Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

2020          02             04                                   2020/ШЦТ/111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Т.Оюунжаргал,

          өсвөр насны шүүгдэгч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Энхболд,

          шүүгдэгч Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.М, Э.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705016580538 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, эцэг, эх, ах, дүү нарын хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.М /регистрийн дугаар /,

 

          2.Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-8, эцэг, эх, ах, дүү нарын хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Б /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Өсвөр насны яллагдагч Э.М нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо Төрийн банкны байранд үйл ажиллагаа явуулдаг бичиг хэргийн дэлгүүрээс иргэн Ш.Алтанцэцэгийн "Huawei p9-lite" rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан 479.400 төгрөгийн,

          мөн Н.Мөнх-Очир, А.Тэмүүжин нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа худалдааны төвийн 2 давхарт байрлах "Smile" дэлгүүрийн 204 дүгээр лангуун дотроос Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Мөнхцэцэгт 726.700 төгрөгийн,

          мөн Э.Б, У.Сүхбаатар нартай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-ийн харъяа CU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-д 889.000 төгрөгийн, нийт 1.841.100 төгрөгийн хохирол учруулсан,

         

          Яллагдагч Э.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хангай хотхоны 504 дүгээр байрны хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс Самсунг А5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ц.Мөнхбаярт 600.000 төгрөгийн,

          мөн У.Сүхбаатар, өсвөр насны яллагдагч Э.М нартай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-ийн харъяа CU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-д 889.000 төгрөгийн,

          мөн Ц.Цэндбямба, Ц.Баярсайхан нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангийн 11 дүгээр салбараас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар скайтелийн нэгжийн картуудыг авч "Монос-Улаанбаатар" ХХК-д 921.000 төгрөгийн, нийт 2.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Өсвөр насны шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Төрийн банк гэсэн гаднаа хаягтай бичиг хэргийн дэлгүүрийн эгч зогсож байсан бөгөөд урд талын ширээн дээр нь Хувай пи-9 лайт загварын rap утас байсан бөгөөд надад мөнгөний шаардлага маш их хэрэгтэй байсан тул би бичиг хэргийн дэлгүүрийн эгчийг цаана байсан архивын хавтас үзнэ гэж хэлээд цааш нь харуулж байгаад гар утсыг баруун талын халаасанд хийсэн. тухайн үед ...Хангай хотхоны 504 гэсэн бичигтэй байрны нэг давхрын дэлгүүр лүү гутлын өнгөлөгч авах гээд орсон дэлгүүр ороход 50 орчим насны эмэгтэй хүн дэлгүүрт ганцаараа байсан бөгөөд худалдагч нь бололтой цаад талд бараагаа янзалж байсан. Намайг ороход үүдний лангуун дээр ил шар өнгийн утас харагдахаар нь тэр утсыг авч халаасандаа хийгээд тэр эгч дээр очиж гутал арчигч асуухад тэр эгч байхгүй гэхээр нь шууд дэлгүүрээс нь гараад явсан. Тэгээд автобусанд сууж Гандан дээр буугаад ломбарданд 140,000 төгрөгийн барьцаанд тавьсан. …Сүхбаатар бид 2 Тэнгис дээр очоод Билгүүтэйтэй уулзахад Өргөө орж найз охинтойгоо уулзана гэсэн. Тэгээд бид Өргөө рүү алхсан. Тэгж явж байгаад CU нэртэй дэлгүүр байсан чинь Билгүүтэй ийшээ орж шоколад хулгайлъя гэсэн. Тэгээд бид гурав дэлгүүр лүү ороод Сүхбаатар бид хоёр оймс бээлий байсан тасагт нь очоод оймс үзээд зогсож байсан тэгсэн Билгүүтэй би гарлаа гэж хэлээд гараад явчихсан. Бид хоёр араас нь гарахад Билгүүтэй зам гараад гүйгээд араас бид хоёр алхсан...” гэсэн мэдүүлэг /1хх-211-214, 2хх-193-197/,

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Мөнхбаатар, Сүхбаатар хоёртой уулзаад цахим тоглоомын төвд хонохоор болоход мөнгө дутсан, тэгэхээр нь би Сүхбаатарыг дэлгүүр ороод шоколад хулгайлчих гэсэн. Парадоксийн тэнд явж байгаад CU дэлгүүр байхаар нь бид гурав орсон. ...худалдагч нь лангуугаа тойруулаад барааныхаа зургийг дарж байгаад цаана байсан Сүхбаатар, Мөнхбаатар хоёр дээр очсон тэгэхээр нь би текэн дээр очсон чинь хайрцагтай нэгжүүд харагдахаар нь хайрцагтай нь хамт аваад үүдэн дээр очоод би гарлаа гээд гараад явсан. Тэгээд би тэр хоёрт Өргөө дээр хүлээж бай гэж хэлээд гүйгээд   Энхбаярын зам руу гүйгээд тэнд очоод нэгжээ тоолж үзэхэд бараг 600.000 төгрөгийн нэгжийн картууд байсан. ...тэнд Мөрдөн шалгах газрын 2 төлөөлөгчтэй таарсан. ...надад камерын бичлэг үзүүлээд ...өөрт байсан 254,000 төгрөгийн нэгжийн картуудыг гаргаж өгсөн. Би дэлгүүрээс гарч гүйхэд замд картууд хаягдсан тэгээд эргээд авах гэсэн чинь худалдагч нь гараад ирэх болов уу гэж бодоод авалгүй зугтаасан ...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Зараа буюу Цэндбямба бид хоёр манай гэрт байж байтал Баярсайхан хүрээд ирсэн тухайн цаг үед цаг хэд болж байсныг санахгүй байна. ...ууж дуусаад Цэндбямба, Баярсайхан бид гурав мөнгөтэй болохоор ярилцсан тэгээд бид гурав тэндээсээ байрнуудын дунд байрладаг “Монос” эмийн сан руу орсон. ...би худалдагчийн анхаарлыг сарниулах гээд явж байсан, тэгэхэд Цэндбямба худалдагчийн хажуу талд суучихсан байгаа харагдаж байсан, тэгээд би гараад явчихсан гадаа хүлээж байгаад нөгөө охиноо явуулсан тэгтэл Цэндбямба, Баярсайхан хоёр гараад ирсэн тэгээд бид гурав урагшаа 11 дүгээр хорооллоос урагшаа гүйсэн тэгээд 64-н буудлын тэнд ирсний дараа Цэндбямба Баярсайхан хоёр хайрцагтай нэгжүүд авсан байсан дан Скайтелийн нэгжүүд байсан. ...Цэндбямба бид хоёр хороолол орж буудалд хоноод маргааш нь нэгжүүдийг хямд үнээр зарсан, хороолол болон 7 буудалд аваачиж зарсан. Нэгж зарсан мөнгөнөөс би 180.000 төгрөг авсан…” гэсэн мэдүүлэг /1хх-148-150, 2хх-49-50/,

 

Хохирогч Л.Мөнхцэцэгийн “…Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчим 1000 нэрийн бараа дэлгүүрийн 2 давхарт Смайль шопийн 204 -р лангуун дотроос самсунг жи-7 маркийн гар утсаа хувцасны халаасан дотроос алдсан…”  гэсэн мэдүүлэг /1хх-24/,

 

Хохирогч Ш.Алтанцэцэгийн “…Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны 2 дугаар давхарт хувиараа гэрэл зураг, бичиг хэргийн газар газар ажиллуулдаг юм. Болсон асуудлын талаар гэвэл 2017 оны12 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим ажил дээрээ сууж байтал танихгүй 15 орчим насны бор царайтай туранхай, хар үстэй, эрэгтэй хүүхэд орж ирээд эгчээ таньд архивын хавтас байна уу гэхээр нь байгаа гэж хэлсэн чинь зураг авахуулахад хэд билээ гэж асууж байгаад гараад явчихсан.Тэр хүүхэд гарч явсны дараа би утсаар ярих гэтэл утас маань байхгүй байсан.Тэр хүүхэд орж ирэхийн өмнө би утсаар ярьсан. Гарч явсны дараа би утсаар ярих гэтэл утас маань байхгүй байсан…”  гэсэн мэдүүлэг /2хх-112-114/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгийн “…2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр CU /Си Юү/ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад гаднаас сэжиг бүхий 3 хүн орж ирээд 2 хүн нь цаашаагаа юм үзэхээр нь би тэр 2 хүн сэжигтэй байхаар нь очоод харахад надаас тэр 2 хүн "ажлын бээлий өөр загвар байна уу" гэхээр нь би "байхгүй" гэсэн чинь дэлгүүрээс гараад явчихсан юм. Тэгээд би анзаараагүй байж байтал гаднаас "ТҮЦ"-ний эгч манай дэлгүүрт орж ирээд бээлий зарж байсан хэсгээс юм хулгайлаад зугтчих шиг боллоо гэхээр нь би очоод бараагаа тоолтол бараа дутаагүй байсан... Тэгээд менежер Оргилсайхан гаднаас орж ирэхээр нь би "ТҮЦ"-ний эгчийн хэлснийг хэлээд хяналтын камерын бичлэгийг шүүж шалгахад уг 3 хүний нэг нь текний араас жижиг хайрцагтай нэгжийн картууд хулгайлсан байсан... Манай дэлгүүрээс 889.000 төгрөгийн Мобиком, Юнител, Скайтелийн нэгжийн картууд хулгайд алдсан байсан…”  гэсэн мэдүүлэг /1хх-90-93/,

Хохирогч Ц.Мөнхбаярын “…2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр охиныхоо оронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 504 дүгээр байрны дэлгүүрт худалдаа хийгээд зогсож байтал 3 хүүхэд орж ирээд элгэн гутлын өнгөлөгч байна уу гэж асуухаар нь би нөгөө 3 хүүхдийг дагуулаад урд нь гараад явсан тэгэхэд миний гар утсыг аваад арын халаасандаа хийж байгаа нь дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан. ...Самсунг А-5 гар утас байсан…”  гэсэн мэдүүлэг /1хх-186-188/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулангийн “…2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороогд байрлах “Монос” ХХК-ийн 11 дүгээр салбарт жор баригч Мөнхзаяатай цуг ажиллаж байсан. ...манай эмийн санд хоёр залуу орж ирсэн. Тэгээд нэг залуу нь миний хажууд сандал дээр суусан ба нэг залуу нь надаас өвчин намдаах, эм наалт асуугаад байсан. ...тэгээд сандал дээр сууж байсан залуу үүд рүү хараад толгой дохиод байсан ба удалгүй нэг залуу орж ирсэн. Тухайн орж ирсэн залуу нь кассын хажууд зогсож байгаад 5 сартай хүүхэд хэдэн номерын памперс зүүх вэ" гэж асуух үед сандал дээр сууж байсан залуу 4 номерын памперс зүүнэ" гэж хэлсэн, тэр залуу юм асууж байгаад гараад явсан. ...өвчин намдаах лент асууж байсан залуу хамгийн дээд талд байсан бохийг заагаад авъя гэсэн ба би дээш өндийгөөд бохийг авах үед .... Ингээд 2019.07.31-ний өдөр хүн нэгж авахаар манайд орж ирсэн ба энэ үед захирал нэгж алдагдсан болохыг мэдсэн. Манай байгууллагаас нийт 921.000 төгрөгийн нэгж алдагдсан. ...наалт асуусан залуу хүзүүндээ шивээстэй байсан…”  гэсэн мэдүүлэг /2хх-31-32/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Жавхлангийн “…2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Энхболдын Билгүүтэй /УШ99112111/ гэгч нь Самсунг А6 маркийн гар утас 14 хоногийн хугацаатай 140.000 төгрөгөөр барьцаанд тавьсан…”  гэсэн мэдүүлэг /1хх-194-195/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-218/, шүүгдэгчийн төрсний гэрчилгээ /2хх-206/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-131-132/,  Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-31-39, 201-204, 2хх-42-44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-106-109/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-60-62/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо Төрийн банкны байранд үйл ажиллагаа явуулдаг бичиг хэргийн дэлгүүрээс иргэн Ш.Алтанцэцэгийн "Huawei p9-lite" rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан 479.400 төгрөгийн,

мөн Н.Мөнх-Очир, А.Тэмүүжин нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа худалдааны төвийн 2 давхарт байрлах "Smile" дэлгүүрийн 204 дүгээр лангуун дотроос Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Мөнхцэцэгт 726.700 төгрөгийн,

мөн Э.Б, У.Сүхбаатар нартай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-ийн харъяа CU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-д 889.000 төгрөгийн, нийт 1.841.100 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б нь ганцаараа 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хангай хотхоны 504 дүгээр байрны хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс Самсунг А5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ц.Мөнхбаярт 600.000 төгрөгийн,

мөн У.Сүхбаатар, өсвөр насны шүүгдэгч Э.М нартай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-ийн харъяа CU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-д 889.000 төгрөгийн,

мөн Ц.Цэндбямба, Ц.Баярсайхан нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангийн 11 дүгээр салбараас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар скайтелийн нэгжийн картуудыг авч "Монос-Улаанбаатар" ХХК-д 921.000 төгрөгийн, нийт 2.410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Л.Мөнхцэцэг, Ш.Алтанцэцэг, Ц.Мөнхбаяр, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, Д.Одончимэгт гэрч М.Үржин, Б.Энхтуяа нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Э.Б, өсвөр насны шүүгдэгч Э.М нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Өсвөр насны шүүгдэгч Э.М, шүүгдэгч Э.Б нарын ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Э.М, шүүгдэгч Э.Б нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.М, шүүгдэгч Э.Б нарын ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн дээрх үйлдлийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 3.616.100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх шүүгдэгч нараас хохирогч нарт учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.М, Э.Б нартай бүлэглэж үйлдсэн, өөрөөр хэлбэл энэ хэргээс тусгаарлагдсан А.Тэмүүжин, Н.Мөнх-Очир, У.Сүхбаатар нарын хариуцах хохирлыг хасаж тооцон өсвөр насны шүүгдэгч Э.Маас 933.300 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мөнхцэцэгт 242.233 төгрөг, хохирогч Ш.Алтанцэцэгт 479.400 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгт 211.670 төгрөгийг, шүүгдэгч Э.Бгээс 692.070 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгт 211.670 төгрөг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хуланд 307.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Жавхланд 173.400 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.М, шүүгдэгч Э.Б нарыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй бөгөөд шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Харин өсвөр насны шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар тогтоов.

Үүнээс гадна өсвөр насны шүүгдэгч Э.М нь энэ хэрэгтээ нийт 65 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний цагдан хоригдсон 65 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

Мөн тус эрүүгийн хэргээс яллагдагч А.Тэмүүжинд холбогдох эрүүгийн 1908000001119 дугаартай, яллагдагч Н.Мөнх-Очир, У.Сүхбаатар нарт холбогдох эрүүгийн 1905000001364 дугаартай хэргүүд тус тус тусгаарлагдсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Э.М, шүүгдэгч Э.Б нарыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Мыг 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Мын цагдан хоригдсон 65 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Маас 933.300 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Мөнхцэцэгт 242.233 төгрөг, хохирогч Ш.Алтанцэцэгт 479.400 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгт 211.670 төгрөгийг,

шүүгдэгч Э.Бгээс 692.070 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгт 211.670 төгрөг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хуланд 307.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Жавхланд 173.400 төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

7.Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР