| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0028/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.Н-д холбогдох эрүүгийн 2003000250041 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, Б овогт П.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Н нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 10 минутын үед Улаанбаатар-Хөх хот чиглэлийн Олон улсын суудлын 447 дугаар галт тэргээр зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарлалт тогтоосон үхрийн 41 кг мах, хонины 152 кг мах, нийт 193 кг махыг тус галт тэрэгний 1 дүгээр вагоны 8 дугаар купений таазанд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлттэй таарч тохирч байгаа учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас товчхон мэдүүлэг өгье. Би 2019 оны 12-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Хархорин захаас найзуудтайгаа цагаан сар хийх зорилгоор энэ махыг авсан, өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ харамсаж байна гэв.
Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 12 сарын 18-ны өдөр орон нутгийн Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэргээр нөхөр Н-н хамт өвлийн хүнсээ базаах гээд ирсэн. Өглөө 9 цагийн орчим хотод ирэн өдөр 12 цагийн орчим Хархорин зах гарч өөрсдийн хүнсэнд хэрэглэх мөн Хөх хотод хамт сурдаг оюутан найзуудын захисан махыг худалдаж авахад бараг 200 килограмм орчим мах худалдаж авч цүнх савнуудад хувааж хийж хөлдөөгөөд 2019 оны 12 сарын 20-ны орой манай нөхөр Н Улаанбаатар Хөх хот чиглэлийн суудлын галт тэргэнд аваад явсан. Маргааш орой нь 15 цагийн орчим Н над руу залган нөгөө авч явсан махнаас болоод Замын-Үүдийн гааль дээр буугаад шалгагдаж байна гэж хэлсэн" гэжээ./хх-ийн 32/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би томилогдсон хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар-Хөх хотын 477 дугаар вагонд Гаалийн хяналт шалгалт хийсэн. Вагон руу ороход тус вагоны 2 үйлчлэгч бүх зорчигчдод гаалийн товч мэдүүлэг буюу деклараци тарааж өгсөн байсан. Би гаалийн хяналт шалгалт хийхдээ зорчигч тус бүрээс гаалийн товч мэдүүлгийг авч шалгахад “хориглосон, хязгаарласан бараагүй” гэж мэдүүлсэн ба шалгахад зорчигчийн гар цүнх болон тээшинд хориглосон, хязгаарласан бараа байхгүй байсан. Тагнуул болон Хилийн цэргийн ажилтнуудтай хамт вагоны эд ангийг шалгахад эд ангиудыг лацадсан байсан ба онгойлгон шалгахад люкны дээд талаас жижиг уут, гар цүнхэнд савласан үхэр болон хонины махнууд гарч ирснийг хойшлуулашгүй ажиллагаа явуулан эд зүйлийг хураан авч тэмдэглэл хөтлөн уг махыг авч явсан 8 дугаар купены зорчигч П.Н гэдэг хүнээс мэдүүлэг аван Замын-Үүд дэх сум дундын прокурорын газарт харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн гэжээ. /хх –ийн 34/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-12/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-26/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хх-ийн 27/
Шүүгдэгч П.Н-н Улаанбаатар Хөх хот чиглэлийн галт тэрэгний тасалбар /хх-ийн 13/
Нийслэлийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 37/
Нийслэлийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 38/
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын шинжээчийн 15 тоот дүгнэлт / хх-ийн 39/
А ХХК-ний Үнэлгээний дүгнэлт / хх-ийн 43/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/
Шүүгдэгч П.Н-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овгийн П.Н нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 10 минутын үед Улаанбаатар-Хөх хот чиглэлийн Олон улсын суудлын 447 дугаар галт тэргээр зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарлалт тогтоосон үхрийн 41 кг мах, хонины 152 кг мах, нийт 193 кг махыг тус галт тэрэгний 1 дүгээр вагоны 8 дугаар купений таазанд нууж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өглөө 9 цагийн орчим хотод ирэн өдөр 12 цагийн орчим Хархорин зах гарч өөрсдийн хүнсэнд хэрэглэх мөн Хөх хотод хамт сурдаг оюутан найзуудын захисан махыг худалдаж авахад бараг 200 килограмм орчим мах худалдаж авч цүнх савнуудад хувааж хийж хөлдөөгөөд 2019 оны 12 сарын 20-ны орой манай нөхөр Н Улаанбаатар Хөх хот чиглэлийн суудлын галт тэргэнд аваад явсан. Маргааш орой нь 15 цагийн орчим Н над руу залган нөгөө авч явсан махнаас болоод Замын-Үүдийн гааль дээр буугаад шалгагдаж байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би томилогдсон хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар-Хөх хотын 477 дугаар вагонд Гаалийн хяналт шалгалт хийсэн. Вагон руу ороход тус вагоны 2 үйлчлэгч бүх зорчигчдод гаалийн товч мэдүүлэг буюу деклараци тарааж өгсөн байсан. Би гаалийн хяналт шалгалт хийхдээ зорчигч тус бүрээс гаалийн товч мэдүүлгийг авч шалгахад “хориглосон, хязгаарласан бараагүй” гэж мэдүүлсэн ба шалгахад зорчигчийн гар цүнх болон тээшинд хориглосон, хязгаарласан бараа байхгүй байсан. Тагнуул болон Хилийн цэргийн ажилтнуудтай хамт вагоны эд ангийг шалгахад эд ангиудыг лацадсан байсан ба онгойлгон шалгахад люкны дээд талаас жижиг уут, гар цүнхэнд савласан үхэр болон хонины махнууд гарч ирснийг хойшлуулашгүй ажиллагаа явуулан эд зүйлийг хураан авч тэмдэглэл хөтлөн уг махыг авч явсан 8 дугаар купены зорчигч П.Н гэдэг хүнээс мэдүүлэг аван Замын-Үүд дэх сум дундын прокурорын газарт харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх –ийн 34/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-26/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хх-ийн 27/, шүүгдэгч П.Н Улаанбаатар Хөх хот чиглэлийн галт тэрэгний тасалбар /хх-ийн 13/, Нийслэлийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 37/, Нийслэлийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 38/, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын шинжээчийн 15 тоот дүгнэлт / хх-ийн 39/, А ХХК-ний Үнэлгээний дүгнэлт / хх-ийн 43/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч П.Н нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгслийн хөндий зайнд нуух аргаар, зохих зөвшөөрөлгүйгээр үйлдэж, 1,035,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээ тогтоох А ХХК-ний шинжээчийн үнэлгээгээр эд мөрийн баримтаар хураагдсан 1 кг хонины ястай махыг 5000 төгрөгөөр, 1 кг үхрийн ястай махыг 7000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасан бөгөөд ГЕГ-ын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэгцээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.3-д мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг зорчигчийн хувийн хэрэгцээний эд зүйлд хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд хувь хүн малын мах Улсын хилээр гаргахыг хориглосон гэж үзнэ.
Шүүгдэгч П.Н нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч П.Н-г хязгаарлалт тогтоосон бараа буюу үхрийн 41 кг мах, хонины 152 кг мах, нийт 193 кг махыг зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан буюу үхрийн 41 кг мах, хонины 152 кг мах, нийт 193 кг мах нь Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд /хөлдөөгчинд/ хадгалагдаж байгаа бөгөөд 2020 оны 01 сарын 03, 21-ний өдрүүдэд баталгаажсан Нийслэлийн Мал эмнэлгийн лабораторийн шинжээчийн дүгнэлтээр “стандартын шаардлагад нийцсэн” гэсэн дүгнэлт гарсан тул уг махыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-д зааснаар шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокуророос 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялын саналтай ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлалт тогтоосон барааг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн П.Н-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд /хөлдөөгчинд/ хадгалагдаж байгаа хонины ястай мах 151 кг /755,000 төгрөг/, үхрийн ястай мах 40 кг /280,000 төгрөг/, нийт 1,035,000 төгрөгийн үнэлгээтэй махыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц