| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0152/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Их мэргэд овогт Т-н Бод холбогдох эрүүгийн 2009001980132 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван богд фүүдс пицца” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 127 дугаар гудамж, 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УЧ 92110436 / Их мэргэд овогт Т-н Б нь:
- 2020 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Выставка” дэлгүүрийн гаднах зогсоол дээр хохирогч Б.Дагвадоржийн унаж явсан Тоёота приус-30, 7166 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийг хууль бусаар устгаж, гэмтээн 1.843.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Дагвадорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 цагийн үед дуудлагын дагуу “Выставка” дэлгүүрийн хажуугийн зогсоол дээр очиход хэдэн залуучууд бужигнаад /муудалцаад байгаа бололтой/ байж байсан. Тэгтэл 1 залуу гүйж ирээд машинд суусан чинь араас нь 2-3 залуу ирээд Б гэдэг залуу нь цонхны боралт, толь руу гараараа цохиж хагалсан. Б гэх залуу л машин сэвтүүлсэн гэжээ. / хх 4 /
Гэрч Ц.Баярдаваа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай нөхөр Ууганбаяр “Төгс сервис” ХХК-д дуудлагын жолоочоор ажилладаг. 2020 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө бид нар дуудлагын дагуу 71-66 УАЕ, Приус 30 маркийн саарал өнгийн машинтай очиход хэдэн залуучууд барьцалдаж авсан байдалтай байсан. Тэгтэл цээж нүцгэн залуу ирээд машины зөв талын цонхны хаалтыг цохиод хагалсан. Хэдэн залуучууд ирээд машин тойрч зогсоод явуулахгүй, “Хөдлөх юм бол ална шүү” гээд улаан цамцтай залуу зөв талын арын хаалга руу өшиглөөд байсан. Дээгүүрээ нүцгэн залуу машины урд зогсоод хамар дээр цохиод байсан гэжээ. / хх 7 /
Гэрч Л.Ууганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тэр өдөр “Төгс сервис” гэх дуудлагын компанид өөрийн Приус 30 маркийн саарал өнгийн 71-66 УАЕ улсын дугаартай машинаа 20 цагаас маргааш өглөөний 08 цаг хүртэл түрээслүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнийн 04 цагийн үед Дагвадорж ах над руу залгаад асуудал болоод цагдаа дээр байна гэсэн. Миний машин замын цагдаа дээр очиход тэнд байсан. Харахад зүүн талын хоёр хаалга доод хэсгээрээ цөмөрсөн, зүүн талын хагарсан, баруун хойд хаалганы борооны хаалт, зүүн хормой хагарсан байсан. Нэг залуу суугаад бусад нь машин тойрч яваад нэг нь яв гээд нөгөө нь явуулахгүй гээд машин цохиод байсан гэж Дагвадорж хэлсэн гэжээ. / хх 8 /
Гэрч У.Төгстөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө хуучин хамт ажиллаж байсан Ууганбаяр, Мөнхтулга, Б нартай уулзаад караокед суусан. Караокенаас гараад Ууганбаяр хамт ажилладаг нэг охиныг явуулахгүй байхаар нь би явуулаач гэж хэлсэн чинь чи дундуур ороод яах гээд байгаа юм гээд Ууганбаяр бид хоёр маргалдсан. Тэгээд барьцалдаж аваад ноцолдсон. Тэр хооронд Б дуудлагын жолооч дуудсан байсан. Намайг машинд суусан байхад Ууганбаяр над руу дайраад тэр машины цонхны борооны хамгаалалтыг нь гараараа цохиод хагалсан. Тэгээд урд зогсоод холдохгүй байсан тул жолооч ах зүүн тал руугаа дараад гарах гэж байгаад хашлага мөргөөд гарсан /тэгэхэд хаалга нь доогуураа эвдэрсэн/ хажуугаар нь гарахад нэг нь цонх руу цохьсон гэжээ. / хх 9 /
Гэрч О.Ууганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Б машиных нь борооны хамгаалалтыг нь гараараа цохьсон чинь хагарсан, мөн толийг нь цохьсон, хаалга руу нь 1 удаа өшиглөж байсан. Тэнд зодоон бол болоогүй. Б л тэр машинд гар хүрсэн, өшиглөсөн гэжээ. / хх 13 /
Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 15-17 /
Шүүгдэгч Т.Быг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 32-33 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 20 / зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.843.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Выставка” дэлгүүрийн гаднах зогсоол дээр хохирогч Б.Дагвадоржийн унаж явсан Тоёота приус-30, 7166 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийг хууль бусаар устгаж, гэмтээн 1.843.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг
үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...машинд суусан чинь араас нь 2-3 залуу ирээд Б гэдэг залуу нь цонхны боралт, толь руу гараараа цохиж хагалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч хохирогч Б.Дагвадоржийн мэдүүлэг / хх 4 /, ...цээж нүцгэн залуу ирээд машины зөв талын цонхны хаалтыг цохиод хагалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Баярдаваагийн мэдүүлэг / хх 7 /, ...Би тэр өдөр “Төгс сервис” гэх дуудлагын компанид өөрийн Приус 30 маркийн саарал өнгийн 71-66 УАЕ улсын дугаартай машинаа 20 цагаас маргааш өглөөний 08 цаг хүртэл түрээслүүлсэн. Машинаа харахад зүүн талын хоёр хаалга доод хэсгээрээ цөмөрсөн, зүүн талын хагарсан, баруун хойд хаалганы борооны хаалт хагарсан, зүүн хормой хагарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Ууганбаярын мэдүүлэг / хх 8 /, ...тэр машины цонхны борооны хамгаалалтыг нь гараараа цохиод хагалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч У.Төгстөрийн мэдүүлэг / хх 9 /, ...Б машиных нь борооны хамгаалалтыг нь гараараа цохьсон чинь хагарсан, мөн толийг нь цохьсон, хаалга руу нь 1 удаа өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Ууганбаярын мэдүүлэг / хх 13 /, ...Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 15-17 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Быг бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 38 / гэсэн тул шүүгдэгч Т.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Т.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их мэргэд овогт Т-н Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ