Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 110/2021/0004/з |
Дугаар | 221/МА2021/0209 |
Огноо | 2021-05-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2021/0209
“А” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, хариуцагч Б.Ж нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн гомдолтой, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “А” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0066002 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагч талын эрх ашгийг хамгаалсан, зөвхөн нэг талыг барьсан шийдвэр болсон. Би Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрлийг авах зорилгоор байгаль орчны яаманд хэд хэдэн удаа биеэр очиж Сайд болон энэ асуудлыг хариуцдаг албан тушаалтантай уулзаж зохих зөвшөөрөл өгөхийг хүссэн өргөдөл албан бичиг хүсэлтийг бичиг хэргээр нь дамжуулж өгч байсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан сайд дарга нар миний энэ ажлыг дэмжиж араас чинь албан ёсны зөвшөөрлийг явуулна гэж амлаж байсан. Мөн аймагт Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрыг төлөөлж сууж байгаа төлөөлөл болох мэргэжилтэн газрын дарга З.Медеуханаар дамжуулж яаманд хүсэлтийг явуулж байсныг З.Медеухан гэрчилдэг. Гомдол гаргагч миний бие “А” рашаан сувиллыг анх 2006 онд хувьчилж авсан цагаас эхэлж тусгай хамгаалалттай газар нутгаас газрын зөвшөөрөл авах зорилгоор байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэн батлуулж, улмаар БОАЖЯаманд тусгай хамгаалалттай газар нутагт орших “А” ХХК-ийн эдэлбэр газрыг гэрээгээр ашиглах зөвшөөрлийг 5 жил дараалан бичгээр хүссэн боловч одоо хүртэл хариу авч чадаагүй байгаа явдлыг хариуцагч байцаагч болон анхан шатны шүүх анхаарсангүй. Иймд тус рашаан сувиллын эдэлбэр газрыг ашиглахтай холбоотой асуудалд “А” ХХК нь буруугүй байгааг анхаарч үзээгүй Бид зөвхөн нөөц нь тогтоогдож, судлагдсан рашааныг ашигласан болохоос биш байгаль орчинд ямар нэгэн хор хөнөөл учруулаагүй болно. Хариуцагч улсын байцаагчаас рашаан сувиллын үйл ажиллагааг явуулахдаа байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэсэн тайлбар нь огт үндэслэлгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Энэ нь гомдол гаргагч бидний олон жил хөөцөлдөж байж, тодорхой хөрөнгө зарцуулж 2012 он болон 2020 онд хийлгэж батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг бүхэлд үгүйсгэсэн явдалд харамсаж байна. Хариуцагч улсын байцаагчийн тус “А” ХХК-ны үйл ажиллагааг түр зогсоосон болон торгож арга хэмжээ авсан явдал нь нэхэмжлэгч байгууллагын болон үйлчлүүлэгч хөгжлийн бэрхшээлтэй өвчин эмгэгтэй ард иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эрсдэлтэй шийдвэр болсон тухай 4 төрлийн үндэслэлийг шүүх анхаарч үзээгүй. Тус Ахсу рашаан сувиллыг хувьчилж авсан миний бие байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хоёр удаа 2012, 2020 онуудад хийлгүүлэн батлуулж түүний дагуу рашаан сувиллын материаллаг баазыг бэхжүүлж томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийж ажилласан хугацаанд 9,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй өвчин эмгэгтэй ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ашгийн бус зөвхөн Эрүүл мэндийн сайдын 2012 оны 07-р сарын 06-ны өдрийн 247 тоот тушаалаар батлагдсан чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувиллын үзүүлэх тусламж үйлчилгээний журмыг хатуу мөрдөн ажиллаж гадаад дотоодын үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн, баруун бүсэд үйлчилгээ үзүүлж буй Улсын чанартай ганц рашаан сувилал байгааг хариуцагч улсын байцаагч болон шийдвэр гаргасан анхан шатны захиргааны хэргийн шүүх огт анхаарч үзээгүй явдалд харамсаж байна. Анх 2008 онд Эрүүл мэндийн яамнаас ЭХ08/23/3349 дугаартай Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Рашаан сувиллын үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх эрх авч, одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагааг явуулж байгаа эрүүл мэндийн байгууллага гэдгийг хариуцагч улсын байцаагч ойлгохгүй байгааг шийдвэр гаргасан шүүгч анхаарч үзээгүй. Аливаа эрх бүхий улсын байцаагч нар шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэх хэсэгт үндэслэлийг хууль эрх зүйн заалтаар тодорхой бичих ёстой байсан боловч харамсалтай нь хариуцагч улсын байцаагч Б.Жандаурен нь маргаан бүхий рашаан сувиллын үйл ажиллагааг түр зогсоосон акт болон торгох арга хэмжээ авсан шийдвэрийн үндэслэх хэсэгт Дур мэдэн рашаан сувиллын үйл ажиллагаа явуулсан гэж заасан нь хууль, эрх зүйн талаас огт үндэслэлгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дахин захиргааны хэргийн анхан шатны шүүхээр холбогдох нотлох баримтуудыг нягтлан судлах зорилгоор зөрчлийн 2013000379 тоот дугаартай хэргийг анхан шатны шүүхэд дахин хянан шалгуулахаар буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “А” ХХК нь “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0066002 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “А” ХХК-ийг “улсын тусгай хамгаалалттай газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Анхан шатны шүүх “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглахдаа хүсэлтээ тухайн газрын хамгаалалтын захиргаанд гаргаж, хамгаалалтын захиргаа нь уг хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад уламжласны үндсэн дээр газар ашиглуулах тухай шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага гаргана гэж ойлгох бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд эрх бүхий байгууллагаас “А” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдсон байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хууль болон холбогдох дүрэм, журамд зааснаар байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэж, зохих ёсоор батлуулсан үйл баримт тогтоогдож байгаа ч энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрх үүсгэхгүй, төрийн захиргааны төв байгууллагаас “А” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байгаа тохиолдолд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж үзнэ.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасан “улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” гэх зөрчил гаргасан үндэслэлээр “А” ХХК-нд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага гарцаагүй байх зарчмыг тодорхойлсон зохицуулалт гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан “газрыг гэрээгээр ашиглах зөвшөөрлийг 5 жил дараалан хүссэн боловч хариу авч чадаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж батлуулсан, хөгжлийн бэрхшээлтэй өвчин эмгэгтэй ард иргэдийн эрхийг зөрчсөн, баруун бүсэд үйлчилгээ үзүүлж буй улсын чанартай ганц рашаан сувилал, рашаан сувилалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй эрүүл мэндийн байгууллага” гэх нөхцөл байдлууд нь зөрчлийг үгүйсгэх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Батбаатар
ШҮҮГЧ А.Сарангэрэл
ШҮҮГЧ О.НОМУУЛИН