Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1852

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Мөнхтайваны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00663 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Мөнхтайваны нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Түмэндоржид холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Түмэндорж, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Р.Мөнхтайван

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Ганбат

Хариуцагч: С.Түмэндорж

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Саранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Мөнхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Түмэндоржтой 2007 онд танилцаж хамтран амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас 2008 оны 07 дугаар сарын 27-нд хүү Т.Азжаргал, 2011 оны 05 дугаар сарын 06-нд охин Т.Индра нар төрсөн юм. С.Түмэндорж нь 2008 оноос эхлэн өөр эмэгтэйтэй холбогдох болсон ба тэр цагаас хойш намайг зодож, хэл амаар доромжлох болсон. Намайг жирэмсэн байхад болон эрүүл согтуудаа, хүүхдүүдийн дэргэд хүртэл зодож байсан. Хоёр хүүхэд нь ааваасаа маш их айдаг. С.Түмэндорж надад нэг хоёрхон удаа гар хүрсэн мэтээр худлаа ярьж, өөрийгөө хамгаалж байна. Тэрээр намайг зодсоноос болж миний нүдний доор, хөмсөг орчимд шарх сорви үүсч, хамар мурийж, урдаа төмөртэй гутлаар өшиглөж, хөлийн махыг таслан, яс нь хонхойсон, мөн хутга барьж, ална гэж айлган сүрдүүлж байсан. Дээрх бүх дарамт шахалт, зодуураас болж, бид хоёр тийшээ болж, 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Бид хоёр анх одоогийн С.Түмэндоржийн амьдарч байгаа хашаанд гэрт амьдарч байсан ба дараа нь хашаандаа байшин барьж, гэрийн эд хогшил тавилгатай болсон. С.Түмэндорж надаас салахдаа хоёр хүүхдийг минь авч үлдсэн бөгөөд намайг тэдэнтэй уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй. Би С.Түмэндоржийн харгис хэрцгий зан, зодуур дарамтаас болж, хоёр хүүхдээсээ хол, маш хэцүү байна. Тэрээр хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна, хоёр хүүхдийг салгахгүй, нэг дор өсгөнө гэж ярьдаг боловч, том хүү маань ээжтэй нь хамт амьдарч, С.Түмэндорж хамтран амьдрагч эмэгтэйтэй, түүний дагавар хүүхэд, миний бага охинтой хамт байгаа. С.Түмэндорж нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй, бас хүүхэдтэй. Өөрөө завхай замбараагүй явдалтай байж намайг байнга хардаж, элдэв үгээр хэлж доромжилдог. Би хоёр хүүхдээсээ хол 2, 3 жил болох хугацаанд сэтгэл санаагаар унаж, хааяа архи тамхи хэрэглэж байсан. Хоёр тийшээ болохдоо би гэр, байшин, тавилга эд хогшлоос юу ч аваагүй, бүгдийг С.Түмэндоржид орхиод явсан. Надад хөрөнгө мөнгө хэрэггүй, хоёр хүүхэд л хэрэгтэй. Би энэ хугацаанд өөрийн гэсэн орох оронтой болсон бөгөөд эгч, дүү нарын тусламжтайгаар хоёр хүүхдээ өсгөөд аваад явах боломжтой. Том хүүгээ Сонгинохайрхан дүүргийн сургуульд оруулж, боловсрол эзэмшүүлэх, бага охиноо цэцэрлэгт өгөх боломжтой гэж үзэж байна. С.Түмэндорж өөрийгөө боломжтой, төлбөртэй цэцэрлэгт явуулж байгаа, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь машинаар авч байгаа гэж ярьж байна. Надад унаа машин байхгүй ч би ажил төрөлтэй өөрийн гэсэн гэр оронтой, төрсөн хоёр хүүхдээ өсгөөд аваад явах боломжтой. С.Түмэндорж олон сар хоногоор хөдөө явж, хоёр хүүхдийг хамтран амьдрагч хүүхний царай харуулж байна. С.Түмэндорж намайг ална, ах дүү нарыг чинь хүйс тэмтэрнэ, эргэж харж амьдраарай гэж байнга заналхийлдэг ба би арга буюу Цагдаагийн байгууллага болон Хүчирхийллийн эсрэг төвд хандсан. С.Түмэндорж намайг зодож байгаагүй, баримтаа гаргаад ир гэж ярьж байна, би хоёр хүүхэд ах дүүдээ амьд харагдахын тулд тэвчиж Цагдаад хандаж байгаагүй. Би эх хүний хувьд хүүхдүүдтэйгээ хамт байж, тэднийг өсгөж хүмүүжүүлмээр байна. Хоёр хүүхдийг өгөхгүй гэж байгаа бол ядаж бага охиноо өөрийн асрамжид авмаар байна. Хэрэв хоёр хүүхдийг надад, эсвэл бид хоёрт нэг нэгээр нь үлдээвэл хүүхдүүдээ эцэгтэй нь, ах дүүтэй нь байнга уулзуулж байх болно гэжээ.

Хариуцагч С.Түмэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос эхлэн Р.Мөнхтайвантай хамтран амьдарч 2 хүүхдийн эцэг, эх болцгоосон бөгөөд Т.Азжаргал, Т.Индра нар надаар овоглож явдаг, миний хүүхдүүд мөн. Р.Мөнхтайван нь нэхэмжлэлдээ болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр намайг байнга зодож дарамталдаг байсан, өөр хүүхнүүдтэй ороолцолддог байсан мэтээр гүтгэж байна. Ийм асуудал байхгүй ба жирэмсэн байхдаа тамхи татаад байхаар нь хүүхдээ бодсонгүй гэж нэг удаа алгадаж, найзын хуриман дээр архи ууж, өөр хүнтэй байхад нь уурлаж нэг удаа гар хүрсэн. Р.Мөнхтайван тухайн үед тийм хүнд нөхцөлд байсан бол хууль хяналтын байгууллагад мэдэгдэх байсан. Бид хоёрын салах гол шалтгаан нь Р.Мөнхтайван намайг 2011 оноос эхлэн хөдөө ажилладаг болсоноос хойш бусадтай холбогдон, архидан согтуурдаг байсныг 2013 онд мэдсэнээс болж салсан. Одоо хүү Т.Азжаргал, охин Т.Индра нар миний асрамжид эрүүл саруул өсч торнин, сурч боловсорч байна. Р.Мөнхтайван намайг хоёр хүүхэдтэй уулзуулдаггүй, байнга занаж дарамталдаг мэтээр бичсэн нь ор үндэслэлгүй бөгөөд харин ч хүүхдүүд дээрээ тоотой ирдэг, ирэхээрээ элдэв янзын юм ярьж, тэдний толгой эргүүлдэг байсан. Мөн тэрээр тамхи хэрэглэдэг, ууж согтуурсан үедээ биеэ хянах чадваргүй болдог зэрэг нь хоёр хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлэх нь тодорхой. Иймд Р.Мөнхтайваны хоёр хүүхдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Р.Мөнхтайваны хоёр хүүхдийг нэг нэгээр нь авна гэдгийг ч зөвшөөрөхгүй, хүүхдүүдийг салгахгүй, би өөрийн асрамжид байлгана. Харин би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, өвөл нь сургууль цэцэрлэгт явуулж, зуны улиралд хоёр хүүхдийг ээж дээр нь байлгахыг зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 07 дугаар сарын 27-нд төрсөн хүү Т.Азжаргалыг эцэг С.Түмэндоржийн, 2011 оны 05 дугаар сарын 06-нд төрсөн охин Т.Индраг эх Р.Мөнхтайваны асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар С.Түмэндорж, Р.Мөнхтайван нарыг хүү Т.Азжаргал, охин Т.Индра нартай сард хоёр удаа /амралтын өдрүүдээр/, тэмдэглэлт баяр ёслол /төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр, улсын баяр наадам/-аар уулзуулж байхыг зохигчдод даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Түмэндоржоос 70 200 төгрөгийг гаргуулж Р.Мөнхтайванд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Түмэндорж, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх төрснөөсөө эхлээд өдийг хүртэл хамтдаа тоглож, хамт унтаж, хамтдаа өссөн хүүхдүүд маань тусдаа амьдраад эхлэвэл бие биенээ санаж бэтгэрэх нь тодорхой бөгөөд Р.Мөнхтайваны хүүхдээ өсгөх орчин нөхцөл нь хангалтгүй, хүмүүжилд нь муугаар нөлөөлөх хорт буруу зуршилтай, тогтвортой амьдралгүй байгаа зэргийг харгалзан үзэлгүй, хүүхдүүдийн маань ирээдүйг бодолгүй өрөөсгөл шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хүү Т.Азжаргал маань Сүхбаатар дүүргийн 35-р сургуульд нийслэлийн тэргүүний багш Л.Баяртогтох багшийн ангид сурч боловсорч байгаа, охин Т.Индра нь Баянзүрх дүүрэгт байрлах Г.В.Плехановын нэрэмжит сургуулийн салбар цэцэрлэгт хүмүүжиж байгаа ба эцэг, эх, эмээ, ах, эгч нарийнхаа хайр халамжинд дутагдах зүйлгүй зөв хүн болон өсөн бойжиж байгаа болно. Р.Мөнхтайван нь намайг хөдөө гадаа байнга явдаг, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй архи, тамхи хэрэглэдэг гэх мэтээр худал гүтгэсэн нь ор үндэсгүй зүйл, харин ч миний тогтвор суурьшилтай, тогтмол цалин орлоготой, өсч дэвших бүрэн боломжтой найрсаг хамт олонтой хамтран ажилладаг зэрэг минь хүүхдүүдийн маань хүмүүжилд эерэгээр нөлөөлж, зөв үлгэр дуурайлал болж байгаа юм. Мөн хүүхдүүдээ өсгөж хүмүүжих, сурч боловсрох, амьдрал ахуйн хэрэгцээт зүйлсээр хангаж, тэжээн тэтгэсээр өнөөдрийг хүрэх хугацаанд шаардлагтай вакцин, өрхийн эмчийн үзлэг хяналтад тогтмол цаг хугацаанд нь хамруулж ирсэн. Харин Р.Мөнхтайваны зүгээс сүүлийн 3 жилийн хугацаанд хамт амьдраагүй, тэжээн тэтгэх бодитой тусламж, дэмжлэг үзүүлж байгаагүй. Иймд охиныг минь багаасаа амьдарч өссөн орчноос нь салгахгүй байх, төрсөн ахтайгаа хамтдаа ойр дотно өсөх, цаашид амжилттай сурч боловсрон хүссэн мэргэжлээ эзэмшин ирээдүйн амьдралаа итгэлтэй зөв эхлүүлэхэд нь миний болон манай гэр бүлийн үүрэг оролцоо, хайр халамж хавьгүй илүү байгааг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж охин Т.Индраг минь миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Р.Мөнхтайван нь хариуцагч С.Түмэндоржид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Р.Мөнхтайван, С.Түмэндорж нар нь 2007 онд танилцаж, улмаар хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүү Т.Азжаргал, 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Т.Индра нар төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-4, 5, 13, 157, 158/

 

Нэхэмжлэгч нь “хамтран амьдрах хугацаанд нөхөр С.Түмэндорж нь байнга зодож, дарамталдаг байсан, түүний зодуураас болж биедээ олон тооны шарх авсан гэж, хариуцагч нь “Р.Мөнхтайваныг архи, тамхи хэрэглэдэг муу зуршилтай түүнээс болж бидний хооронд таарамжгүй харьцаа үүсч салах болсон” гэж тус тус тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж, мэтгэлцээгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар зохигчдын хэн аль нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэгтэй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх Сэтгэл судлалын “Монгол өрх” хүрээлэнг шинжээчээр томилж, эцэг, эхийн аль нь хүүхдүүдийг асрах, хүмүүжүүлэх нөхцөл бололцоо илүү байгааг тогтоолгож, дүгнэлт гаргуулсан байна. /хх 24-66/

 

Шинжээч нар “Эх Р.Мөнхтайван, эцэг С.Түмэндорж нарын аль аль нь эцэг эх байх эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, нийгмийн сэтгэл зүй, зан төлөвийн ноцтой эрсдэл, үндэслэл илрээгүй, эцэг эхийн наад захын зохих чадамжийн үзүүлэлтүүдийг хангасан, ...бага зэрэг /илт хол зөрүүтэй биш/ илүү тоон чанарын үзүүлэлттэйгээр хүү Т.Азжаргал, охин Т.Индра нар нь эх Р.Мөнхтайваны асран хамгаалалтын талд гарлаа” гэж дүгнэжээ.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Р.Мөнхтайваны санал хүсэлт, 8 настай хүү Т.Азжаргал эцгийн асрамжид байх талаар саналаа өгсөн зэрэг байдлыг харгалзан үзэж хүү Т.Азжаргалыг эцэг С.Түмэндоржийн, охин Т.Индраг эх Р.Мөнхтайваны асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх 104, 167/

 

Анхан шатны шүүх хүү Т.Азжаргалыг эцэг С.Түмэндоржийн, охин Т.Индраг эх Р.Мөнхтайваны асрамжид тус тус үлдээсэн нь тэдний эцэг, эх байх эрхийг хязгаарлахгүй бөгөөд хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөхөд хүрвэл тэдний асрамжийг өөрчлүүлэх талаар хэн аль нь нэхэмжлэл гаргах эрх нээлттэй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Түмэндорж, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Түмэндорж, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Түмэндоржийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН