Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Г.Мөнхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Орчуулагч Б.Цэнгэлмаа

Шүүгдэгч В-Ш W-Sh нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ванг Шу-д холбогдох эрүүгийн 1940001530111 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Жиаюүжиа компанийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, оршин суух, В-Ш W-Sh

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

БНХАУ-ын иргэн В-Ш нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэг болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.1.8 дахь заалтуудыг, мөн дэд бүтцийн сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 7.4.14, 7.4.17 дахь заалтуудыг тус тус биелүүлээгүйгээс түүний хариуцан ажиллуулж байсан ажилтан болох Ц.М нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Си Эм Кэй Ай ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн засварын ажлыг гүйцэтгэх явцдаа буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус үйлдвэрт барилгын ажил гүйцэтгэхэд хэрэглэж байсан шатнаас унаж, улмаар Ц.М биед зүүн сүүжний ясны болон S1-S3-р нугаламын /баруун/ далд хугарал зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан талуудын мэтгэлцээний үндсэн дээр БНХАУ-ын иргэн В-Ш W-Sh нь

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” 28 дугаар зүйлийн 28.1.3 “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх” 28 дугаар зүйлийн 28.1.6 “Ажлын байрны онцлогт нийцсэн ...заавар ...баталж мөрдүүлэх” 28 дугаар зүйлийн 28.1.8 “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, ...аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалтанд хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн үүргээ биелүүлээгүй,  

Мөн энэхүү хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Дэд бүтцийн сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 7.4.14 “Шат, вандангийн өндөр 4 м хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч, мастер хүлээн авч ажлын журналд бүртгэсний дараа, харин 4 метрээс илүү өндөртэй шат, ванданг барилга угсралтын байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч акт үйлдсэний дараа тус тус ашиглахыг зөвшөөрнө” 7.4.17 “Ашиглалтын явцад барилгын ажлын шатны байдлыг 10 хоног тутам нэг удаа даамал буюу хэсгийн инженер, ахлагч биечлэн үзлэг, шалгалт хийж байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйгээс Ц.М нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Си Эм Кэй Ай” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт засварын ажил хийж гүйцэтгэж байхдаа шатнаас унаж зүүн сүүж ясны болон S1-S3 дугаар нугаламын /баруун/ далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл авч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В-Ш нь “Би өмнө нь мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Хууль зөрчсөн гэдгээ зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч В Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Намайг Улаанбаатар хотод байх үед мөн Хятад улсын иргэн Л-П-Ш гэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулахаар засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх ажилд туслаач гэхээр нь би зөвшөөрч Өлзийбүрэн гэгчтэй Засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд би засварын ажил хийхэд хүн хүч хэрэгтэй байсан учир өмнө нь танилцаж байсан Н  гэдэг залуутай холбогдож Бор-Өндөр суманд ажиллах туслах ажилтан хэрэгтэй байна гэхэд надад дээр 4 Монгол залууг дагуулж ирсэн. Ингээд би уг 4 хүнийг хариуцаж Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлдвэрийн барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн. Ингэж байх хугацаандаа би Улаанбаатар хот руу дэлгүүрээ эргэж тойрч Улаанбаатарт байдаг байсан. Би уг үйлдвэрийн засварын ажлыг Н т амаар харилцан тохиролцож үлдээсэн юм. Тэгсэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үйлдвэрийн засварын ажил гүйцэтгэж байсан Ц.М гэх залуу шатнаас унаж бэртсэн байсан” гэх мэдүүлэг /хх-н 59-60 хуу/

Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз Сэргэлэнбаатар нь Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт жоншны баяжуулах чиглэлээр ашиглалтанд орох гэж байгаа үйлдвэрт туслах ажилтан авна гэж байна хоёулаа хамт ажиллах уу гэсэн санал тавихаар нь би хүлээн зөвшөөрч Сэргэлэнбаатарын хамтаар уг жоншны үйлдвэр дээр очиж Н  гэх Монгол, W-Sh  гэх Хятад улсын иргэнтэй очиж уулзаж ажилд орохоор ярьж тохиролцсон. Бид хоёрыг ажилд гарч эхлэхэд бээлийнээс өөр ямар нэгэн ажлын хувцас хэрэглэл өгөөгүй. ...Би С  ахын туслах ажилтнаар ажиллаж байсан. С  ах нь уг баяжуулах үйлдвэрийн дотор талд байх бункерийн гадна хэсгийг шавардаж байсан, харин би шаврыг нь зуурч С  ахад дөхүүлж өгдөг байсан. Уг бункер нь багцаагаар 8 метр орчим өндөртэй байсан. Харин С  ах уг бункерийг тойруулж барилгын угсардаг шат ашиглаж байсан. Уг шат нь багцаагаар 6 метр орчим өндөртэй 3 давхар шат байсан юм. Би 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байгаад бункерийг тойруулж тавьсан барилгын угсардаг шатны тавцанг зөөвөрлөх гэж дээшээ авчирч байхдаа унаж бэртсэн. ...тавцангаа зөөх гээд дээшээ гарч байтал уг шатны 3 давхрын тавцан тавьдаг төмөр турбанаас барьж дээшээ гарах гэтэл уг төмөр турбны бэхэлгээ хийгдээгүй байсны улмаас би уг турбанаас барьж авахад арагшаа гулгаад хоногоосоо мултарч би газар унасан...” гэх мэдүүлэг /хх-н 26-27 хуу/

Гэрч Р.Н “...Синдвичэн барилга дээр гадна пасатны ажлыг шинээр орсон нэг залуугийн хамтаар хийж байхад үйлдвэрт дотор талын засварын ажлыг хийж байсан нэг залуу ирээд Майнбаяр шатнаас уначихлаа гэхээр нь хийж байсан ажлаа орхиод унасан гэх газар луу явахад Майнбаярын унасан гэх газар нь сидвичэн барилгын ертөнцийн зүгээр баруун гар талаасаа 100 орчим метрийн зайд байх жоншны термер гэх зүйлийн доор суугаа байдалтай босч чадахгүй байна гээд сууж байсан. Тэгэхээр нь яасан юм гэхэд Майнбаяр нь угсарсан шатаар буюу 2 давхраас буюу 3 давхар луу гарах гэж байтал шатны нэг төмөр бэхэлгээ нь сул байсны улмаас уначихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 30-31 хуу/

Гэрч Ц.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Бор-Өндөр суманд ирээд барилгын засварын ажил хэвийн явагдаж байсан. Тэгтэл ажиллах хүн хүч дутуу байна, хүн нэмж авч ажилламаар байна гэж W-Sh  надад хэлсний дагуу Бор-Өндөр сумын фэйсбүүк зарын групп дээр барилгын ажил хийх хүн байна уу гэж зар тавьсан. Миний тавьсан зарын дагуу Бор-Өндөр сумын 4 залуу барилгын засварын туслахын ажил хийхээр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. ...2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад туслах ажилтан Ц.М өглөөний 09 цаг 30 минутын орчимд барилгын шатны 3 давхар дээр гарч ажиллаж байгаад доошоо унасан байсан.     ...Майнбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг W-Sh  өгөх ёстой. W-Sh  ажилчдыг өглөө ажилд гарахад амаар зааварчилгаа өгдөг байсан. Бичгээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 32-33 хуу/

Шүүгдэгч В-Ш мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би Н г Улаанбаатар хотоос ирэхийн өмнө уг барилгын засвар, үйчилгээ хийх гэрээг Си Эм Кэй Ай ХХК-ийн захирал Wu гэгчтэй 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Си Эм Кэй Ай ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгад засвар хийх гэрээг байгуулж засвар хийх барилгыг хүлээж авсан. Ингээд би ажлаа хүлээж аваад Н д засвар хийх ажлыг нь хэлж өгөөд Улаанбаатар хот руу буцсан. Тэгсэн намайг Улаанбаатар хотод байх үед Си Эм Кэй Ай ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилга дотор байх хуучин бункерийг сэргээх зорилгоор гадна шавардлага хийж байсан залуу шатнаас унаж бэртсэн байсан ...Би Си Эм Кэй Ай ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн засварын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гүйцэтгэгч тал нь Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны дүрэм заавар, хамгаалах хэрэгслийг өөрөө бүрэн хариуцна гэсэн утгатай гэрээ байгуулсан. Би Улаанбаатар хот явахдаа Н д хариуцуулж үлдээсэн. Гэхдээ Н  бид хоёрын дунд ямар нэг гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 37-38 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай

  1. Ц.М биед зүүн сүүжний ясны болон S1-S3 дугаар нугаламын /баруун/ далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг 15-30 хувь алдагдуулна.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 40 хуу/ 

              Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №22/06/018/79 дугаартай

     Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” 28 дугаар зүйлийн 28.1.3 “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх” 28 дугаар зүйлийн 28.1.6 “Ажлын байрны онцлогт нийцсэн ...заавар ...баталж мөрдүүлэх” 28 дугаар зүйлийн 28.1.8 “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, ...аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалтанд хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй

Бункерийн шавардлага хийхээр суурилуулсан 8 м орчим барилын ажлын шатыг ашиглах зөвшөөрөл, хүлээн авсан актгүй байж ажигласан нь Дэд бүтцийн сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 7.4.14 “Шат, вандангийн өндөр 4 м хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч, мастер хүлээн авч ажлын журналд бүртгэсний дараа, харин 4 метрээс илүү өндөртэй шат, ванданг барилга угсралтын байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч акт үйлдсэний дараа тус тус ашиглахыг зөвшөөрнө” 7.4.17 “Ашиглалтын явцад барилгын ажлын шатны байдлыг 10 хоног тутам нэг удаа даамал буюу хэсгийн инженер, ахлагч биечлэн үзлэг, шалгалт хийж байвал зохино” гэсэн заалтыг ажил олгогч хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан байна гэх дүгнэлт /хх-н 44-46 хуу/

“Мэдээллийн санд бүртгэлгүй” гэх дардастай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67/ хуу,

Си Эм Кей Ай ХХК болон W-Sh  нарын хооронд байгуулсан Си Эм Кей Ай ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгад засвар хийх гэрээ /хх-н 21-23 хуу/

Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан “Миний бие нь Бор-Өндөр сумын 16 гэдэг газар ажилд орж W-Sh  гэдэг хүний гар доор ажиллаж байгаад осолд орсон. Энэ хүнээс цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийн тохиролцоо хийж авахаар болж энэ хүнд гомдолгүй” гэх хүсэлт /хх-н 75 хуу/

Шүүгдэгч В-Ш Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын прокурорын газарт гаргасан “Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг минь харгалзан үзэж эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 81 хуу/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүгдэгч В-Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Ц.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр илэрхийлж, яллагдагч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч В-Ш нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Иймд В-Ш “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг сахин биелүүлээгүйгээс үүдэлтэй байна.

Хохирогч Ц.М нь шүүгдэгчтэй харилцан тохиролцсон, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч В-Ш бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд энэ талаар дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид бусад туслалцаа /эмчилгээний холбоотой/ үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болгох хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч В-Ш /W-Sh /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В-Ш 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл В-Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                       Р.БАТБАЯР