Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 829

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Ч.Б , З.П , С.О , Н.Т , Ц.Д , Ц.А , П.Э  нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б , З.П , С.О , Н.Т , Ц.Д , Ц.А , П.Э , тэдгээрийн өмгөөлөгч П.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас халагдах тушаалуудаа гардан авсан ба ажлаас халах тушаал нь хүн нэг тус бүр дээр гарсан боловч үндэслэл нь бүгд ижилхэн буюу Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч нар нь тус ажлаас халсан тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3. дэх хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэж байгаа боловч үнэн чанартаа бүтцийн өөрчлөлт хийгдээгүй бөгөөд зөвхөн албан тушаалуудын нэр өөрчлөгдсөн бөгөөд тухайн албан тушаалын чиг үүрэг нь хадгалагдсаар байна. Мөн бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдаагүй харин ч орон тоо нэмэгдсэн байхад ажлаа хийж байсан ажилтнуудыг ажлаас чөлөөлж гаднаас, эсвэл өөр хэлтсээс хүн шилжүүлэн ирж тавьсан нь өөрөө илтэд санаатай хийсэн хууль бус ажиллагаа юм.

Нэхэмжлэгч нар нь бүгд 2016 оны үр дүнгийн гэрээг А, В буюу маш сайн үнэлгээтэй дүгнүүлж, ур чадварын нэмэгдэл авсан ажилтнууд байна.

Мөн уг ажлаас халсан тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 27, 29 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн буюу урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй хууль бус тушаалууд байна.

Мөн тус нэхэмжлэгчдийн дунд Б/104 дүгээр тушаалтай Ч.Б  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байх үед нь тушаал гарсан. Харин Б/99 тоот тушаалтай З.П  болон Б/103 дугаар тушаалтай Н.Т  нар нь хөхүүл хүүхэдтэй байхад нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчин тушаал гаргасан байна. 

Нэхэмжлэгч нар нь ажлаас чөлөөлөх тушаал авсан  даруйдаа Нийслэл төрийн албан ысалбар  зөвлөлд гомдол гаргасан бай Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон байна. 

Ийнхүү төрийн алба тогтвортой мэргэшсэн байх зарчимтай байтал хэн нэгэн шинэ дарга томилогдсноороо ажлаа хийж байсан ажилтнуудыг өмнөх засгийн үед ажиллаж байсан гэх үндэслэлээр ажлаас халахдаа бүтцийн өөрчлөлт нэрийн дор ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоон ажилтнуудын хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж байна. 

Хэдийгээр ажлаас чөлөөлсөн тушаал хүн тус бүр дээр бичигдсэн боловч нэг ижил үндэслэлээр, нэг ижил зөрчил гарган бичигдсэн байх тул шүүх хурлыг нэгтгэн хийж өгөхийг хүсэж байна.

  Иймд нэхэмжлэгч бидний зөрчигдсөн эрхийг сэргээж 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг  даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өөрчилсөн шаардлагын агуулга: /1-р хх 91х/ 

Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, уг хууль бус эс үйлдлийн улмаас учирсан хохирол болох нэр бүхий 7 ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тухай: Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, уг хууль бус эс үйлдлийн улмаас учирсан хохирол болох нэр бүхий 7 ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд дурдсанаар “ажлаас халсан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.5-д “Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, Захиргааны ерөнхий хуулийн 24, 27, 29 дүгээр зүйлийг зөрчсөн буюу урьдчилан мэдэгдэх, Сонсох ажиллагааг хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 100 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж маргажээ. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.  

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/ЗЗ дугаар “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” захирамжаар Тамгын гззрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан. Тус захирамжийн 4 дүгээр заалтаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулан баталж, ажилтан, албан хаагчдыг томилж, шинээр батлагдсан болон сул орон тоонд томилогдох албан хаагчдыг сонгон шалгаруулалт явуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.А д үүрэг болгосон байна.

Захирамжаар үүрэг болгосны дагуу Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/3З дугаар тушаалаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдах болсонтой холбогдуулан Ажлын байр /Албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.П ахлагчаар, гишүүдээр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.С-Э, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын апбан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.С, Зам, тээвэр, барилга, байгууламж, холбоо хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А, Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Э , Аж ахуйн тасгийн дарга Д.Б , Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч О.Б , Худалдаа, үйлчилгэзний хэлтсийн мэргэжилтэн Ч.О, нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Ажлын хэсэг 03 дугаар сарын 15-нд анх хуралдаж, ажпын хэсгийн ажпын төлөвлөгөөг батлуулах, хэрхэн ажлын байрны тодорхойлолт боловсруулах тухай танилцуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хоёрдугаар хуралдааныг 04 дүгээр сарын 03-ны өдөр хийж, ажлын байрны тодорхойлолтын төсөл боловсруулах, ажлын байрны шинжилгээний үр дүнгийн асуудлыг хэлэлцэж, ажлын байрны тодорхойлолтын төслийг бэлтгэн Тамгын газрын даргад танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/26 дугаар “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт батлах тухай” тушаалаар ажлын байрны жагсаалтад орсон өөрчлөлтийг нэгдүгээр хавсралтаар, шинэчлэн боловсруулсан албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар баталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг апбан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр ажлын хэсэг гурав дахь удаагаа хуралдаж, батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байранд тохирох мэргэжилтнийг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

 Ажлын хэсгийн ажилласан зарчим нь тухайн хэлтсийн төлөөлөл болсон ажлын хэсгийн гишүүн нь саналаа хэлж, тус саналын талаар ажлын хэсэг бүхэлдээ харилцан ярилцаж, сонгон шалгаруулалт хийсэн болно.

Нэхэмжлэгч З.П ийн хувьд хороо хариуцсан 2 мэргэжилтний нэгээр ажиллаж байсан ба шинэ бүтцээр 1 мэргэжилтэн ажиллах болсон. Ж.Б г хороо хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах болсон шалтгаан нь хорооны засаг дарга нарын  санал, тухайн мэргэжилтний хороодын албан хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан байдал, ажилдаа мэргэшиж, багаар ажиллаж байгаа байдал, хэлтсийн л хамт олны дунд нэр хүнд сайтай, өсөж яваа залуу мэргэжилтэн гэсэн ажлын хэсгийн саналыг үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Д  нь боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажлын байрны уялдаа холбоог харгалзан төрийн бус байгууллагатай нэгтгэн ажлын байр болгосон. Үүнээс төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн Б.Т , Ц.Д  нарыг сонгон шалгаруулсны үндсэнд Ц.Д г чөлөөлсөн байна.

Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн байсан Ц.А  нь хүүхэд асрах чөлөөтэй байсан албан хаагчийн ажлын байран дээр томилогдсон байсан тул ажлаас) чөлөөлөгдсөн байна.

Дэд бүтэц тохижилтын хэлтсийн мэргэжилтэн байсан Н.Т  нь эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг албан тушаал байхгүй болсон тул чөлөөлөгдсөн.

Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн байсан Ч.Б , П.Э  нарын ажлын байр байхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн байна. Ч.Б  нь эмнэлгийн магадлагаатай байх үед ажлаас чөлөөлсөн гэж буй нь үндэслэлгүй бөгөөд эмнэлгийн магадлагаатай гэдгээ байгууллагад мэдэгдээгүй, чөлөөлсөн хойно 2017 оны 05 дугаар сард эмнэлгийн хуудсаа нягтлан бодогчид өгсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заасан байна. Төрийн албан хаагчийг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай тухайлсан хуулиар зохицуулдаг. Иймд бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу албан хаагчдад сонгон шалгаруулалт явуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнаар ажиллаж байсан нэр бүхийн 7 ажилтанг ажлаас чөлөөлсөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүйд тооцож ажилд нь эгүүлэн тогтоогтох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” гэж дурдсан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг орсон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, уг хууль бус эс шийдвэрийн улмаас учирсан хохирол болох нэр бүхий 7 ажилтныг ажилд нь эгүүлэн (олгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” гэж дурджээ.

Нэхэмжлэгч нар нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох гэж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн хамт гаргасан боловч хариу ямар нэг арга хэмжээ аваагүй, Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т заасны дагуу Захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага атлаа дээд байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл хүндэтгэн лээгүй гэж маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар сан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа тул Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр шийдвэрийг биелүүлэх ойлголт байхгүй болно.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар төрийн албаны шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, төрийн боловсон хүчний (байгууллагыг удирдамжаар хангах, тэдгээрийн хэрэгжүүлж үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах зэрэг бүрэн эрхтэй байгууллага бөгөөд харин захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрх хуулиар олгогдоогүй, шийдвэрийг хүчингүй болгоогүй тул хариуцагч нь захиргааны шийдвэр биелүүлэх байгууллага биш юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргана гэж заасан байна.

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 тоот тушаалууд нь хүчин төгөлдөр хэвээр байх тул нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй.  

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч нараас гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 1- 24-25/. 

Нэхэмжлэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэр бүхий 4 ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилжээ /хх 1-91-92/, /хх 2-99-100/. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.Б , Ц.Д , С.О  нар нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүгчийн захирамжаар зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, үүнтэй холбоотой захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.  

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий актуудыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан авч, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд салбарт гомдол гаргасан. Гомдлын хариуг Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 104 дүгээр тогтоолоор дүгнэлт гарсан байна /хх 1-8-9/. 

Уг дүгнэлтээр маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж тогтоосон байна. 

Нэхэмжлэгч нараас Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэж хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад ажилд буцаан томилох талаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл гаргасан байна /хх 1-100/. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч нарын өргөдлийн хариуг өгч, ажилд нь эгүүлэн томилох асуудлыг шийдвэрлээгүй байна. 

Үүний учир нэхэмжлэгч нараас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд дараахь бодит нөхцөл байдал тогтоогдож байна:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамж /хх 1-80-86/-аар Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр /албан  тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалтыг баталжээ.

Уг жагсаалтыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамж /хх 1-38-39/-аар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг баталсан байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/13 дугаар тушаал /хх 1-40/-аар тус дүүргийн Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдах болсонтой холбогдуулан Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг байгуулжээ. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/26 дугаар тушаал /1-р хх 48-49/-аар ажлын байрны тодорхойлолтыг баталсан байна. 

Үүний дараа ажлын байрны тодорхойлтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гуравдугаар хуралдаанаар шинэ ажлын байрны тодорхойлолтын дагуу тухайн ажлын байранд тохирох мэргэжилтнийг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцжээ /хх 1-44-47/. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/93 дугаар тушаал /хх 2-120-121/-аар Тамгын газрын албан хаагчдыг бүхэлд нь ажлаас чөлөөлж, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/94 дүгээр тушаал /хх 2-122-123/-аар албан хаагчдыг шинэчлэн батлагдсан бүтцийн дагуу ажилд томилсон байна.

1.Нэхэмжлэгч Ц.А ын хувьд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 223 дугаар тушаал /хх 1-179/-аар Ц.А ыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/102 дугаар тушаал /хх 1-18/-аар Ц.А ыг бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Санхүү, төрийн сангийн хэлтсийн Орлого хариуцсан төсвийн мэргэжилтэнгийн албан тушаалаас чөлөөлжээ. 

Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.А ын ажлын байрны чиг үүргийг салгаж, орон тоог нь алга болгож, чиг үүргийг нь өөр чиг үүрэгт нэгтгэн өөрчилсөн гэж үзэн нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлжээ. 

 Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны А/109 дүгээр захирамжийн дагуу 13 орон  тоотой байхаар тогтоосон /хх 1-107-108/. Бодит байдал дээр буюу шинэ бүтэц батлагдах үед Санхүү, төрийн сангийн хэлтэст 11 хүний орон тоотой ажиллаж байгаад шинэ бүтцээр тус хэлтсийн нэр өөрчлөгдөөгүй орон тоо нь 12 болж батлагдаж, тус хэлтсээс нэхэмжлэгч Ц.А , С.О  нарыг ажлаас чөлөөлсөн атлаа шинээр Г.Н , Г.Б нарыг Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилсон гэдэг нь шинэ болон өмнөх орон тоо бүтцийг баталсан шийдвэрүүд /хх 1-107-108, 39, 49/, ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон шийдвэрүүд /хх 2-121, 123/ зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Орлого хариуцсан төсвийн мэргэжилтний нэр нь өөрчлөгдсөн боловч агуулга нь санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгтэй ижил агуулгатай байгаа гэдэг нь ажлын байрны тодорхойлолтууд /хх 2-72-75/, /хх 2-68-71/, /хх 1-180-181/ үр дүнгийн гэрээний биелэлт / хх 1-182-193/, /хх 2-82-88/ зэргээр нотлогдож байна. 

2.Нэхэмжлэгч Ч.Б гийн хувьд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаал хавсралт /хх-2-29/-аар Ч.Б г Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэст Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/104 дүгээр тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ч.Б гийн Жижиг дунд үйлдвэрлэлийн чиг үүрэг хасагдаж үйлдвэрлэл инноваци, аялал, жуулчлал, ахуй үйлчилгээ хариуцсан чиг үүрэг өөрчлөгдөн нэмэгдсэн гэж үзэн Ч.Б г ажлаас чөлөөлжээ.  

Шинэчлэн батлагдсан бүтцээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Худалдаа, үйлчилгээний хэлтсийн нэр нь Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нэртэй болж өөрчлөгдөж, 5 орон тоо нь 7 болж нэмэгдсэн  гэдэг нь шинэ болон өмнөх орон тоо бүтцийг баталсан шийдвэрүүд /хх 1-108, 38-ын арын нүүр, 48-ын арын нүүр/, ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон шийдвэрүүд /хх 2-121, 123/ зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиг үүрэг шинэ бүтцээр Аялал жуулчлал, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Үйлдвэрлэл иноваци хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдөж, 2 мэргэжилтэн хариуцах болсон, тус хэлтсээс нэхэмжлэгч Ч.Б , Д.Э  нарыг ажлаас чөлөөлсөн атлаа шинээр Г.Д , Ц.Ж , Ч.Н , Б.А нарыг тус хэлтэст шинээр томилсон байдал нь  ажлын байрны тодорхойлолтууд /хх 2-18-19, 22-24,/, үр дүнгийн гэрээний биелэлт /хх 3-9/ зэргээр нотлогдож байна. 

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/95 дугаар тушаал /хх 2-109/-аар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр нэхэмжлэгч Ч.Б г томилсон байна. Үүний дараа Ч.Б г Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/106 дугаар тушаал /2-р хх 110/-аар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжүүлжээ. 

3.Нэхэмжлэгч Ц.Д гийн хувьд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаал /хх 1-117/-аар Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол хариуцсан мэргэжилтний ТЗ-4-2 ангилалын албан тушаалд Ц.Д г томилжээ. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98 дугаар тушаал /хх-1-10/-аар бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Д г ажлаас нь чөлөөлжээ. 

Шинэчлэн батлагдсан бүтцээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийгмийн хөгжлийн хэлтэс нь  нэр болон орон тооны хувьд өөрчлөгдөөгүй, 6 орон тоотой байсан, 6 орон тоотойгоор шинээр батлагдсан гэдэг нь шинэ болон өмнөх орон тоо бүтцийг баталсан шийдвэрүүд /хх 1-108, 38/, ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон шийдвэрүүд /хх 2-121, 123/ зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Боловсрол хариуцсан чиг үүрэг Боловсрол, төрийн бус байгуулллага хариуцсан мэргэжилтэн болж шинэ бүтцээр өөрчлөгдсөн бөгөөд нэхэмжлэгч боловсролын асуудлыг хариуцаж байхдаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байсан байдал нь   ажлын байрны тодорхойлолтууд /хх 1-194-195, 215-217/, үр дүнгийн гэрээний биелэлт /хх 1-206-212/ зэргээр нотлогдож байна. 

Хариуцагчийн тайлбараас үзэхэд боловсролын асуудал хариуцаж байсан нэхэмжлэгч Ц.Д  болон соёл урлаг, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн Б.Т нарын хооронд шалгаруулалт явуулж, багш мэргэжлээр ажиллаж байсан, компьютер, гадаад хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар, төрийн бус байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагыг харгалзан Б.Т г шинээр батлагдсан боловсрол, төрийн бус байгууллагын албан тушаалд томилжээ /хх 1-36, 45/.

Шинэ бүтцийн дагуу ажилтнуудыг ажилд томилсон тушаал /хх 1-123-124/-аас соёл, урлаг, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн Б.Т г боловсрол, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр, Б.Т гийн ажиллаж байсан соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шинээр Э.О ыг томилсон гэдэг нь нотлогдож байна. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/116 дугаар тушаал /2-р хх 127/-аар Ц.Д г Стратеги, бодлого, төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр томилсон байна. 

4.Нэхэмжлэгч С.О гийн хувьд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаар тушаал /2-р хх 47/-аар С.О г Санхүү, төрийн сангийн хэлтсийн Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/101 дүгээр тушаал /1-р хх 16/-аар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн С.О г ажлаас нь чөлөөлжээ. 

Хариуцагчийн тайлбарт “Санхүү, төрийн сангийн хэлтсийн нэр өөрчлөгдөөгүй, өмнө нь 13 хүн ажиллаж байсан. Шинэ бүтцээр 12 хүний орон тоотой болж, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаж, 5 байсан бол 3 болсон” гэжээ.

Гэтэл Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны А/109 дүгээр захирамжийн дагуу 13 орон  тоотой байхаар тогтоосон /хх 1-107-108/. Бодит байдал дээр буюу шинэ бүтэц батлагдах үед Санхүү, төрийн сангийн хэлтэст 11 хүний орон тоотой ажиллаж байгаад шинэ бүтцээр тус хэлтсийн нэр өөрчлөгдөөгүй орон тоо нь 12 болж батлагдаж, тус хэлтсээс нэхэмжлэгч Ц.А , С.О  нарыг ажлаас чөлөөлсөн атлаа шинээр Г.Н , Г.Б нарыг Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилсон гэдэг нь шинэ болон өмнөх орон тоо бүтцийг баталсан шийдвэрүүд /хх 1-107-108, 39, 49/, ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон шийдвэрүүд /хх 2-121, 123/ зэргээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн хариуцаж байсан төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоо өмнө нь 5 байгаагүй 3 байсан, шинэ бүтцээр мөн 3 байгаа гэдэг нь ажлын байрны тодорхойлолтууд /хх 2-72-75/, /хх 2-68-71/, /хх 1-180-181/ үр дүнгийн гэрээний биелэлт / хх 1-182-193/, /хх 2-82-88/ зэргээр нотлогдож байна. 

Монгол Улсын ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/293 дугаар тушаалаар С.О  нь Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газарт аудитораар 6 сарын хугацаатайгаар томилогджээ. 

5.Нэхэмжлэгч З.П ийн хувьд:

Нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаал /хх 1-118/-аар Хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна. 

Нэхэмжлэгч З.П ийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дугаар тушаал /хх 1-12/-аар бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамж /хх 1-39/-аар Захиргаа, хуулийн хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс гэж нэр нь өөрчлөгдөж, өмнөх бүтцээр 21 орон тоотой байсан /хх 1-107/, шинэ бүтцээр мөн 21 орон тоотой байхаар батлагдаж /хх 1-39/, шинэ бүтцийн дагуу тус хэлтэст 22 албан хаагчыг томилжээ /хх 2-122-ын арын нүүр/. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар бүтэц орон тоог шинэчлэн батлах ажлын хэсгийн гуравдугаар тэмдэглэл, хариуцагч тайлбартаа “Нэхэмжлэгч З.П  нь хороо хариуцсан 2 мэргэжилтний нэгээр ажиллаж байсан. Шинэ бүтцээр хороо хариуцсан мэргэжилтэн 1 болж орон тоо цөөрсөн. н.Б г хороо хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах болсон шалтгаан нь хороодын Засаг дарга нарын санал, тухайн мэргэжилтний хороодын албан хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байгаа байдал, хэлтсийн хамт олны дунд нэр хүнд сайтай, залуу мэргэжилтэн гэсэн ажлын хэсгийн саналыг үндэслэн З.П , н.Б хоёроос н.Б г хороо хариуцсан мэргэжилтнээр сонгон шалгаруулсан.” гэжээ.

Нэхэмжлэгчээс “н.Б бид хоёрын дунд ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт явуулсан, шалгалт авсан, асууж тодруулсан зүйл байхгүй. Ажлын хэсэг байгуулагдсныг мэдээгүй.” гэжээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/76 дугаар тушаал /хх 2-106/-аар З.П ийг Аудит, дотоод хяналтын хэлтсийн бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байна. Үүний дараа 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/92 дугаар тушаал /хх 2-107/-аар тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. 

6.Нэхэмжлэгч Н.Т ын хувьд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байсан Н.Т ыг Дэд бүтэц тохижилтын хэлтсийн Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/103 дугаар тушаал /хх-1-20/-аар Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Т ыг бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ажлаас нь чөлөөлжээ. 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь 6 орон тоотой байсан /хх 1-108/, шинэ бүтцээр Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болж нэр нь өөрчлөгдөж, мөн орон тоо 7 орон тоотой болж, орон тоо нь нэмэгдсэн /хх 1-49, 2-123/. Шинээр О.Т , С.А гэсэн мэргэжилтэнг нэмж томилжээ /хх 2-123/.  

Нэхэмжлэгч П.Э ийн хувьд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/167 дугаар тушаал /хх 1-143/-аар П.Э  нь Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/100 дугаар тушаал /хх 1-14/-аар бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Э ийг ажлаас нь чөлөөлжээ. 

Шинэ бүтцээр нэхэмжлэгч П.Э ийн ажиллаж байсан Худалдаа, үйлчилгээний хэлтэс 5 орон тоотой байсан /хх 1-108, 2-121/ бол Хүнс, худалдаа, үйлчилгээ хэлтэс болж нэр нь өөрчлөгдөж, орон тоо нь 7 болж нэмэгдсэн /хх 1-49, 2-123-ын арын нүүр/. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Аялал жуулчлал, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгджээ. Энэ хэлтэст өмнө нь ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Б  Д.Э  нарыг ажлаас чөлөөлсөн харин шинээр Г.Д , Ц.Ж , Б.А нарыг ажилд томилжээ /хх 2-121, 123-ын арын нүүр/.  

Шийдвэрийн хууль зүйн үндэслэл, түүнийг талуудын нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай холбон дүгнэсэн талаар:

Нэхэмжлэгч нараас “төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор тэр дундаа төрийн албан хаагчийн баталгааг хариуцагч захиргааны байгууллага зөрчиж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн ч өмнө ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байтал албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй, албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж маргасан. 

Төрийн албаны тухай хуулийн зорилтыг тодорхойлсон 1 дүгээр зүйл, Төрийн албан хаагчийн баталгааг зохицуулсан 27 дугаар зүйлд төрийн захиргааны /төрийн жинхэнэ/ албан хаагчийн баталгаа, нэмэлт баталгаа буюу төрийн захиргааны албан хаагчид төрийн албыг хэрэгжүүлсний төлөө олгогдож байгаа боломж, нөхцлүүдийг заасан. Энэ нь төрийн захиргааны албан хаагчид олгогдож байгаа эрх юм.  

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн  шийдвэр гаргаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан бусад хуульд заасан зарчим, эрх, үүргийг баримтална. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэж зохицуулжээ. 

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан “орон тоо хасагдсан” гэдгийг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “...“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино...”, 15.1.2-т “... “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.” гэж тайлбарласан зарчмаар ойлгох нь зүйтэй. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Энэ хэсэгт заасан “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.” гэж заажээ. 

Маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн хариуцагч нь өөрийн байгууллагыг өөрчлөн байгуулагдаж нэхэмжлэгч нарын ажиллаж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж үзэн нэхэмжлэгч нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. 

Гэтэл маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч байгууллагын шинэ бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч З.П оос бусад нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хэлтсийн орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй, нэхэмжлэгч Ц.А , С.О , Ч.Б , З.П , Н.Т , П.Э  нарын ажиллаж байсан хэлтсийн орон тоо нэмэгдсэн, нэхэмжлэгч Ц.А , С.О , Ц.Д , Н.Т , П.Э  нарыг ажлаас чөлөөлсөн атлаа шинээр ажилтнууд авсан, нэхэмжлэгч нарын ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг агуулгын хувьд буюу чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, зарим чиг үүрэг шинээр нэмэгдсэн, томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч ажлын байрны тодорхойлтод заасан өмнөх чиг үүргийн агуулга нь хэвээр хадгалагдан үлдсэн нь тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн нь агуулгын хувьд төрийн албан хаагчид олгож байгаа нэмэлт баталгаагаар хангагдах эрх, харин ажил олгогч төрийн байгууллагын хувьд түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзэхээр байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн учир нэхэмжлэгч нар нь шинэ өөрчлөгдсөн бүтцийн хүрээнд албан тушаалдаа үргэлжлэн ажиллах баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тэдгээрийг маргаан бүхий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна. 

Хариуцагч захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон энэхүү үүргийг зөрчин нэхэмжлэгч нарыг албан тушаалаас чөлөөлсөн атлаа “нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаал хасагдсан тул тэдгээрийг албан тушаалаас нь чөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нарын өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн учир шинэ бүтцээр өөрчлөгдсөн бүтэц, орон тоонд нийцүүлэн нэхэмжлэгч нарыг өмнөх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах хуульд  заасан үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцээгүй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж  байхад албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэх хуулийн заалт болох Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг хариуцагч хэрэглэн нэхэмжлэгч нарыг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй гаргажээ.

Үүнээс гадна нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах байтал албан тушаалаас нь чөлөөлж дээр дурдсан хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гараагүй байхад өөр этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилжээ. 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлаас өөрөөр нөхцөл байдлыг дүгнэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгч З.П ийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо цөөрсөн байгаа бодит нөхцөл байдал байгаа учир энэ хуулийн заалтын дагуу хариуцагчаас уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авахаар байжээ. 

Гэтэл маргаан бүхий үйл баримтаар хариуцагчаас ийм шалгаруулалт хийх талаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөс өмнө мэдэгдээгүй, шалгаруулалтыг бодит байдалд явуулаагүй гэдэг нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д  27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлэхээр заажээ. Иймээс хариуцагч талаас шалгаруулалт явуулсан гэдгийг “хороодын Засаг дарга нарын санал, тухайн мэргэжилтний хороодын албан хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байгаа байдал, хэлтсийн хамт олны дунд нэр хүнд сайтай, залуу мэргэжилтэн гэсэн ажлын хэсгийн саналыг үндэслэн З.П , н.Б хоёроос н.Б г хороо хариуцсан мэргэжилтнээр сонгон шалгаруулсан.” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцээгүй бөгөөд мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн хууль бус үйлдэл байна.

Дүгнэхэд, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актууд нь хууль бус бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, 27.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, 27.2.3-д заасан шалгаруулалтын үндсэн дээр албан тушаалдаа үргэлжлэн ажиллах, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” зэрэг нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас зөрчигдөж, нэхэмжлэгч нар хууль бусаар ажлаас халагдсан гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын эдгээр эрхийг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Ц.А , З.П , Н.Т , П.Э  нарыг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч Ч.Б , Ц.Д , С.О  нарын ажилгүй байсан хугацааны цалинг, харин нэхэмжлэгч Ц.А , Ч.Б , З.П , Н.Т , П.Э  нарын  ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр /маргаан бүхий акт гарснаас энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр/ хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон ажилгүй байсан цалин хөлсийг олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 104 тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.А , З.П , Н.Т , П.Э  нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нарын “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэр бүхий 4 ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай. 

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ч.Б , Ц.Д , С.О  нарын ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийх, нэхэмжлэгч Ц.А , З.П , Н.Т , П.Э  нарын ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд урьд авч цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

      ШҮҮГЧ                                  А.САРАНГЭРЭЛ