Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 144

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,             

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тавнан овогт А-н Ат холбогдох эрүүгийн 2009004320154 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 9-162 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн  / РД:ЦБ 83022015 / Тавнан овогт А-н А нь:

 

- 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Астра байрны 15 тоотод иргэн Г.Энхдуламыг зодож, эрүүл мэндэд нь дагз, баруун зовхи, баруун нүдний алим, баруун хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Энхдулам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө хуучин найз залуу Атай Сүхбаатар дүүргийн 8 хороо, Астра байрны 15 тоотод хамт унтаж байгаад гэрээсээ намайг өмнө нь хөөж байсан болохоор тэр тухай сөхөж ярьсан чинь уурлаад миний нүүр, толгой руу гар, хөлөөрөө цохиж, өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан. Удалгүй сэрээд бид 2 амарсан. Маргааш өглөө нь гарах гэтэл миний нүд хөхөрсөн болохоор гарч чадаагүй, орой бүрэнхий болохоор цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 4-5 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1668 дугаар дүгнэлтэнд: 

1. Г.Энхдуламын биед дагз, баруун зовхи, баруун нүдний алим, баруун хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Ахар сүүлний 1-p нугалмын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн
хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
нөлөөлөхгүй гэжээ. / хх 12 /

 

Яллагдагч А.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Астра байрны 15 тоотод хуучин найз бүсгүй болох Энхдуламын хамт би архи уусан. Энхдулам 3 шил пиво уусан. Тэгээд өмнө нь хамт амьдарч байсан амьдралаа яриад үүнээс болж маргалдсан. Тэгээд би Энхдуламын зүүн хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадаж түлхэж унагаагаад толгой нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд маргалдахаа болиод унтаж амарсан. Маргааш өдөр нь гарах гэтэл Энхдуламын нүд нь хавдсан байсан. Орой бүрэнхий болохоор гарна гэсэн. Тэгээд Энхдулам орой цагдаа руу явлаа гээд гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 21 /

 

Шүүгдэгч А.Аыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20-21 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 26 / зэрэг болно.

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа гэв.

 

Шүүгдэгч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Астра байрны 15 тоотод иргэн Г.Энхдуламыг зодож, эрүүл мэндэд нь дагз, баруун зовхи, баруун нүдний алим, баруун хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Намайг өмнө нь хөөж байсан болохоор тэр тухай сөхөж ярьсан чинь уурлаад миний нүүр, толгой руу гар, хөлөөрөө цохиж, өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Энхдуламын мэдүүлэг / хх 4-5 /, ...Г.Энхдуламын биед дагз, баруун зовхи, баруун нүдний алим, баруун хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1668 дугаар дүгнэлт / хх 12 /, ...Би Энхдуламын зүүн хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадаж түлхэж унагаагаад толгой нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч А.Аын мэдүүлэг / хх 21 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Энхдулам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 31 / гэсэн тул шүүгдэгч А.А нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч А.Аыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Тавнан овогт А-н Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 / таван зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ