| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0151/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Үенчийнхэн овогт Б-н Эд холбогдох эрүүгийн 2009000780146 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Энх-Өглөө” ХХК-д туслах ажилтан байсан, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сант 2 дугаар баг, хушаат, 12 гудамж 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МЛ 85041618 / Үенчийнхэн овогт Б-н Э нь:
- 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Зоригтбаатарыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Зоригтбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 1 цагийн үед байгууллагын жил тараад “Чонон Бөртү” төвийн хажуугийн караокед орж үйлчлүүлсэн. Тэгээд гадаа үүдэнд Жаргалсайхан гадны хүмүүстэй маргалдаж байна гэхээр нь захирал бид нар гараад салгасан. Тэгээд Жаргалсайхан ахыг тэврээд цааш явсан чинь хамтдаа шатны уруу унасан. Тэгсэн чинь Бат-Очир, Э хоёр ирээд Жаргалсайхан ах бид хоёрыг зодолдож байна гэж бодсон юм шиг байна лээ. Би босож амжаагүй байсан чинь Бат-Очир, Э хоёр хөл, гар, биеийн бүхий л хэсэгт өшиглөж энэ гэмтлийг учруулсан гэжээ. / хх 4 /
Хохирогч Б.Зоригтбаатар мөрдөн шалгалтын явцад дахин мэдүүлэхдээ: ...Этай зууралдаад газар унаад босож ирэхэд Бат-Очир хажууд зогсож байсан болохоор хамт өшиглөсөн байх гэж бодсон, миний биед учирсан гэмтлийг Э ганцаараа учруулсан. Намайг заамдаж аваад бид 2 бие биенээ харилцан цохиод зууралдахад хамт газар унасан. Унасан байхад нүүр рүү 1 удаа өшиглөж энэ гэмтлийг Э учруулсан гэжээ. / хх 5, 34 /
Гэрч Д.Батжав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гадаа гарахад Зоригтбаатар, Э 2 газар унаад зууралдаад байж байсан. Хажууд нь Бат-Очир, Жаргалсайханыг түшээд зогсож байсан гэжээ. / хх 11 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 862 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Зоригтбаатарын биед дээд зүүн 1-р шүдний эмтрэл, уруулд шарх,
баруун хацар, хүзүү, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун, зүүн бугалганд цус
хуралт, баруун, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт, зүүн чамархай хуйх, баруун
зулайн хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 15 /
Яллагдагч Б.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө манай ажлынхан шинэ жилийн арга хэмжээ тараад караоке орсон. Тэгээд тарах болоод дотроос гарч ирэхэд шатан дээр Жаргалсайхан ах, Зоригтбаатар хоёр муудалцсан бололтой байж байхаар нь би Жаргалсайхан ахыг өмөөрөөд Зоригтбаатар дээр очсон санагдаж байна. Нэг мэдсэн чинь хамт газар унасан. Тэр үедээ Зоригтбаатарыг ганц нэг цохьсон гэжээ. / хх 33 /
Шүүгдэгч Б.Эыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 32-33 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Зоригтбаатарыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ....Намайг заамдаж аваад бид 2 бие биенээ харилцан цохиод зууралдахад хамт газар унасан. Унасан байхад нүүр рүү 1 удаа өшиглөж энэ гэмтлийг Э учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Зоригтбаатарын мэдүүлэг / хх 5, 34 /, ...Гадаа гарахад Зоригтбаатар, Э 2 газар унаад зууралдаад байж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Батжавын мэдүүлэг / хх 11 / , ...Б.Зоригтбаатарын биед дээд зүүн 1-р шүдний эмтрэл, уруулд шарх,
баруун хацар, хүзүү, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун, зүүн бугалганд цус
хуралт, баруун, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт, зүүн чамархай хуйх, баруун
зулайн хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 862 дугаар дүгнэлт / хх 15 /, ...Хамт газар унасан. Тэр үедээ Зоригтбаатарыг нэг цохьсон гэж мэдүүлсэн яллагдагч Б.Энхтайвны мэдүүлэг / хх 33 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Энхтайвныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Зоригтбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 43 / гэсэн тул шүүгдэгч Б.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Эыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үенчийнхэн овогт Б-н Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ