Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

 

 

 

2020         03           09                                2020/ШЦТ/406

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

 улсын яллагч А.Сайнбаяр,                     

 шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ахолбогдох эрүүгийн 2006 00277 0326 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А, Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар 09-ний өдөр Увс аймгийн “Улаангом” суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, З6За байранд түр оршин суух хаягтай, урьд 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн №121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №21 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил, 1 сарын хорих ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №67 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял, Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №42 дугаар шийтгэх тогтоолоор 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-363 тоот нийтийн байранд иргэн М.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-363 тоот нийтийн байранд иргэн М.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.А гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн” гэх мэдүүлэг[1], /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Гэрч О.Отгонбаатарын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд би гэртээ байж байхад гаднаас Ариунболд гэдэг залуу гэнэт орж ирээд “би Алтансүхэд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Ариунболдыг дагаад 14 тоотод ороход Алтансүх байгаагүй. Бид хоёр хэсэг байж байгаад 14 тоотод дахин ороход Алтансүх нэлээн согтолттой байсан. Ариунболд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг[2],

 4. Гэрч Ж.Нарантуяагийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед орцонд чимээ гараад байхаар нь хаалгаа нээгээд хартал А гэж залуу Ариунболд гэх залууг шат руу шахаад байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Алтансүх гэх залуу Ариунболд гэх залууг миний нүдэн дээр гараараа 5-6 удаа толгойн тус газар луу нь цохисон...” гэх мэдүүлэг[3],

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны шинжээчийн №1086 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1. М.Ариунболдын биед дух, доод уруул, зүүн шанаа, эрүү, зүүн сарвуунд зөөлөн эдийн  няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[4],

            5. Хохирогч М.Ариунболдын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой түрээсийн мөнгөө эзэнд нь өгөөд буцаад гэр лүүгээ орох гэж байхад нийтийн байрны 15 тоотод амьдардаг залуу намайг ямар нэгэн шалтгаангүй 2 давхарт гэр лүүгээ орох гээд зогсч байхад зодож эхэлсэн. Тэгэхээр нь би эсрэг талын айл руу орж намайг зодоод байна гэж хэлэхэд хөөж гаргасан. Гэтэл тэр залуу дахин миний бүх хэсэг, бөөр рүү цохиод, зодож, унагааж байгаад дэвсэж эхэлсэн...” гэх мэдүүлэг[5],

            6. Шүүгдэгч Б.Аийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой нийтийн байранд 23 цагийн үед ирээд шатаар дээшээ гарч байхад М.Ариунболд гэдэг залуу миний замыг хаагаад зогсож байсан. Би “...холдооч ээ, би зөрмөөр байна” гэж хэлэхэд “яах гээд байгаа пизда минь” гэхээр нь би маргалдаад цаашаа гэр рүүгээ орох гээд түлхүүрээ гаргаж байхад Ариунболд миний хажууд ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь Ариунболдын толгойн тус газар нь 2 удаа цохичихоод гараад явсан. Ариунболдыг шат руу түлхэж унагаасан зүйл байхгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[6] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Аийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.  

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас баталж, Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №07 /1109/ дугаарт хэвлэжээ.

“Монгол Улсын Үндсэн хууль”-ийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт:[7] “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 53.10 дахь хэсэгт:[8] “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж, ... тус тус нэмсүгэй гэж хуульчилсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191 дугаартай яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Харчин овогт Батсүхийн Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч М.Ариунболдын зүгээс шүүхэд ирүүлсэн өргөдөлдөө: “шүүгдэгч Б.А нь эмчилгээний зардал, эм тариа, сэтгэл санааны хохирлыг бүрэн нөхөн төлсөн, цаашид гомдол саналгүй” болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Аэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоон, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Аэд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Б.Аэд мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Шүүгдэгч Б.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 

 


[1] Шүүх  хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 10-12 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 13-15 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 6-7 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал

[7] https://www.legalinfo.mn/law/details/367?lawid=367

[8] https://www.legalinfo.mn/law/details/356?lawid=356