүрэн тус газар нь гараараа цохиж, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би тэд нарыг салгах гэж дундуур нь орсон чинь тэр хоёр залуутай хамт явж байсан эмэгтэй намайг алгадсан. Яг тэрний дараа тэр хоёр залуугийн нэг нь миний нүүр рүү нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Тамирын мэдүүлэг / хх 20-21 /, ...Тэр охины нөхөр нь гэх залуу Тамираагийн нүүр рүү цохиод цаашаа зугатаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Батбаярын мэдүүлэг / хх 24-25 /, ...Б.Тамирын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8274 дугаар дүгнэлт / хх 48 /, ... Тамирын баруун хацар, чихний хооронд цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Огийн мэдүүлэг / хх 67-68 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Тамир нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 105, 106 / гэсэн тул шүүгдэгч Г.О нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Г.Ог өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Боржигон овогт Г-н Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г-н Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ