Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 105

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,             

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Ч.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ч-н Зт холбогдох эрүүгийн 2009000120098 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын мужааны ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 2 дугаар байр, 45 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:ГЖ 77010718 / Боржигон овогт Ч-н З нь:

 

- 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 13 дугаар гудамжны 19 тоот гэрт Т.Даваасүрэнтэй ажил төрөл эрхэлдэг, эрхэлдэггүй хэмээн маргалдсаны улмаас түүний цээжин тус газарт нь хар өнгийн хутгаар нэг удаа зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Даваасүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Өөрийн найз Ч.Зын хамт гэр болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 13 дугаар гудамжны 19 тоотод архи уусан. Бид хоёр өмнө нь хийж байсан ажлаа яриад хоорондоо жаахан маргалдсан бөгөөд энэ үед найз Ч.З манай гэрт байх хар өнгийн иштэй хутга аваад миний баруун хөхний орчим зүссэн, цус гараад байсан. Ч.Зын аав нь эмнэлэг авч явж оёдол боолт хийлгэсэн. Миний биед учирсан гэмтлийг найз Ч.З хутгаар зүсэж учруулсан. Биеийн байдал зүгээр шарх эдгэрсэн, гомдол санал байхгүй гэжээ. / хх 14-15 /

Гэрч С.Чимэдрэгзэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хүү Ч.З нь гэртээ ирэхгүй 2 хонож байгаад 2019 оны 12 дугаар сарын өглөө 05 цагийн үед над руу залгаад би найз Даваагаа хутгаар зүсчихлээ, цус нь тогтохгүй байна гэсэн. Очиход Даваагийн цээж зүсэгдсэн, цус гарсан байсан. Би загнаад эмнэлэг хүргэж оёдол тавиулсан. Хүү урд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэжээ. / хх 22-23 /

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: Саарал өнгийн төмөр өргөн ор байх ба уг орон дээр шар алаг өнгийн хөнжлийг эмх цэгцгүй байрлуулсан, уг хөнжлийн доор цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба цус мэт хүрэн зүйлээс дээж болгон шинжилгээнд хүргүүлэв. Хар ширээ байх ба түүн дээр хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт байв. Түүний урд ажлын хэсэг нь 13.5 см, бариул хэсэг нь 10 см хар иштэй хутга байх ба уг хутгаар хохирогчийг хутгалж гэмтэл учруулсан гэх уг хутгыг №1 гэсэн дугаар байрлуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэжээ. / хх 36-39 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 728 дугаар дүгнэлтэнд:

1. Т.Даваасүрэнгийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 25-26 /

 

Яллагдагч Ч.З мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Найз Т.Даваасүрэнгийн биед энэ гэмтлийг би учруулсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 5-6 /

 

Шүүгдэгч Ч.Зыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-6 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 80 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Ч.З нь 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 13 дугаар гудамжны 19 тоот гэрт Т.Даваасүрэнтэй ажил төрөл эрхэлдэг, эрхэлдэггүй хэмээн маргалдсаны улмаас түүний цээжин тус газарт нь хар өнгийн хутгаар нэг удаа зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Найз Ч.З манай гэрт байх хар өнгийн иштэй хутга аваад миний баруун хөхний орчим зүссэн, цус гараад байсан. Ч.Зын аав нь эмнэлэг авч явж оёдол боолт хийлгэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Даваасүрэнгийн мэдүүлэг / хх 14-15 /, ...Хүү Ч.З 2019 оны 12 дугаар сарын өглөө 05 цагийн үед над руу залгаад би найз Даваагаа хутгаар зүсчихлээ. Цус нь тогтохгүй байна гэсэн. Очиход Даваагийн цээж зүсэгдсэн, цус гарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Чимэдрэгзэнгийн мэдүүлэг / хх 22-23 /, ...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: саарал өнгийн төмөр өргөн ор байх ба уг орон дээр шар алаг өнгийн хөнжлийг эмх цэгцгүй байрлуулсан, уг хөнжлийн доор цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба цус мэт хүрэн зүйлээс дээж болгон шинжилгээнд хүргүүлэв. Хар ширээ байх ба түүн дээр хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт байв. Түүний урд ажлын хэсэг нь 13.5 см, бариул хэсэг нь 10 см хар иштэй хутга байх ба уг хутгаар хохирогчийг хутгалж гэмтэл учруулсан гэх уг хутгыг №1 гэсэн дугаар байрлуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэжээ. / хх 36-39 /, ...Т.Даваасүрэнгийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 728 дугаар дүгнэлт / хх 25-26 /, ...Найз Т.Даваасүрэнгийн биед энэ гэмтлийг би учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ч.Зын мэдүүлэг / хх 5-6 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.З нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 13.5 см, бариул нь 10 см хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Т.Даваасүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 63 / гэсэн тул шүүгдэгч Ч.З нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Ч.Зыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч-н Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч-н Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 13.5 см, бариул нь 10 см хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.З нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ч.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ